
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн саяхан өгсөн ярилцлагадаа:
Монгол Улсын 21 аймаг, бүх суманд яаралтай, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болох нь ЭМЯ-ны гол бодлогын нэг. “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төсөл бол иргэн хаана амьдарч буйгаас үл хамааран харвалт, гэмтэл, осол, эрчимт эмчилгээний тусламж авч чаддаг, ийм тогтолцоог бүрдүүлэх зорилготой эхэлсэн төсөл. Монгол Улс зээлжих зэрэглэл сайжирч, Азийн хөгжлийн банкнаас хамгийн сүүлийн удаа нэн хөнгөлөлттэй зээл авах боломж гарч ирснийг ашигласны үр дүнд энэ төсөл хөдөлсөн. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногт багтаж хийсэн Эрүүл мэндийн яамны хамгийн том төсөл. Зээлийн хэлэлцээрийг Засгийн газар баталгаажуулж, УИХ соёрхон баталсан.
Монгол Улс жилд 18 мянган иргэнээ алддаг. Гуравны нэг нь буюу 6000 амь насыг аварч болох өвчин, осол гэмтлээр алддаг. Энэ бол асар их тоо. Түргэн тусламж иргэндээ түргэн хүрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж чадвал 6000 амь насыг аврах боломжтой. Эдгээр хүмүүс гол төлөв харвалт, шигдээс, зүрх судасны өвчин, осол гэмтэл авсан хүмүүс. Энэ төсөл 21 аймагт зэрэг хэрэгжиж эхлэх үед яаралтай, амь тэнссэн үеийн тусламж авах шаардлагатай хүнийг сумаас аймгийн төв рүү, аймгийн төвөөс Улаанбаатар руу зөөдөг тогтолцоо үгүй болох юм.
Мөн эрчимт эмчилгээний орны тоо нэмэгдэнэ. Энэ бол ялангуяа хүүхдийн нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой. Монгол Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 130-140 ор байдаг. Манайх арван мянган хүнд ногддог орны тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тэр ор нь чанартай юу гэхээр үгүй. Бидэнд үнэндээ амь нас авардаг ор хамгийн чухал болохоос амарч, сувилуулдаг ор чухал биш. Сая ханиад томуу, улаан бурхнаар олон хүүхэд өвдөж хүндэрлээ. Хүүхдүүдэд эрчимт эмчилгээний тусламж үзүүлж байж амь насыг нь аварсан. 2025-2026 оны өвлийн томуу, томуу төст өвчний халдвар одоо ч үргэлжилж байгаа. Бид энэ үеэр нэг ч хүүхдийг эмнэлгийн коридорт хэвтүүлсэнгүй. Вакцинжуулалтаа маш сайн хийсэн. Иргэд маань ч вакцинд маш хариуцлагатай 99 хувь хамрагдсан. Эндээс эрчимт эмчилгээний ор яагаад чухал вэ гэдгийг харж болох байх гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )