Сангийн СААД-1

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

“Макро эдийн засаг тогтвортой байна”. “Титэм үг”, элдэв афоризм биш шүү. Энэ бол Сангийн сайд Б.Жавхлангийн амнаас унасан үг. Төсөв тэлээд байгааг, алдагдалтай гараад байгааг, инфляц унаад байгааг, төгрөгийн худалдан авах ханш сулраад байгааг тэр ийнхүү энэ таван үгээрээ гөрдсөн юм. Гөрдөөд хэн хожих вэ гэж үү, бид л лав биш. 

Аливаа улсад сангийн бодлого гэж нэг юм бий. Сангийн бодлого нь төсвийн орлого, зарлагаар дамжуулан эдийн засгийн тогтвортой өсөлт, ажилгүйдэл, инфляцийн түвшинд нөлөөлөх зорилгоор Засгийн газрын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох нэг хэлбэр юм.

Нуршсан онолын тодорхойлолтоо хойш нь тавья.

Одоо гол асуудал. Сангийн бодлого нь зөвхөн тухайн жилийн улсын төсвийг батлахаар хязгаарлагдахгүй. Төсвийн алдагдлыг бууруулах, улсыг өрийн удирдлагаар хангах, татварын бодлого тодорхойлох зэргээр өргөн хүрээнд сэтгэж төлөвлөдөг юм. Сангийн сайд гэдэг төсвийн хүрээн дотроо савдаг лугаа адил суухын нэр биш. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулж, инфляцийг тогтворжуулаад, ядуурлыг бууруулж, нийт эрэлтийг зохицуулах үүрэгтэй этгээд юм. Ерөнхий зургаараа бол татварын шинэтгэлийг хажиглаад, шүүмжлэлийг эрс эсэргүүцээд, Сангийн бодлогоор саачихаад хөмсөг зангидаад суухыг хэлэхгүй байгаа биз.

Сангийн бүх бодлогыг энд нуршвал дуусахгүй их юм болно. Ердөө хоёр л тоог тогтож харж, тойрч ярилцая. Төсвийн урсгал зардал 2026 онд түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Үнийн дүн нь 32.98 их наяд төгрөг. Ирэх оны төсөвт урсгал зардал ийнхүү нэмэгдсэн нь багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, ахмад настны тэтгэвэр нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг нэмэгдүүлж тооцсонтой холбоотой. Төсвийн урсгал зардал 2020 онд 10.8 их наяд төгрөг байлаа. Үүнээс хойш тогтмол хоёр иих наядаар нэмэгдэж байгаад, 2023 онд 17 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг нь олон улсын санхүүгийн байгууллагууд ч огцом шүүмжилсээр байлаа. Гэвч 2024 оны төсвийн урсгал зардал 22.2 их наяд төгрөгт хүрч, улмаар 2025 оны урсгал зардал 29.6 их наяд төгрөгт хүрч тухайн үедээ л дээд амжилт тогтоож байлаа.

Урсгал зардал ийнхүү тогтмол өссөөр байгаа нь инфляцийн өсөлт, нийгмийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой. Сануулахад сүүлийн үед орон сууцжуулах, цэцэрлэгжүүлэх, дунд сургуулийн хүрэлцээг нэмэх зорилгоор байшин барилгын зардал нэмэгдсэн. Үүнийгээ дагаад багшлах боловсон хүчний ч суурь хэрэгцээ гарсан. Энэхүү суурь хэрэгцээгээ дагаад одоо байгаа багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхээр болж 2026 оны төсөвт нэмэгдүүлэхээр тусгаад байна. Цаашид өндөр ур чадвартай багшлах боловсон хүчний шаардлага гарах бөгөөд 2027-2028 онд үүнээс ч нэмэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм.

Дараагийнх нь татвар. Б.Жавхлангийн өнгөн дээр биднээс саадаг татварын тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Монголчууд бид 30 төрлийн татвар, хураамж төлдөг. Үүний хоёр нь Б.Жавхлангийн өнгөн дээр нэмэгдсэн гээд бод. Хэдүүлээ тоолъё. Нэмүү өртгийн татварт 10 хувь, Хүн амын орлогын албан татварт 11 хувь, НДШ-ийн 13 хувь, цалингаас гадуур олсон орлогоо өөрөө мэдээлээд 50 сая хүртэлх болон түүнээс дээш мөнгөн дүнгийн нэг хувь. Дээр дурдсан 30 төрлийн татварыг оруулаад тооцвол энгийн иргэн Дорж авдаг хэдээ төрд өгөөд гар дээрээ цэвэр нулимс, сэтгэл хоёртойгоо л үлдэхээр байна. 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулган дээр Б.Жавхлан хөмсөг зангидаж байгаад “Нэг удаагийн сонгууль харж татвараа нэмээд, татвараа буулгаад татвар төлөгчдийн боломжийг хараад буулгаад ийм тогтворгүй байдал үүсгэж хэрхэвч болохгүй” гэж муухай аашилж байв даа.

Татвар нэрээр саачихлаа. Саасан татвараар төсөв тэлчихлээ. Тэлсэн төсвөө сайхан байшин болгоод босгочихлоо. Босгосон барилгадаа намын уулзалтаа хийчихлээ. Одоо яах вэ. МАН гэдэг намаар Б.Жавхлан сайхан крандуулна. Крандуулсаар ч сайд болсон юм. Даанч саад болж байгаагаа ойлгохгүй байгаа юм даа...

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top