Профессор Анита Лейтоны удирдлага дор Ватерлоогийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар кали ихээр агуулдаг гадил, чихэрлэг төмс, чангаанз, брокколи зэрэг жимс, ногоо нь артерын даралтыг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг харуулжээ. Эрдэмтэд натри, калийн харилцан үйлчлэлийн математик загварчлалыг ашиглан энэ нь цусны даралтад хэрхэн нөлөөлөхийг судалсан байна.
Давсанд агуулагддаг натри нь организм дахь шингэнийг барьдаг учраас судсаар гүйх цусны хэмжээг ихэсгэж, зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг. Кали үүний эсрэгээр зүрхний үйл ажиллагааг дэмжиж, судсыг тайвшруулан натрийн илүүдлийг бөөрөөр дамжуулан ялгаруулахад нөлөөлдөг. Ингэснээр даралтыг бууруулахад тусалдаг. Дээхнэ үед хоол ундны зүйлс калиар баялаг, натри багатай байсан бол орчин үед эсрэгээрээ натри ихтэй, кали багатай хүнс давуу хэрэглэх болсноор зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэх эмгэг түгээмэл илрэх болжээ.
Канадын эрдэмтдийн дээрх судалгаа нь цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүсийн хоолны дэглэмд илүү шинжлэх ухаанчаар хандах боломж олгож байгаа юм. Даралт ихтэй хүмүүст давс дангаар нь хорих бус, харин хэмжээг нь тохируулаад калиар баялаг хүнс илүү хэрэглэхийг зөвлөж байгаа ажээ. Калиар баялаг хүнсний тоонд гадил, чангаанз, брокколи, чихэрлэг төмс, авокадо жимс, шар буурцаг, үзэм, йогурт зэрэг багтдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )