Б.Дэлгэрсайхан: Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг ирэх сарын 14-нд эхлүүлнэ

2025 оны 04 сарын 23

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. 

Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.

Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "БНХАУ болон Монгол улсын хооронд хийгдэх хил дамнасан бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж, хэлэлцлээ. Зам, тээврийн яаманд өгөгдсөн үүргийн дагуу гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж байна. ЗТЯ хувьд  хил дамнасан гүүр байгуулах ажлыг хийж байна. Энэ гэрээ зурагдсны дараа урд хөрштэйгээ ярьсны дагуу Таван толгой ажлын хэсэг гараад ажиллана. Төлөвлөгөөний дагуу "Чайна Энержи" болон БНХАУ-д суугаа элчин сайдын яам, хөгжлийн хороо хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ. Хоёр талынхан өөр өөрийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтаа хийж эхэлнэ.

Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг ирэх сарын 14-нд эхлүүлнэ

Монголд буюу өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалтын хувьд энэ сарын 1-ний өдөр олон улсын тендер зарласан байна. Тус тендерт хоёр компани оролцохоор саналаа ирүүлсэн.Барилгын материал явуулах, төмөр замын хаалттай бүс нээх, явуулын гааль ажиллуулах гэх мэт хэрэгтэй бүх зүйлсийг бэлтгэж байна. Бид богинохон хугацаанд нээлтийг хийж байгаа. Учир нь бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Нэг жил есөн сарын хугацаанд хийгдэнэ гэж тендерийн материалууд ирсэн ч бид үүнээс богино хугацаанд хийхээр хэлцэл хийнэ. Цаашид бид аль болох ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангаж хоёр талын нөхцлийг хангасны үндсэн дээр хугацааг богиносгох асуудал дээр ажиллаж байгааг хэлье. Төмөр замыг холбох явцад Хятадын талд гурван гэрээ батлагдсаны дараа "Чайна Энержи" компани энэ жил 5 сая тонн нүүрс, дараа жил 5 сая тонн нүүрс зэрэг төмөр зам ашиглалтад орох хугацааны нүүрсийг зөвхөн төмөр замаар оруулах, тээвэрлэх асуудал дээр гэрээндээ тусгаж Хятадын талтай тохиролцсон" гэв.

 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu