МУГЖ Г.Хонгорзул: Уртын дуу монгол эх орны тухай өгүүллэг аялгуут түүх юм

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 21

элхийд ганцхан уртын дуугаараа Монгол хэмээх нэрийг дуурсгасан УГЖ Г.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр өдгөө нийслэлийн хамгийн отгон чуулга “Улаанбаатар”-аар овоглож явна. Голландын хатан хааны төрсөн өдөрт уригдан, 2002 онд зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аялгуут сайхан уртын дуугаараа нээж байсан түүнийг ард түмэн нь Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадын залгамж халаа хэмээн үнэлдэг билээ.

 

-Урлаг хэмээх их айлтай холбогдож, дуулах болсон үеэс тань яриагаа эхлэх үү?

-Би дуучин болно гэж бодож байгаагүй. Сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан. Тэгээд тэр чиглэлээрээ сурна гэж бодцог байсан. Бидний үед хэн дуртай сургуульд сурдаггүй байсан. Сурах сургуулийн хуваарь ирдэг байсан үе. Тэгээд намайг сургуулиа төгсөхөд сэтгүүлчийн хуваарь ирээгүй. Тухайн үед ээж, аав хоёр залуу байгаа юм чинь хөдөө яваад ир гэж зөвлөсөн. Эмээ, өвөө хоёр хөдөө байсан болохоор би дуртай зөвшөөрсөн юм. Хөдөө байхдаа хонины бэлчээр дээр их дуулдаг байсан. Радиогоор ямар дуу явна түүнийг л дагаад дуулчихдаг хүүхэд байсан. Намайг дуулж байхыг сонссон хүмүүс дуучин болгох хүсэлтийг ээж, аавд минь хэлж би Хэнтий аймгийн чуулгад шалгуулахаар болсон доо. Шалгалт өгөөд тэнцэж 1995 онд Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын дуучин болсон.

-Дуулах урлагийн багш нарынхаа тухай яриач?

-Анх “Хан Хэнтий” чуулгын Б.Авирмэд багш намайг С.Нансалмаа багшид шавь болгон хүлээлгэж өгсөн. С.Нансалмаа багш маань олон сайхан уртын дуу зааж өгсөн дөө. Багш маань надад “Бор борын бялзуухай” дууг зааж өгөхөд би сонсголоороо сурч байсан юм. 1998 онд СУИС-д уртын дуулаачийн ангид ороод Ц.Дэлгэр багшийн гарын шавь болсноор мэргэжлийн уртын дуучин болох гараагаа эхэлсэн. Анх СУИС-д орохдоо “Бор борын бялзуухай", "Хэрлэнгийн барьяа”, “Уяхан замбуутивийн наран”, “Дөрвөн цаг”, “Сэцэн хааны хүлэг” гэсэн хэдэн дуутай байлаа. Ц.Дэлгэр багшийнхаа шавь болоод “Асар өндөр”, “Тунгалаг тамир”, “Дурдмал сайхан”, “Урьхан хонгор салхи”, “Ар хөвчийн унага”, “Алтан говийн унага”, “Тоорой банди”, “Зээргэнэтийн шил” гэх зэрэг олон сайхан дуу сурсан.

-Дуучны мэргэжил эзэмшиж байх үедээ шантрах үе гарч байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд айхтар шантрах үе гарч байгаагүй. 18 настайдаа өвөө, эмээ нарын дуу гээд сонирхдоггүй байсан үе бий. Тэр сэтгэлгээгээр хандах тохиолдол ч гарч байсан. Гэхдээ өөрийгөө уртын дуу дуулна гэж бодсоноос хойш илүү хичээх болсон. Миний хоолойны цар хүрээ хүрэхгүй байсан бол шантрах байсан байх. Өвөг дээдэс, бурхнаас заяасан авьяасыг минь чуулгын хамт олон таньж дуулах арга барилыг анхнаас нь зөв заасан болохоор шантраагүй юм болов уу. Залуу хүн болохоор хүмүүсийн сонсдог зохиолын дуу дуулах юм сан гэж бодох үе байсан. Гэхдээ хэтдээ уртын дуу бол миний сонгох ёстой мэргэжил юм байна гэдгийг ойлгосон.

-Уртын дууны сайхан нь юундаа байдаг вэ?

-Хүмүүс уртын дууны талаар олон шүлэг бичээд магтдаг ч яг сайхныг нь мэдэрч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Уртын дуу бол монгол эх орны тухай өгүүлдэг цэвэр аялгуут түүх юм. Дээрээс нь ганц монгол хүн биш хүмүүн заяанд төрсөн хүн бүхний жаргал зовлон бүхэн уртын дуунд шингэсэн байдаг. Иймээс хүний амьдралын тухай өгүүлдэг философи гэж ойлгох хэрэгтэй. Гадаад хүн монгол хэл мэдэхгүй мөртлөө уртын дуу сонсохоороо уяраад уйлчихдаг. Хүн болох хосгүй хувь заяаг эзэмшсэн хүн болгон сонсох ёстой урлаг бол уртын дуу. Уртын дуу сонссон хүний бие сэтгэл ариусч, айлын зад арилдаг хэмээн бэлгэшээдэг.

-Авьяас удам дамждаг гэдэг. Танайд таниас өөр дуулдаг хүн бий юу?

-Манай удамд сайн дуучин байсан тухай ээж, аав маань ярьдаг байсан. Би тав дахь үедээ энэ авьяасыг залгуулж байгаа юм уу даа.

-Таныг хүмүүс Н.Норовбанзадын залгамж халаа хэмээн хүндэлдэг. Аугаа их авьяастай хүнтэй зүйрлүүлэх амаргүй байдаг байх.

-Дээд хүний орон зайг нөхөж явна гэдэг хэцүү. Хүнтэй адилтгаж ярих амархан ч орон зайг нь нөхнө гэдэг бол их том хариуцлага гэж ойлгодог. Н.Норовбанзад гэдэг хүн хэзээ ч дахин давтагдахгүй. Хэн нэг хүнийг зүйрлүүлээд ярих амархан ч хийсэн бүтээснийг нь үргэлжлүүлэх хэцүү. Дээд алтан үеийнхээ хийсэн бүтээснийг үргэлжлүүлэн уламжлуулах нь миний хариуцлага. Тиймээс багш шигээ аугаа дуучин гэж би өөрийгөө бодож чадахгүй. Харин уртын дуу гэдэг дуусашгүй сайхан аялгуунаас нь амсалцаж яваагийн хувьд үеийг нь таслахгүй байх нь миний хүсэл мөрөөдөл юм.

-Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юу?

-Нэг хэсэг хамтарч ажилласан. Одоо чуулгынхаа уран бүтээл дээр ажиллаж байна. Уран бүтээлч хүн тайзны амьдралаа хувийнхтайгаа хослуулах ёстой. Ар гэрийнхээ амьдралыг адилхан авч явахгүй бол болохгүй. Эмэгтэй хүн болж төрсний хувьд үр хүүхэд төрүүлэх сайхан үүргээ биелүүлсэн. Энэ хугацаанд ээж болоод хүүхдээ өсгөх гээд завгүй байлаа.

-Дэлхийн нэр хүндтэй тэмцээнийг нээж уртын дуугаа эгшиглүүлж байсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Монгол хүн болж төрсөндөө бахархаж байлаа. Монгол хүн болгон уртын дуу дуулдаггүй. Уртын дуучин хэмээх аугаа мэргэжлийг эзэмшсэндээ их бахархаж байсан шүү. Хүн авьяасыг минь таньж мэдрээгүй байсан бол би хэн ч биш байх байсан. Тийм болохоор намайг төрүүлсэн ээж, өсгөсөн аав, багш  нартаа баярлаж байсан. Тэгээд дуулах үедээ эх орныхоо нэрийг гаргаж үүргээ гүйцэтгэж явна гэж бодсон.

-Сүүлийн үед ардын дууг орчин үеийн хэв маягт оруулдаг болжээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Цаг үеэ дагаад нийгэм өөрчлөгдөж байна. Үүнийг би буруушаахгүй. Надад ч тийм эрх байхгүй. Гэхдээ хамгийн гол нь өвөг дээдсийн минь ухаан шингэсэн алтан бүтээл юм шүү гэдгийг санах хэрэгтэй. Энэ сайхан уламжлалыг алдчих юм бол эргээд хэвэнд нь оруулахад хэцүү л байх болов уу.

-Таны бодлоор уртын дуучдыг үнэлэх үнэлэмж ямар байна вэ?

-Ардын дуу, эстрадын дууг бодвол үнэлгээ муу. Гэхдээ мөнгөөр үнэлэгдэшгүй нандин юм байдаг. Нэг уртын дуу дуулахад хүмүүст юугаар ч үнэлшгүй сэтгэлийн нарийн нандин зүйлийг өгдөг гэж боддог. Зөвхөн таашаал өгөөд зогсохгүй тэр хүн хэзээ ч мартахгүй байхаар дууг амьдруулах хэрэгтэй. Хүн уртын дууг сонсоод цурхираад уйлдаг. Хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа энэ нарийн мэдрэмжийг юугаар ч үнэлшгүй юм.

-Нэг дуугаа хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?

-Би уран бүтээлээ айхтар үнэлээд байдаггүй. Хүн миний авьяасыг үнэлээд өгсөн шан харамжийг нь авдаг. Түүнээс би тэдэн сая төгрөг авдаг гээд цээжээ дэлдээд явдаггүй. Ард түмэн намайг хаана сонсохыг хүсэж байна, тэр газар нь очиж уран бүтээлээ хүргэдэг.

-Олон орноор аялан тоглолт хийсэн. Үлдчих юмсан гэсэн бодол төрж байв уу?

-Гадаадад амьдрах бодол төрж байгаагүй. Тэгээд ч чадахгүй юм шиг байна лээ. Уртын дууныхаа оронд амьдарч байвал миний амьдралын утга учир гэж боддог. Мөнгө олох гэж гаднын оронд амьдаръя гэсэн бодол байхгүй.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Төрснөөсөө тавуулаа. Айлын ууган, охин. Ам бүл дөрвүүлээ. Миний ханийг Баттөмөр гэдэг. Сантехникийн слесарь мэргэжилтэй. Хүү, охин хоёртойгоо сайхан амьдарч байна. Манайх эгэл жирийн борог амьдралтай айл даа. Ээж, аав хоёр минь бурхны орноос ивээж байгаа байх.

 

Эх сурвалж: Монголын үнэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top