Голомт банк FinDev Canada-тай 50 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгууллаа

56 минутын өмнө

 

Голомт банк Канадын хөгжлийн санхүүгийн байгууллага болох “FinDev Canada”-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, энэ сарын 16-ны өдөр Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны 2026 оны “Жилийн уулзалт”-ийн үеэр 50 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг үзэглэлээ. Энэхүү хэлцэл нь FinDev Canada байгууллагаас Монгол Улсад бие даан санхүүжүүлж буй анхны төсөл болж буйгаараа онцлогтой.

 

 

Тус санхүүжилтийн 70 хувь нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулагдана. Үлдсэн 30 хувийг ногоон зээл хэлбэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргэж, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, тогтвортой усны нөөцийн менежментийг дэмжих, нөөцийн үр ашигтай үйлдвэрлэл болон байгальд ээлтэй бизнес шийдлүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм.

Ийнхүү Голомт банк олон улсын санхүүжилт татсан нь банкны санхүүгийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээс гадна Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтууд болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчин, нийгэмд хэмжигдэхүйц эерэг үр нөлөөг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой. 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр Голомт банкны нийт зээлийн багцын 28 хувийг жижиг, дунд бизнесийг дэмжих зээл эзэлж, өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад тогтвортойгоор өссөн үзүүлэлттэй байна.

 

“Бид энэхүү санхүүжилтээр дамжуулан FinDev Canada байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Голомт банк жижиг, дунд бизнесүүд, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин ажилласаар ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь бидний уг дэмжлэгийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, түүнчлэн усны нөөц, экосистемийг хамгаалах, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй төслүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Эдгээр нь Голомт банкны тогтвортой санхүүжилтийн стратегийн тэргүүлэх зорилтууд, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой нягт уялдаж буйг хэлэхэд таатай байна.” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцоллоо.

“Монгол Улс бол Ази, Номхон далайн бүс нутгийн эрчимтэй хөгжиж буй зах зээлүүдийн нэг бөгөөд бид тус улсын тогтвортой хөгжлийг дэмжих урт хугацааны түншлэлээ улам өргөжүүлж байгаадаа баяртай байна. Голомт банк нь гадаад худалдаа, байгууллага болон жижиг, дунд бизнесийн сегментүүдэд томоохон байр суурь эзэлдэг төдийгүй тогтвортой санхүүжилт болон тэгш, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд тууштай ажиллаж ирсэн.

Энэхүү хамтын ажиллагаагаараа дамжуулан уур амьсгал, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.” хэмээн FinDev Canada-ын Гүйцэтгэх захирал хатагтай Лори Кэрр хэллээ.

 

 

FinDev Canada байгууллагын тухай

Канадын хөгжлийн санхүүгийн байгууллага болох FinDev Canada нь хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшлээр дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилготой. Бизнесүүдийн өсөлт, санхүүгийн хүртээмж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа болон жендэрийн тэгш байдлыг дэмжихэд өрийн болон өмчийн санхүүжилт, холимог санхүүжилт, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.findevcanada.ca

Дэлхийн жишиг Монголын банк

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top