Нуруу нугасны өвчнөөр шаналж байсан монгол эмэгтэй эрүүл болоод эх орондоо иржээ

Админ | Zindaa.mn
2025 оны 10 сарын 09

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүргээс нурууны дискний ивэрхийтэй монгол эмэгтэйд үнэ төлбөргүй мэс засал хийж эрүүл мэнд бэлэглэжээ.  

“Мөрөөдөл бүрддэг хот, ирээдүйг бүтээдэг Ганнам дүүрэг” (дүүргийн захирагч Жу Сонмён) нь эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй гадаадын иргэдэд туслах зорилгоор “Медикал Ганнам - Эрүүл амьдрал бэлэглэе төсөл”-ийг хэрэгжүүлдэг байна. Төслийн хүрээнд таван жилийн турш нурууны диск, үений нарийсал өвчнөөр шаналж байгаа Жамбын Цэвэлмаа (60 настай) гэх эмчилгээ хийлгэх санхүүгийн боломжгүй монгол эмэгтэйг сонгож үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.

Ж.Цэвэлмаа 2015 онд тархины харвалтаас болж нөхрөө алдсаны дараа ганцаараа гэр бүлээ тэжээж, их сургуулийн оюутан хүүгийн хамт амьдарч байв. Иймд Ганнам дүүргээс түүний онгоцны тийз болон байрлах зардлыг хариуцаж, тус дүүрэгт байрлах “Чондам Үридил” эмнэлэгийн (Мэдрэлийн мэс заслын тасгийн дарга Ким Шинжэ) мэс заслын баг нурууны холбоос сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн байна. Мөн хагалгааны дараа гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэн сэргээн засах эмчилгээ хийлгэн хэдхэн хоногийн өмнө эх орондоо иржээ.

Ж.Цэвэлмааг эмчүүлж байх хугацаанд БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд С.Сүхболд эргэж очсон бөгөөд Ганнам дүүргийн удирдлагуудад хандаж “Эрүүл амьдрал бэлэглэе хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн эмчилгээ шаардлагатай орлого багатай иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээний тусламж үзүүлж байгаад гүн талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Ганнам дүүргийн “Эрүүл амьдрал бэлэглэе” төслийн холбогдох албаны хүмүүс 2025.09.25-ны өдөр Ж.Цэвэлмаагийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг дэх гэрт зочлон түүний биеийн байдлыг асууж, дурсгалын зүйлс гардуулжээ. Тэрбээр нуруу маш сайхан болсон биеийн байдал сайжирсан хэмээгээд “Ганнам дүүргийн захиргаанд талархаж буйгаа дамжуулна уу” гэж хүссэн юм.

“Эрүүл амьдрал бэлэглэе” төсөл нь энгийн оношлогоо, эмчилгээний дэмжлэгээс давж, Солонгосын дэвшилтэт анагаах ухааны технологи болон Ганнам дүүргийн дэлхийд чиглэсэн хандивын үнэт зүйлсийг олон нийтэд таниулах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Тиймээс Ганнам дүүрэг өвчтөний эмчилгээний бүх үйл явцыг баримтат кино хэлбэрээр бэлтгэн энэ аравдугаар сарын дундуур Монголын үндэсний телевизээр цацаж, энэхүү өндөр түвшний анагаахын үйлчилгээ болон олон улсын хамтын ажиллагааны амжилтыг олон нийтэд таниулахаар төлөвлөсөн байна.

Ганнам дүүрэг нь 2018 оноос эхлэн “Эрүүл амьдрал бэлэглэе” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа гадаад иргэдэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Төслийн хүрээнд 2018 онд Индонез Улсын уруул, тагнайн гажигтай өвчтөн, 2019 онд Тайланд Улсын нүүрний гажилттай өвчтөн, 2022 онд Вьетнам Улсын уруул, тагнайн гажигтай өвчтөн, 2023 онд Монгол Улсын чихний гажигтай өвчтөн, 2024 онд Казахстан Улсын хоолойн папилломатай өвчтөнүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, тэдэнд шинэ амьдрал ба итгэл найдвар бэлэглээд байгаа юм.

Дашрамд дурдахад, БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалын зорилгоор зорчдог монгол иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд нийт 24,000 орчим хүн БНСУ-д эмчлүүлснээс 5,600 гаруй нь Ганнам дүүргийн эмнэлгүүдэд үйлчлүүлсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top