Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болов. Хуралдаанаар мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээ, “Шинэ төмөр зам” төслийн явцын талаар хэлэлцэв.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВНА
“Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г ирэх оны эхний хагаст багтаан боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгалаа.
Багш бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургаж чадваржуулахад чиглэсэн арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн дэс дараатай авч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоог хангаж, Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрт суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн сахилга, хариуцлага, харилцааны соёл төлөвшүүлэх, ачаалал даах, эрсдэлийг давах чадвартай, амьдрах ухаанд сургахад чиглэсэн агуулгыг тусгах юм байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтад ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх, эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэхэд салбарын хөрөнгө, хүний нөөцийг харилцан үр ашигтай зохицуулах, суралцагч, төгсөгчийг дадлагын болон ажлын байртай холбох зорилгоор салбарын яам хоорондын гэрээ байгуулж нягт хамтран ажиллах, өргөн хүрээнд бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.
Сургалтын чанарыг дээшлүүлэх, суралцагсдын тоог нэмэх, дадлагын сургалтын техник, технологийг шинэчлэх зорилгоор холбогдох сайд нарт мөн үүрэг өгсөн байна.
Энэ дагуу дадлагын сургалтыг байгууллагадаа чанартай зохион байгуулсан, өндөр мэргэшилтэй ажилтныг дадлагын багшаар ажиллуулах боломжоор хангасан аж ахуйн нэгжийг дэмжих, хуульд заасан хөнгөлөлт үзүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсөлд хамруулах юм.
Мөн мэргэжлийн өөрийн өртөг, боловсрол, сургалтын стандартад суурилсан төсвийн тогтолцоо бий болгож нэвтрүүлэхийг судлан, ирэх оны эхний хагаст багтаан шийдвэрлүүлэхийг сайд нарт даалгажээ.
Сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газрыг өргөтгөх, дадлагын сургалтын бааз, лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэх болсон байна.
“Оюутолгой”, “Тавантолгой” болон бүтээн байгуулалтын бусад хөтөлбөр, төслийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүсийг ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригдлаа.
Энэ чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй зөвшилцөн, нэгдсэн төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Түүнчлэн цэргийн алба хааж байгаа иргэдэд мэргэжлийн чадамж эзэмшүүлэх, тэднийг цэргээс халагдсаны дараа ажилтай болгоход анхаарахыг ч үүрэг болгожээ.
Хуралдаанаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хэд хэдэн ажил хийхийг даалгалаа.
Засаг дарга нар орон нутагтаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, ажилгүй иргэдээ мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжилтэй ажилтны нөөцөө бүрэн ашиглах бодлого, зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулж, батлуулах юм.
Мөн аймаг, нийслэлийн мэргэжлийн боловсрол, сургалтын болон хөдөлмөрийн байгууллага, нийгмийн түншийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг тогтмол, үр өгөөжтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ.
Шинээр бий болгосон ажлын байрны тоо, хэдэн хүнийг ажилтай болгосноор нь Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт болгон холбогдох журамд өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.
Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудаа мэргэшүүлж чадваржуулах сонирхлыг дэмжих, ажлын байрны эрэлт, захиалгыг бодитой гаргаж, сургалтын байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулах, чанарын үнэлгээ хийхэд идэвхтэй оролцохыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд зөвлөв.
Мөн үйлдвэрлэлийн болон дадлагын сургалтыг чанартай зохион байгуулах талаар захирал, инженер, техникийн ажилтнуудын санаачилга, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөжээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүний тоо энэ онд 67 мянгад хүрсэн байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан суралцагсдын тоог 90 мянгад хүргэх зорилтын хэрэгжилт 75 хувьтай байна гэсэн үг юм.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 2010-2011 оны хичээлийн жилд 18 мянга гаруй хүн төгссөн бөгөөд 55 хувь нь 6 сарын дотор ажлын байртай болжээ.
Сэтгэгдэл ( 0 )