СУДАЛГАА | Сүүлийн 20 жилд хүүхдүүдэд цусны даралт ихсэх өвчлөл нэмэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

Дэлхийн даяар сүүлийн 20 жилд бага насны хүүхдүүдийн дунд цусны даралт ихсэх өвчлөл нэмэгдсэн тухай Lancet судалгааны сэтгүүлд нийтэлжээ. Тухайлбал БНХАУ-ын Жежянь Анагаахын сургуулийн эрдэмтэн Пейже Сонг хэлэхдээ “2000 онд хөвгүүдийн 3.4%, охидын 3%-д цусны даралтын шинж тэмдэг илэрдэг байсан бол 2020 онд 2-3 хувиар нэмэгдсэн” гэсэн байна. Энэ нь АНУ болон европын түвшинд ч адил байгаа аж.

Бага насны хүүхдүүдийн дунд цусны даралт ихсэх өвчлөл их байгаа нь хэд, хэдэн суурь шалтгаантай. Тухайлбал таргалалт, инсулины эсэргүүцэл, хэт боловсруулсан хоол хүнс, түргэн хоол, дэлгэцийн хамаарал, хөдөлгөөний дутагдал суурь шалтгаан болж байна.

Хөгжингүй орнуудад ихэвчлэн дээр дурдсан хүчин зүйл, амьдралын буруу хэвшил нөлөөлдөг бол хөгжиж буй дундаж орлоготой манайх шиг улсад нийгмийн суурь орчин, ядуурал, агаарын бохирдол нөлөөлдөг гэж судалгаанд дурджээ. “Амьдралын хэвшлийг нь өөрчилж хөдөлгөөнтэй болгох хэрэгтэй. Үзлэг оношилгоонд байнгах хамруулж, цэвэр агаарт гарах нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлнэ” гэж Массачусетсийн хүүхдийн хоол зүйн эмч Жилл Кастл ярьжээ.

Цусны даралт ихсэх өвчин нь зүрх судасны системийн өвчлөлийн суурь шалтгаан болдог бөгөөд шинж тэмдэг хүндрэхээс нь өмнө шийдвэрлэх ёстой байдаг аж. АНУ-д зүрх судасны өвчлөл нас баралтын шалтгааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 2025 онд зүрх судасны өвчлөл нас баралтын шалтгааныг тэргүүлж байгаа юм. Монгол Улсын хувьд ч зүрх судасны системийн өвчлөл нас баралтын шалтгааныг тэргүүлж байна.


Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top