Он гарсаар ашигт малтмалын үнэ Монголчуудын хувьд гэрэлтэй байна. Зэсийн ханш оны өмнөхөн 9700 ам.долларт хүрч, цаашид ч өснө гэх таамаг үг шинжээчдийн амнаас цухуйж байв. Таамаг ч биеллээ олж, өнгөрсөн хоёрдугаар сард тонн зэсийн ханш түүхэн дээд амжилт тогтоож, 10147 ам.долларт хүрсэн.
Харин өчигдрийн байдлаар Лондонгийн металлын биржид тонн зэсийн ханш 9889 ам.доллар байв. Зэсийн үнэ гуравдугаар сарын эхэнд 9910 ам.доллар байжээ. Хоёрдугаар сарын дунд үед хүрсэн дээд амжилтаас хойш зэсийн үнэ бага зэрэг буурсан байна. Гэхдээ нэг их санаа зоволтгүй. Зэсийн ханш ямар ч байсан 9000 ам.доллараас буухгүй хэмээн олон улсын шинжээчид итгэлтэйгээр хэлж байгаа. Харин манай улс энэ оны төсөвтөө зэсийн үнийг дунджаар 8425 ам.доллар байхаар тооцсон. Хэрэв судлаачдын таамаг биелвэл монголчууд энэ онд зэсийн үнэ унах вий гэж санаа зоволтгүй нь.
Ашигт малтмалын үнэ өндөрт хөөрч байгаад гэнэт унасан гашуун түүхийг бид мэднэ. Тодорхой хэлбэл, 2008 онд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 8910 ам.долларт хүрч, тухайн үедээ л дээд амжилт тогтоож байсан. Үр дүнд нь улсын эдийн засаг ч анх удаагаа хоёр оронтой тоогоор өсч, төр засгийн эрхмүүд баяр хөөр болж байсан билээ. Гэвч дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, 2009 он гарсаар хэдхэн сарын дотор зэсийн үнэ 3300 ам.доллар болсон. Энэ оны хувьд хямралын түүх давтагдах вий хэмээн айх хэрэггүй гэнэ.
Учир нь дэлхийн эдийн засаг эргэлт буцалтгүйгээр сэргэж байна. Тиймээс ашигт малтмалын үнэ цаашид ч өсөх нь гарцаагүй гэж шинжээчид хэлж байгаа. Эдийн засгийн сэргэлт алтны үнэд ч мөн адил эерэгээр нөлөөлж байна. Он гарсаар шар металлын үнэ 1400 ам.долларт хэлбэлзэж буй. Өчигдрийн байдлаар нэг унци шар металлын ханш блүүмбэргийн мэдээлснээр 1428 ам.доллар байна. Яг нэг сарын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд унци алт 1344 ам.доллар байжээ. Эдийн засгийн хямрал харьцангуй илааршиж байсан үе буюу 2009 оны наймдугаар сард алтны ханш дээд амжилтаа тогтоож байв.
Тухайн үед 1260 ам.доллараар нэг унци алт үнэлэгдэж байсан. Тэр үеийн дээд амжилтыг өнөөгийнхтэй харьцуулахад жижигхэн харагдаж байгаа биз. Өсөлт зөвхөн алт, зэсэн дээр ажиглагдсангүй. Цэвэр мөнгөний ханш өнгөрсөн Сард сүүлийн 30 жилд байгаагүй дээд амжилтаа тогтоосон. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ ч мөн адил тогтмол өссөөр байна. Ердөө нэг сарын өмнө баррель нь 98 ам.доллар байсан газрын тос өчигдрийн байдлаар 115 ам.долларт хүрчээ. Гэхдээ нефтийн үнэ хэт өсөх нь манай улсад тийм ч ашигтай биш. Саяхнаас дизель түлшний үнэ нэмэгдээд байгаа билээ.
Ямар ч байсан энэ оны хувьд газрын хэвлийн эрдэс баялагууд дэлхийн зах зээл дээр өртөг өндөр байх нь. Тэр хэрээр Монголчуудын ирээдүй гэрэлтэй байна гэж ойлгоход болно. Гэхдээ ашигт малтмалын үнэ өсдөг шигээ унадаг. Зэсийн үнийн огцом хэлбэлзлээс болж, улсын эдийн засаг хэрхэн хохирч үлдсэнийг 2009 оны жишээ тодхон харуулж буй билээ. Засгийн газар зэсийн үнийг өндөр байхаар тооцож, төсвөө батлаад байсан ч, хямралын нөлөөгөөр гурван ч удаагийн тодотгол хийж байсан. Тэгээд оны эцэст буюу 2009-2010 онд улсын эдийн засаг 1.6 хувиар буурсан билээ. Энэ он гарсаар ажиглагдаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт баттай хэмээн шинжээчид хэлж байгаа ч болгоомжлоход илүүдэхгүй л болов уу.
Хуучин шиг илүү гарсан орлогоо хамж, шимээд үрэн таран хийлгүйгээр, хуримтлал үүсгэх хэрэгтэй гэсэн үг. Энэ талаар бага ч гэсэн алхам хийгдэж эхэлснийг сайшаах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу энэ онд алт зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын экспортын орлогоос тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолжээ. Ирээдүй энэ янзаар гэрэлтэй байвал хуримтлалын санд төвлөрөх хөрөнгийн хэмжээ улам нэмэгдэж, улсын эдийн засаг тогтвортойгоор өсөх нь дамжиггүй биз ээ.
Л.Энхдэлгэр
Сэтгэгдэл ( 0 )