Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан саяхнаас зарим хуулийн болон дипломат ажилтнуудыг шалгаж эхэлжээ. Энэ нь Д.Энхбатыг Францаас Бельги, Германы нутгийг дамжуулан авчирсан ажиллагаа нь хууль ёсных эсэхийг нэг мөр тогтоох учиртай юм байна. 2003 онд болсон энэ хэрэг явдлын улмаас одоо Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцад Германы тал эрүү үүсгээд байгаа. Тухайн үед түүнтэй хамт тагнуулын ажилтан н.Сийзхүү, н.Бат-Эрдэнэ, н.Эрдэнэбат явсан бөгөөд тэд өнөөдөр Монголд байхгүй. Гадаадын аль нэг улс оронд дүрвээд гарчихсан бололтой. Харин Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан М.Батсайхан нь одоо Орост атташегаар сууж байна. Нэг үгээр хэлбэл тэр дипломатын халхавчин дор амь хоохойлж суугаа хэрэг болов уу.
Гэхдээ Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан тэдгээр цагдаа, тагнуул, дипломат ажилтнуудад хамааруулж буй хэргийг нууцын зэрэглэлд багтаан зүйлчилсэн байна. Өөрөөр хэлбэл хэргийг шалгах, шүүх ажиллагаа нууц байдалд болж өнгөрөх бололтой. Ингэхдээ улсын нууц задруулсан, албан тушаалаа урвуулан ашиглаж тагнуулын мэдээллийг бусдад дамжуулсан зэрэг хэд хэдэн зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ. Энэ хэрэгт шалгагдах олон хүн бий гэнэ. Ихэнх нь тагнуул, цагдаагийнхан. Мөн дипломат ажилтнуудаас гадна тухайн үед МИАТ-д ажиллаж байсан зарим хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Цагдаагийнхнаас Эрүүгийн цагдаагийн газрын дарга байсан М.Ганболд ч бас шалгагдах болов уу.
Д.Энхбатыг хулгайлж авчирсан хэрэг ийнхүү Германд Б.Хурцтай холбогдон шалгагдаж эхэлсэний дараахан Монголд ч шуугиан дагуулсан томоохон мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байх шиг байна. ХБНГУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Д.Тэрбишдагва, Франц улсад ажиллаж байсан дипломат ажилтан Батбуян нар бас Д.Энхбатын амьд гэрчүүд байхаас зайлахгүй ажээ. Б.Хурц нарын гүйцэтгэх ажлын шугамаар Д.Энхбатыг хулгайлж авчирсан энэ хэргийн сэжүүрийг тэд ямар нэг хэмжээгээр мэдэж байсан болов уу. Хүн хулгайлсан хэрэг гарсны дараахан Франц дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан Гэрэлмааг “Персона нон грата” буюу тааламжгүй этгээд хэмээн зарлаад нутаг руу нь хөөж явуулсан байдаг юм. Ер нь тэр үед Монголын Гадаад харилцааны яаманд Европын орнуудаас эсэргүүцлийн нот бичгүүд ирсээр байжээ. Эцэст нь Гэрэлмаагаас өөр хэргээ хүлээсэн дипломат ажилтан гараагүй бололтой. Гэхдээ Францад амьдарч байсан өөр хэд хэдэн хүн Д.Энхбатыг олж баривчлахад тусалсан, Тэдний зарим нь хөлсөөр үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эдгээр хүмүүс нэг бол гэрчүүд, эсвэл хамтрагчид болох нь гарцаагүй байх. Харин энэ бүх хүмүүсийн дотроос Д.Энхбаттай хамгийн удаан хугацаагаар ойр дотно байсан хүн бол яах аргагүй өмгөөлөгч, хурандаа Л.Санжаасүрэн юм. Түүний үгийг ч сонсох цаг нь болжээ. Мөн Д.Энхбатын хүү Э.Золбоо Германы талд гомдол, хүсэлтээ гаргаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл ар гэрийнхэн нь Д.Энхбатын нэр төрийг сэргээх, энэ хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсч байна. мөн “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван ч мэдүүлэг, тайлбаруудаа өгөхөөр Германыг зорьсон сурагтай байгаа.
Үйл явдлуудаас тоймлон үзвэл Б.Хуртай хамт явж, хүн хулгайлсан Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нарын зэрэг тагнуулчид одоо хэрхэн мэдүүлэг өгөхөөс их зүйл шалтгаалах болж байх шиг байна. Тэд хүнлэг, шударга байж чадах уу. Тэднээс өөр хэн байсан бэ гэх мэт олон асуулт үлдээд байгаа. Л.Санжаасүрэн ярихдаа, “Б.Хурцтай хамт явсан хүн зөвхөн тэр гурваар тогтохгүй байх аа. Албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг төрийн нууцад ордоггүй. Европын холбоо, тухайлбал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц, байнгын бус гишүүн Германы нутаг дэвсгэр дээр эрүүгийн мөрдөлт явуулсан Монголын ажиллагаа нь өөрөө гэмт хэрэг. Олон улсын хүрээнд хориглосон гэмт хэрэг болох хүн хулгайлах үйлдэл сэдсэн, турхирсан, зохион байгуулсан, гүйцэтгэсэн нь төрийн нууц гэсэн ойлголтод огт хамаарахгүй. Энэ бол олон улс дамнасан гэмт хэрэг. Дээрх хууль бус үйлдлийн улмаас эрдэнэт хүн амь насаа алдлаа. Монголд ийм эмгэнэл дахин бүү давтагдаасай. Ийм үйлдлийг ардчилсан улсын тагнуул, цагдаа, дипломат алба хийдэггүй. Хүн хулгайлсан гэмт хэрэг дарангуйлагч улс оронд гардаг. Бүр мафийн сүлжээ байдаг талаар хэвлэлд гарч байдаг шүү дээ” гэсэн юм.
Түүнчлэн Д.Энхбатын бас нэг том гэрч бол НҮБ-ын дэргэдэх хүний эрхийн багууллагын тусгай илтгэгч Новак юм. Энэ хүн олон улс орноор явж хүний эрхийн зөрчлийн байдлыг судалж, НҮБ-ын Ерөнхийлөгч болон чуулганд тогтмол танилцуулдаг ажээ. Тэрээр Д.Энхбатыг шоронд бие нь тааруухан байхад ирж уулзсан байна. Хэргийн нөхцөл, шалтгааныг сайтар судалж, манай холбогдох яам, агентлагийн дарга нартай уулзан “Энэ хүнийг шоронгоос яаралтай гаргах хэрэгтэй” гэж зөвлөөд явжээ. Эрүүдэн шүүлтийн олон жишээ баримт олж авсан Новак бас Л.Санжаасүрэнтэй шоронд хоригдож байхад нь уулзаж, удаан хугацаагаар ярилцсан юм билээ. Харин ямар нэг зүйлээс айж болгоомжилсон уу, юутай ч сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар Новакын уулзах хүсэлтийг хүлээн авсан боловч уулзалгүй явуулсан талаар НҮБ-ын тусгай илтгэгчийн илтгэлд бичигдэн үлдсэн байлаа. Гэхдээ удалгүй Д.Энхбат, Л.Санжаасүрэн нарыг шоронгоос гаргажээ. Харамсалтай нь Д.Энхбат гэртээ гарч, гуравхан хоноод хорвоог орхин одсон юм.
Маш ээдрээтэй эдгээр асуудлуудын талаар Л.Санжаасүрэн хурандаа одоо тайлбараа өгөх байх. Түүний өмгөөлөгчийн эрхийг хасч, шоронд хорьсон нь олон улсын өмгөөллийн түүхэнд бараг гарч байгаагүй сөрөг үзэгдэл болсон гэдэг. Тэгвэл үүний учир шалтгаан бас тодорхой болж таарна. Үүнээс гадна Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан НҮБ-ын тусгай илтгэгч Новакаас зугтаагаад байсан Ц.Нямдорж, Н.Энхбаяр нараас тайлбар сонсох нь гарцаагүй болж байна. Энд зориуд нэг зүйлийг сонирхуулахад НҮБ-ын тусгай илтгэгчийн илтгэлд манай Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын тухай өгүүлсэн байлаа. Новак уг илтгэлдээ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга Галдаатай биечлэн уулзсан, энэ байгууллагын талаар дэлгэрэнгүй баримт, мэдээллүүдтэй танилцсан тухайгаа дурьдаад “Тус байгууллага нь ажиллах чадвар, боломж муутай юм байна” хэмээн үнэлсэн байдаг ажээ. Гэхдээ үүнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )