Найр наадамд умбасан Монголчууд сүүлийн өдрүүдэд гадаадын зочдын хөлд дарагдлаа. Айлчлалын салхийг хагалж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак манай оронд ирэв. Түүний айлчлалын гол зорилго нь уул уурхайн салбарт чиглэнэ гэсэн хэвлэлийнхэний таамаг талаар болсонгүй. Ли Мён Бак үүнийг нотлов. Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хоёр орны Эрүүл мэндийн сайд нарын гарын үсэг зурсан санамж бичиг нэн ач тустай зүйл болсон бөгөөд үүний дараа Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан явдал бол Солонгосын талын дээрх сонирхлыг бататгасан хэрэг байлаа. Манай Эрдэс баялаг эрчим хүчний яам, Солонгос улсын Мэдлэгийн эдийн засгийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эрдэс баялаг эрчим хүчний салбарын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ салбарт ажиллах аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах юм байна. Үүнтэй холбогдуулан хамтын ажиллагааны хороо байгуулахаар болжээ. Мөн “Ногоон хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын оролцоог чухалчихсан байна. Энэ хүрээнд Солонгос улс Австрали, Дани, Швейцарь улсын оролцоотойгоор “Ногоон хөгжлийн хүрээлэн” байгуулж байгаа ажээ. Ирэх 10 дугаар сард Улаанбаатарт усны асуудлаар “Ази, Европын уулзалт” байгууллагын гишүүн орнуудын хурал болох юм байна. Ли Мён Бак үүнд Монголын талын анхаарлыг хандуулав. Мөн Солонгос улсад болох цөлжилтийн эсрэг олон улсын хуралд Монголын тал идэвхтэй оролцохоор боллоо.
Манай улсын эдийн засаг, хүний хөгжлийг дэмжих зорилгоор БНСУ-аас 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгоно гэдгээ Солонгосын тал илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү зээлийг оношлогоо эмчилгээний төв байгуулахад зориулна хэмээн онцолжээ. Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын дэлхийн хамтын нийгэмлэгийг тэргүүлэхээр болсоны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн шинэ санаачлага гаргасан нь “Ардчиллын төлөө Азийн орнуудын түншлэлийн санаачлага” байв. Үүний хүрээнд Азийн орнуудтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр нэлээд зүйл хийхээр төлөвлөсөн байна.
Солонгост манай 30-аад мянган иргэн ажиллаж амьдарч байгаа. Энэ талаар ч яриа хөөрөө өрнөсөн юм. Манайхны хүсэн хүлээсэн нэг зүйл бол хоёр орны хооронд чөлөөтэй зорчих визийн асуудал байлаа. Үүнийг хоёр Ерөнхийлөгч нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн байна. Виз олгох журмыг өөрчлөх нь зүйтэй гэж хоёр тал харилцан ойлголцжээ. Манай улс 1991 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш Монголоос олон хүн тус улсад очиж ажиллаж, амьдарч байгаа нь харилцааны бас нэг онцлог юм. Тиймээс ч визийн асуудалд хүн бүр санаа чилээж байсан болов уу. Агаарын тээврийн давтамжийг ч сайжруулахаар боллоо. Ингэснээр МИАТ-ын зуны нэмэлт нислэгийг Солонгосын тал хасчихсан гэх гомдол маргаан эцэслэн шийдэгдэх бололтой.
Монгол улс Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын тулд хоёр улсын албан ёсны яриа хэлэлцээрийг эхлүүлсэнд талархалтай байгаагаа Ц.Элбэгдорж хэлж байв. Үүний зэрэгцээ тэрбээр уран баяжуулах явдалд сэтгэл эмзэглэж явдгаа харуулж, бүс нутгийн энх тайван, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх байр сууриа дахин нотолсон байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакын эх орондоо тааламжтай цагтаа айлчлахыг урьсан урилгыг баяртайгаар хүлээн авч байгаагаа бас хэлжээ. Ингэж Сөүл хотын дарга байхдаа Монголд айлчилж байсан БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак манай оронд бүтэн хоёр өдөр хагас саатахдаа албан ёсны хэлэлцээрийг амжилттай хийж, бизнес эрхлэгчдийн уулзалтаар хамтын ажиллагааны итгэлцэл, шинэ санаа, шийдлийг хоёр талд тод томруун үлдээгээд буцлаа.
Авлига бол бидний гол дайсан
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдены Азийн орнуудаар хийсэн айлчлал Монголыг дамжин өнгөрсөн нь хүндэт гийчдийн “хур”-ыг улам нэмлээ хэмээн бэлэгшээх хүн ч байв. Америкийн дэд ерөнхийлөгч харин манайд зургаахан цаг саатан морилсон юм. Түүнийг цөмийн хаягдал Монголд булшлуулахыг эсэргүүцэгчид “Гэртээ харь” гэсэн лоозон бүхий жагсаал цуглаанаар угтав. Үүнд нь ардчилал өндөр хөгжсөн их гүрний төрийн жолоо атгалцаж буй хүний хувьд Жозеф Байден эмзэглэсэнгүй. Тус улсаас Монголд суугаа Элчин сайдаараа дамжуулан “Монголд цөмийн хаягдал булшлах тухай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгдээгүй” гэсэн хариу өгсөн юм. Гэвч иргэний байгууллагууд хардаж сэрдсэн хэвээрээ үлдлээ. Хардах эрх хэнд ч байж л байдаг хойно доо.
Америкийн 47 дахь дэд ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь 67 жилийн дараа болж буй ажээ. Америкаас ийм албан тушаалтан манай оронд ирэлгүй их удсан юм байна. Жозеф Байден онцгой үүргийн онгоц хөлөглөж, тусгай бие бүрэлдэхүүнээр хамгаалуулан ирсэн юм. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үеэрээ Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн чин сэтгэлийн мэндчилгээг дамжууллаа. Мөн уулзалтынхаа эхэнд Ц.Элбэгдоржийн Америкт хийсэн айлчиллыг “Түүхэн айлчлал болсон” хэмээн онцолж, “Та айлчиллынхаа үеэр Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлж, Вольте Рийдийн цэргийн эмнэлэгт очиж, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, шархадсан цэргүүдийг эргэсэн нь сэтгэл их хөдөлгөсөн. Таны энэ сэтгэл Америкийн ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл юм. Таньд талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ. Мөн тэрбээр ардчилал, зах зээлийн нийгэмд зэрэг шилжсэн манай шилжилтийн үеийг “Гайхалтай. Монгол улс ардчиллын үлгэр жишээ болж байна” хэмээн үнэлэв. Түүнчлэн Ц.Элбэгдоржийг зөвхөн монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд ардчиллыг бэхжүүлэх талаар үр дүнтэй ажиллаж байгааг сайшаалаа. Мөн авлигын эсрэг тэмцэх талаар ч санал бодлоо хэлсэн юм. Тэр “Авлига бол бидний гол дайсан” хэмээн онцолсон нь санаандгүй хэрэг биш болов уу.
Уулзалтын үеэр хоёр улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм. Манай талаас Мянганы сорилтын сангаас үзүүлэх тусламжийн хоёр дахь сонгон шалгаруулалтанд оролцох, Америкийн тэтгэлгээр тус улсад суралцах монгол оюутны тоог нэмэх хүсэлтээ илэрхийсэн байна. Мөн олон улсын асуудлаар санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаар ярилцжээ. Ж.Байден “Монголын улс төрийн шинэчлэлт өөрчлөлтийг бусад гурав дахь түншүүдийн адил дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийлэв. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах талаар хоёр орон үргэлжлүүлэн ажиллахаар тохирсон байна. Манай улсын агаарын тээврийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай болон хоёр орны агаарын шууд нислэг хийх боломжийг хөндөн ярилцжээ.
Хятадад айлчлаад ийнхүү богино хугацаатай Монголд ирсэн ноён Ж.Байден Монгол зан заншилтай танилцаж, бэрсэг наадам үзэж сонирхсон бөгөөд түүний ач охин нь тэмээ, ботогоны дэргэд зургаа татуулаад баяртай нь аргагүй буцлаа. Ж.Байден Монголоос Японыг зорин ниссэн юм. Түүний энэхүү Азийн орнуудаар хийсэн аялал нь Хятад, Монгол, Япон гэсэн дарааллаар үргэлжилсэн бөгөөд цөмийн хаягдал булшлах тухай яриа хүчтэй өрнөсөн цаг үетэй давхацсан тул иргэний байгууллагууд, иргэд маань “Энэ ч юу л бол. Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийж, цөмийн хаягдлыг манайд булах талаар тохиролцсон юм биш биз” гэсэн хардлагыг төрүүлээд авчээ. Түүгээр зогсохгүй Монголын газрын доорхи баялгийг ашиглахын төлөө их гүрнүүд уралдаж эхэллээ гэх дүгнэлтийг цөөнгүй хүмүүс хийгээд амжив бололтой. Америкчууд Таван толгойг ашиглахад оролцоно. Солонгосчууд мөн адил. Цаашлаад Монголын ховор метал ч бас америкчуудын шохоорхолыг төрүүлж байгаа. Гэхдээ энэ бүхнийг эрх баригчид маань ухаалгаар шийдэх биз ээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )