АТГ-ын дарга асан Б.Дангаасүрэнг Америк, Канад, Австралийн эрх мэдэлтнүүдийн захиалгаар хороосон уу

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10


Иймээс Б.Дангаасүрэнг хороож асуудлыг шийдэх нь дээрх компаниудын туйлын зорилго байв. Тэрээр 2007 оны аравдугаар сарын 26-нд Австралийн Сидней хотод ажлын айлчлал хийж байхдаа тодорхой бус шалтгааны улмаас амиа алдсан юм. Тухайн үед талийгаачийн цогцсыг эх оронд нь авчрахад хоёр нүд нь алга болсон, цээжин тус газарт гутлын мөр байсан нь уг хэргийн цаана томоохон шалтгаан байгааг илтгэдэг. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгожээ. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурорын суудалд суухад талийгаачийн дүү Б.Дансал түүнд хандаж үзсэн байна. Гэвч хэргийг дахин шалгах боломжгүй гэжээ.

Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Улс төрийн их хэлмэгдүүлэлт түүх болон үлдсэн үү гэвэл үгүй ажээ. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооныхон өнөөдөр үүнтэй санал нэг байна. Иймээс 1932-1937 он, 1960-аад он, 1990-ээд оноос хойшхи хэлмэгдүүлэлт хэмээн дотор нь ангилан судлах, энэхүү гамшигт  үзэгдлийг үнэн бодитоор  бичиж үлдээх учиртай болов уу. Ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл улс төрийн учир шалтгаанаар амиа алдагсад, шоронд хоригдогсод, төрийн албанаас халагдагсдын тоо хэд хүрэв. Хуучин социалистууд буюу Н.Энхбаярын засаглалын үед л гэхэд төрийн албан хаагчдыг намын харъяаллаар нь ялгаварлан ажлаас халж байсан түүхтэй. С.Зоригийн хэргийг одоо болтол илрүүлсэнгүй. Илрүүлэх хүсэл зориг үе үеийн төр засгийнханд байсангүй гэж хэлж болно. Нэрт найрагч, улс төрч, нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, О.Энхсайхан, Ш.Отгонбилэг,  Ж.Наранцацралт нарын үхлийн талаар олон янзын дүгнэлт, сэжиг таамгууд хэдий болтол үргэлжлэх бол оо. Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэнг хэний захиалгаар харийн нутагт аваачин хороов. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан энэ талаар төр, засаг, хууль хяналтынханаас нэхэж шаардах олон зүй бий.

Б.Дангаасүрэн агсан 2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн төрсөн дүү Б.Дансал руугаа утасдаад “Ах нь АТГ-ыг толгойлон ажиллахаар боллоо…” гээд ярьж байсан гэдэг. Гэвч удалгүй 2007 оны 11 дүгээр сард учир битүүлгээр амиа алдсан юм. Тэрбээр Авлстралийн Сидней хотод олон улсын хуралд ажлынхаа газрын таван хүний хамт очсон юм. Тодруулбал, түүнтэй хамт явагсдын нэг нь АТГ-ын Тамгын газрын дарга Алтангэрэл  байлаа. Энэ хүн бол байгууллагадаа  нэгдүгээр гарын үсэг зурдаг эрх бүхий хүн. Мөн Доржпалам, Гунгаа, Энхтуяа гээд тус газрын ахлах ажилтнууд байв. Өлзийбаяр гэдэг орчуулагч эмэгтэй бас явжээ.   Энэ эмэгтэй нь АТГ-т Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байсан төслийн ажлыг  хариуцаж байв.

Гайтай тэр нэгэн өдөр Монголчуудад ирсэн хамгийн анхны мэдээллээр бол талийгаач буудалд байрлаж байсан гэдэг. Гэвч энэ нь худлаа байлаа. Ийм худлаа мэдээллийг яах гэж цацав. Дараа нь талийгаачтай хамт явсан тэдгээр хүмүүс ар гэрийнхэнд нь “Үнэн шүү, үнэн…” гэж олон зүйлийг зөрүүтэйгээр тайлбарлажээ. Төрийн өндөр албан тушаалын, өнөөх авлига хээл хахууль, худал үнэнийг ялгах үүрэгтэй ажилтнууд тийм худалч хуурамч байж болох уу. Талийгаачийн дүү Б.Дансал  бэргэн эгч Урансанаагийнхаа хамт Сиднейд очиход тэнд ганцхан Алтангэрэл үлдэж, бусад нь эх орон руугаа ирсэн байлаа. Харьд даргынхаа цогцсыг орхиод ирж л дээ, нөгөө хэд нь. Ингээд Б.Дансал газар дээр нь очоод л Б.Дангаасүрэнг зочид буудалд биш  Австралид амьдардаг Түвшинжаргалынх  гэдэг айлд нас барсныг мэдсэн юм. Энэ айлын эхнэр Эрдэнэцэцэг нь Доржпаламтай садан төрлийн холбоотой байв. Талийгаач тэднийд очих маш дургүй байсан гэдэг. Гэтэл нөгөө хэд нь ятгасаар дагуулж аваачсан юм. Талийгаач тэднийд Доржпалам, орчуулагч Өлзийбаяр нарын хамт хоносон байна. Нөгөө гурав нь бас өөр нэг монгол айл Эрдэнэчимэгийнд очиж хоножээ. Ингэж айлд байрлах болсон шалтгаан нь мөнгөө хэмнэсэн гэх. Бас даргыгаа халамжлахын тулд айлд байрлавал арай тохитой гэж бодсон гэж нөгөө хэд нь тайлбарлаж байлаа.

Талийгаачийн цогцсыг эмнэлэг дээр хүлээн авсан нэгэн доктор цолтой эмчийн хэлснээр бол судсыг нь барьж үзэхэд 30 минутаас нэг цаг орчмын өмнө амьсгал хураасан байв. Хоносон гэх тэр айлаас эмнэлэг рүү очиход нэлээд зайтай бараг 40 гаруй минут зарцуулахаар газар байсан гэнэ. Тэгвэл тойм хар ухаанаар нас барсан цагийг баримжаалж орхино. Хачирхалтай нь энэ бүхэн цөм будлиантай хэвээр үлджээ.

Дараа нь Австралиас  задлан шинжилгээний хариу болох бичиг  ирсэн боловч ихээхэн учир дутагдалтай байв. Хэн нэгэн эмч, комиссын гишүүдийн албан ёсны тэмдэглэгээ, дүгнэлт гэхийн аргагүй зүйл байсан байна. Зүгээр л дурын хүн өвчний түүх бичээд явуулсан мэт. Цогцос нь Монголд ирсний дараа бас л маапаан ихтэй юм болжээ.  Задлан шинжилгээнд 13 хүний бүрэлдэхүүнтэй доктор, профессорууд голцуу орсон юм. Талийгаачийн төрсөн дүү Ховд аймгийн шүүгч Б.Дима ч оржээ. Тэр ахынхаа хоёр нүдгүй ирсэн нь үнэн болохыг харин эндээс баттай мэдэж авсан юм. Нүд нь хэрхсэн талаар Австралиас ямар нэг тодорхой зүйл хэн ч хэлээгүй, таг чиг болсон нь бас сонин.  Харин задлан шинжилгээнд зонхилох үүрэгтэй оролцсон Жамбалжамц эмч “Ямар ч гадны нөлөө байхгүй. Үхлийн гол шалтгаан нь элэгний хатуурал, уушигны сүрьеэ байсан” гэжээ. Энэ нь эргэлзээтэй төдийгүй худал гэдгийг ар гэрийхэн нь одоо ч ярьж байгаа. Хоёр нүдийг нь ухаж авснаас гадна гурван хавирга хугарсан байсныг гадны нөлөөгүй гэх аргагүй.

“WikiLeaks” сайт дипломатуудын талаарх нууц мэдээллийг задруулахдаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга агсан  Б.Дангаасүрэнгийн үхлийн шалтгааныг дурьджээ. Тэдний бичсэнээр бол энэ хэрэгт Канад, Австралийн уул уурхайн хамтарсан компаниуд холбоотой байх магадлалтай ажээ. Харамсалтай нь материал мөн л хакерүүдийн дайралтад өртсөн байлаа. Иймээс тэдгээр компани болон хүмүүсийн нэрсийг устгажээ. Б.Дангаасүрэнд 2007 оны аравдугаар сар гэхэд уул уурхайн талаарх авлигын 600 гаруй баримт байсан тухай тэд мэдээлж байсан нь бас л сонирхолтой. Талийгаач нас барахаасаа хоёр гурван сарын өмнө Монгол дахь авлигын нөхцөл байдлын талаар ярихдаа “Та бүхэн хүн мөнгө өгье гэвэл бүү ав. Харин асуудлаа хуулийн дагуу шийдүүлж байх хэрэгтэй гэж байсан юм. Мөн энэ үеэр төр засгийн томчууд оролцсон авлигын 80 гаруй хэрэг бүртгэгдэн шалгагдаж эхэлсэн байлаа. Эдгээрээс хамгийн өргөн далайцтай нь Тавантолгой, Асгат, Оюутолгой, Дорнодын ураны ордыг ашиглах гэрээ байсан болов уу. Тэдгээр ордыг ашиглахын тулд  Америк, Канад, Австралийн хувь нийлүүлсэн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болох л юм. Гэвч талийгаачийн хэргийг Улсын прокуророос “Шалгах боломжгүй” хэмээсэн нь юу гэсэн үг вэ. Төрийн их хэлмэгдүүлэлтийн машины араа шүд эргэсээр байна гэж буй хэрэг үү. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top