МҮХАҮТ Монгол банкны мөнгөний бодлогын талаар мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

Мэдэгдэл

Монгол  Банкны мөнгөний  бодлогыг өөрчилцгөөе

Монгол Банкнаас уламжлалт арга хэмжээ болох бодлогын хүүгээ өсгөж, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг  нэмэгдүүлэх шийдвэр  гаргасан нь үнэхээр тэдний үзэж  байгаачлан “эдийн засгийн халалтыг  сааруулж санхүүгийн салбарын найдвартай байдлыг  бэхжүүлж”  чадах уу гэдэгт  бизнесийнхэн  өмнөх жилүүдийн адил итгэхгүй байна.  Ялангуяа банкны зээлээс хамааралтай байдаг  жижиг, дунд бизнесийнхэн  зээлийн орчинг  хатууруулах  ийм ээлжит арга хэмжээнд  дургүйцлээ  илэрхийлж  байна.


Ер нь үнэхээр эдийн засаг “халаад”  байгаа юм уу? Халалтын ямар шинж тэмдгүүд гараад байна гэдэгт юуны өмнө тодорхой хариулах хэрэгтэй болов уу.

Эдийн засгийн онолоор бол зах зээл дэхь мөнгөний нийлүүлэлт  нэмэгдэх  үзэгдлийг  эдийн засгийн халалт  гэдэг.  Халалтад нөлөөлдөг зүйлс нь  арилжааны банкуудаас их хэмжээний зээл олгох,  төсвийн зардал нэмэгдэх,   цалин хөлс өсөх, гадаадаас орж ирэх мөнгө  нэмэгдэх зэрэг  бөгөөд   эдийн засаг халж байгаа эсэхийг дараах шинж тэмдгүүдээр тодорхойлдог:
•    Эдийн засгийн хэт өсөлт 
•    Инфляцийн өндөр хувь хэмжээ
•    Ажлын байр ихээр бий болж  цалин хөлс  нэмэгдэх
•    Хүчин чадлын хязгаарлагдмал байдал бий болох

Тэгвэл дээрх шинж тэмдгүүдийн хэд нь монголд бодитойгоор  үүсээд байна вэ? ДНБ-ний жилийн өсөлт 2010 онд   6,1 хувьтай гарсныг хэт өсөлт гэж үзэх үү? 
Эсвэл  2011 оны эхний 7  сард  гарсан 14,3  хувийн бодит өсөлт эдийн засгийг яаж халаасан юм?! Хэдийгээр засгийн газраас 2011 оныг ажил эрхлэлтийг дэмжих жил  гэж зарласан хэдий ч ажилгүйдэл хорогдох бус, харин ч өссөөр байна.  Орлого, цалин хөлс нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирсан уу?  Харин ч эсрэгээр ядуурал 39 хувийн тогтвортой өндөр түвшинд олон жилийн турш байсаар л байна.    Өөрөөр хэлбэл “халалт” байгаа эсэхийг тодорхойлдог   4 үзүүлэлтийн нэг нь  буюу инфляцийн өсөлт бодитой байгаа нь үнэн.  Гэхдээ энэ инфляци нь эдийн засагт  мөнгө их, бага байна гэдгээс хамааралгүйгээр  нийлүүлэлтийн дутагдал, саад бэрхшээл, суурь үйлчилгээ, дэд бүтцийн орчин, зардлын өсөлт,  улирлын хэлбэлзэл зэргээс л шалтгаалдаг нь олон  жилийн турш тодорхой болсон зүйл.


Олон улсын түүхий эдийн  зах зээлийн үнийн хэлбэлзлийн дагуу өсч буурч байдаг  эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй  улс  оронд  цэвэр монетари онол дээр  суурилсан мөнгөний бодлого нь эдийн засгийн эерэг үр нөлөө өгөхөөсөө илүүтэйгээр  эдийн  засгийн  идэвхжилийг бууруулж түүхий эдийн үнэ коньюнктурын хэлбэлзэл дээр бус, бүх секторын оролцоо дээр суурилсан  тогтвортой  өсөлтийг “саажуулах” үр дүн өгөөд байгаа нь олон жилийн турш бодит амьдрал  дээр тогтоогдсоор   байтал мөнгө төсвийн  уялдуулсан бодлого бодитойгоор  хэрэгжүүлэхийн оронд  мөнгөний бодлогоор л монголын эдийн засгийг хямралаас аварч байгаа мэт,   эдийн засгаас  мөнгийг татаж авах замаар л инфляцийг зохистой түвшинд барьж байна, барьчихлаа гэх мэтээр мэдэгдэж, зарлаж ирсэн энэ хуурамч төсөөлөл, бодлогын арга хандлагаасаа  Төв Банк хэзээ салах юм бэ?!  Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд зөв л юм байх гэх гэж итгэж үнэмшээд,   эсвэл зөнд нь орхиод байгаа УИХ хэзээ энэ алдаагаа засах вэ?

Хөрөнгө оруулалт, зах зээлийн идэвхжилийг нэмэгдүүлэх,  жижиг, дунд бизнесийг дэмжих, уул уурхайн бус эдийн засгийн  секторуудын  үйл ажиллагааг сэргээн дэмжих зорилгоор бодлогын болон санхүүжилтийн интервенц   боломжийнхоо хирээр хийгээд байгаа Засгийн газрын үйл ажиллагааг энэ талаас нь дэмжин хамтран ажиллахын оронд зөвхөн  халамжийг хавтгайруулан  нэмэгдүүллээ гэсэн нийгмийн бодлогын  алдааг нь гул барьж  үүнээс л болоод инфляци нэмэгдэж байна, нэмэгдэнэ гэх мэтээр  өрөөсгөлөөр, хөндлөнгөөс “бие даасан” статусынхаа дагуу мэдэгдэл  хийсээр, төөрөгдүүлсээр байгаа энэ институцтэй Засгийн газар эвлэрсээр,  санхүүгийн гурван гол институци болох Сангийн яам, Монгол банк, СЗХ-ны  ёс төдий  уялдаа холбоонд бүхнийг  даатгаад, тайвшраад  явах уу?! Ядахдаа бодит секторыг дэмжих зорилгоор хийж буй санхүүжилтийн чинь эцсийн  үр дүнг саармагжуулах,  ингэснээр эдийн засгийн секторуудын  тэнцвэртэй өсөлтийг хангах бодлогын чинь үр дүнг саажуулаад байгааг Засгийн газар харахгүй, мэдрэхгүй байна гэж үү?!  Үүнийг төрийн мөнгө санхүүгийн бодлого уялдсан, харилцан бие биенээ нөхсөн,  дэмжсэн гэж үзсээр байх уу?!  

20 жилийн турш зээлийн нөхцөл хүнд,  орчин тааруу байна  гэж  ярьсаар, хэлсээр байгаа Монголын бизнес эрхлэгчид буруу ярьж байна, онол мэдэхгүй байна,  макро эдийн засаг,  мөнгөний бодлого ойлгохгүй байна гэж өөрсдийгөө төдийгүй өрөөл бусдыг хорлосоор,  эконометриксын  хийсвэр  загвараар  эдийн засгийн бодит амьдралыг цаасан дээр  төсөөлж  түүнийгээ хэрэгжүүлсээр  эдийн засгийн өрөөсгөл бүтцийг  улам лавшруулж   ядуурлыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх   хөгжлийн бодлогод саад болсоор  байгаа энэ мөнгөний бодлогыг   хэзээ төгсгөл болгох вэ?

Тун  удахгүй Монгол улс дараа, дараагийн жилийнхээ төсөв, мөнгө, хөгжлийн бодлогын зорилтуудаа хэлэлцэж батална. Тэр үеэр УИХ мөнгөний бодлогыг баталдаг институцийн хувьд дараах энгийн алхмыг хийхийг санал болгож байна. 

Бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагууд, эрдэмтэд, эдийн засагчид болон Монгол Банкны удирдлагуудыг  оролцуулсан чөлөөт мэтгэлцээн  зохион байгуулж хэн нь зөв, хэн нь буруу  яриад  байгааг сонсох, мөн энэ хэлэлцүүлэгт  Засгийн газар ямар байр суурьтай, өөрөөр хэлбэл  урьд өмнөх шигээ мөнгөний бодлогын аясаар явах уу,  эсвэл ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг  бодитой хамтран  дэмжсэн  түнш институцтэй байх  уу гэдгээ  бас тов тодорхой  илэрхийлэх хэрэгтэй.  

Тун удахгүй УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил эхэлж  улс төрийн намууд  сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулна.  Ажил төрөлтэй,  чинээлэг монгол хүнийг  бий болгох  зорилгоор ард түмнээ сонсоод  яваа намууд ч мөрийн хөтөлбөртөө мөнгөний бодлогыг урьдынх шиг ёс төдий бус, бодитойгоор,  зоригтойгоор өөрчлөн томьёолсон бодлогоо гаргаж тавих хэрэгтэй байна.

Монгол Банкны Ерөнхийлөгчийн  өнгөрсөн онд “бодлогын хүүгээ бууруулж   зээл олголтыг нэмэгдүүлж  хувийн хэвшлээ дэмжих”   талаар  амлаж байсан амлалт яасан бэ?   Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн үндэс нь зөв зүйтэй мөнгөний бодлого байдаг.   Эдийн засгийн өсөлт, эрэлт, эдийн засгийн бодит салбарыг дэмжсэн, хүн амын орлогыг нэмэгдүүлсэн,  ажлын байрыг бий болгосон, эдийн засгийнхаа нөөц боломж, чадавхид  нийцсэн сангийн бодлоготойгоо  мөнгөний бодлого уялдаж  зохицсон байх ёстой.   Үүнийг л хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, иргэд хүсч байгаа ба МҮХАҮТ хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу  тэдний санал, бодлыг л Та бүхэнд хүргэж, дамжуулж байна.      Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсч   зээлийн эрэлт буурна. Гэтэл зах зээлд, үйлдвэрлэгчдэд,  бизнес эрхлэгчдэд  бага хүүтэй зээлийн  / мөнгөний нийлүүлэлтийн/ хэрэгцээ  их байна, үүнийг ч төр засаг мэдэрч зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна.  Энэхүү  зээлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж   улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас бус инфляцийг хөөрөгдөхөд огт нөлөөлөхгүй. 


Бодлогын хүүг өсгөж арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг  нэмэгдүүлснээр үнэхээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжрах уу, аль эсвэл  эсрэгээр   өрсөлдөх чадварыг нь  бууруулах уу?  Харин үүний оронд өнөөгийн банкны тогтолцоог  сайжруулах, эрс шинэчлэх   талаар  Монгол Банк    анхааран ажиллах нь зүйтэй болов уу.


Намар цагийн их ажил өрнөж зах зээлд  мөнгөний нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ  их болж буй  цаг үед  Монгол Банкнаас тэгэхээс тэгэх гэсэн шиг бодлогын хүүгээ өсгөж   үүнийгээ инфляцийг  бууруулах  гол арга хэмжээ, зөв зүйтэй шийдвэр хэмээн  зарлаж байгаа нь   харин ч эсрэгээр   үйлдвэрлэл, бизнесийг  хумьсан нэг талыг харсан арга хэмжээ болсныг  монголын бизнес эрхлэгчдийн  нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч МҮХАҮТ эрс  шүүмжилж энэ алдаатай бодлогоо  засч залруулах, цаашид  эрс өөрчилж шинэчлэхийг   шаардаж байна.

МҮХАҮТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top