Эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хамтын төслүүдийг эрчимжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав. Уулзалтаар байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийн талаар харилцан санал солилцов. Энэ хүрээнд хоёр улсын төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй хамтарсан уулзалтыг ирэх оны эхэн үед Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцлаа.

Мөн Замын-Үүд–Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хил дамнасан бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбогдуулан хилийн цэгийг тогтоох, бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын туршлагаас судлах, онцгой нөхцөлд ашиглах шатахуун болон хүнсний нөөцийн агуулах байгуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Х.Ганхуяг илэрхийллээ.

Элчин сайд Шэнь Миньжуань хоёр улсын Засгийн газрын түвшинд баталгаажсан төслүүдийг гэрээний дагуу хэвийн үргэлжлүүлэх нь нэн чухал бөгөөд энэ нь цаашид хэрэгжүүлэх олон талт төслүүдэд эерэг үр нөлөө үзүүлэхийг онцлов. Тэрээр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top