Мөнх биш амьдралын мөнхийн дайсан

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 24

Манай улсад ХДХВДОХ-ын 99 дэх тохиолдол бүртгэгдлээ.

Гэхдээ зарим иргэн нэг л ойшоож үзэхгүй байх шиг. Бараг л энгийн ханиад мэт үзэх болж. Уг нь 20 гаруйхан жилийн тэртээ анх удаа ХДХВДОХ гэдэг аюулт өвчин илэрлээ гээд л “сенсааци” дэгдээж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө энэ байдалд нэгэнт дасчээ. Өнөөдрийн байдлаар илрээд буй 99 дэх тохиолдлын халдвар тээгч нь эрэгтэй хүн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн, вирүс тээгч шатандаа байгаа хэмээн эх сурвалж хэлсэн.

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсад ХДХВ тээгч 500 орчим иргэн байх магадлалтай хэмээн тооцоолжээ. Гэтэл гурван сая ч хүрэхгүй хүн амтай улсад энэ тоо дэндүү ахадсан тоо. Дэлхийд одоог хүртэл эмчлэгдэх боломжгүй үхэлд хүргэдэг гэдгээрээ айдас дагуулсан энэ өвчин манай нийгэмд чимээгүй тархаж, халдвар тээгчдийн тоо улам бүр өссөөр байна.

Тэр дундаа сүүлийн үед гэрлийн хурдаар илэрч, газар авч байгаад эмч мэргэжилтнүүдийн санааг маш ихээр зовоож буй. Эрүүл мэндийн салбар нь иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн тэдэнд үйлчлэх байгууллага. Гэтэл зарим иргэн ХДХВДОХ-ын тохиолдол эрс өсч буй нь энэ салбартай шууд холбоотой мэтээр үзэх нь их болж. Энэ нь хэт өрөөсгөл ойлголт юм.

Ер нь ДОХ-ын халдвар тээгчид өөрсдийн буруутай үйлдэл хариуцлагагүй байдлаас болдог нь ойлгомжтой. Манай улсад ХДХВДОХ илэрсэн иргэдийн 60 орчим хувийг тандалт, судалгаагаар дамжуулан илрүүлжээ. Харин 30 орчим нь сайн дураараа шинжилгээнд хамрагдаж илэрсэн бол үлдсэн хувь нь өөр төрлийн өвчнөө эмчлүүлэх үед илэрчээ. Иймээс 99 гэсэн тооны ард 500 орчим иргэн халдвар тээж байгаа гэсэн магадлал тандалтын судалгаанд явдаг.

Өнөөдрийг хүртэл манай улсад бүртгэгдсэн ХДХВДОХ-ын халдвар тээгчид 100 хувь бэлгийн замаар халдвар авсан байна. Түүний дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг аж. Өнөөдөр энгийн ханиадтай адил нийгэмд цэцэглэж байгаа ХДХВ-ын халдвараас иргэн бүр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд хэн хэндээ үнэнч байх хэрэгтэй. Сүүлийн үед БЗХӨ эрс нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг.

Тэр тусмаа залуу үеийн төлөөлөл энэ өвчинд өртөх нь ихэссэн. Учир нь нийгэм хэт задгайрч архидалт ажилгүйдэл, ядуурал үүссэнтэй холбож үздэг нь гарцаагүй үнэн. ДОХ болон БЗХӨ халдах, халдварлах гол шалтгаан нь зөвхөн тохиолдлын бэлгийн хавьтал юм. Үүнээс болж эрүүл мэндээрээ хохирч үлддэг нь харамсалтай. Уг нь энэ төрлийн өвчнөөс сэргийлж, хамгаалах арга аль хэдийн нэвтэрсэн. Гэтэл үүнийг амьдралынхаа хэрэгцээнд нийцүүлээд хэрэглээд байж чадахгүй л юм даа.


Эх сурвалж:Монголын үнэн
Одоо үед түрүүвчиндээ бэлгэвчтэй яваа хүн соёлтойд тооцогддог цаг болсон. Манайхан ДОХ-ын халдвар илэрсний дараа нь шуугиан дэгдээдэг. Энэ нь ниргэсний дараа хашгирна гэдэгтэй адил юм. Тиймээс ядаж л бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй байдаг. Дэлхийн нийтэд зургаан секунд тутамд нэг хүн ДОХ-ын халдвар авдаг аж. Тэгэхээр 60 секунд тутамд 10 хүн, 600 секунд тутамд 100 хүн ХДХВ халдвар авч байна гэсэн үг. Үүнийг энгийнээр хэлбэл нэгээс 600 хүртэл тоолох хугацаанд 100 хүн үхлийн өвчний халдвар авдаг байх нь.

Харин өдөрт 7.4 мянга орчим хүн халдвар авч “өвчин тээгч” болдог бол тэдний 1000 орчим нь хүүхэд байдаг. Тэр ч бүү хэл нэг цаг тутамд ДОХ-ын улмаас 200 хүн нас бардаг гэвэл Та итгэх үү. Зөвхөн ХДХВ ДОХ-ын улмаас шүү дээ. Гэхдээ энэ нь дэлхий дахиныг хамарсан тоо. Үүний дунд манай улс “давхиж” л яваа.

Ийнхүү өдрөөс өдөрт ХДХВДОХ-ын халдвар авсан иргэд нэмэгдээд байвал цөөхөн хүн амтай оронд үндэстэн мөхөх аюулд ч хүрэх байх. Одоо манай улсад нуугдмал байгаа 500 хүнийг олоод илрүүлчих юм бол энэ өвчний халдвар саарах магадлалтай байх. Ер нь монголчууд өвдөхөөрөө л заавал эмчид үзүүлдэг зантай улс. Энэ нь тус өвчнийг илрүүлэхэд бас нэгэн хүндрэл учруулдаг.

Уг нь ХДХВДОХ өвчний шинж тэмдэг хэсэг хугацааны дараа илэрдэг учраас халдвар тээгчид анзаардаггүй явах нь элбэг аж. Монгол Улс ХДХВ ДОХ өвчний тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтдаг хэдий ч ХДХВ-ын өндөр эрсдэлтэй орны тоонд ордог. Одоо манай улс ДОХ гэдэг эдгэшгүй өвчний өмнө үнэхээр хүчин мөхөсдөж байна. Дан ганц манай улс бус дэлхий нийтээрээ энэ өвчнөөс салах санаа, санаачлага эрчимтэй өрнөж байгаа.

Тиймдээ дэлхийн нийт болон манай улс хэдий эмчилж чадахгүй юм гэхэд урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг эрчимтэй явуулах нь зүйтэй. Үүнд залуусын оролцоо хамгийн чухал. Жил болгоны арванхоёрдугаар сарын 1-нийг Дэлхийн нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр гэж үзэхээс гадна үүнийг өргөн цар хүрээнд явуулдаг байх нь чухал. Нийгмийн сэхээтнээс өгсүүлээд хөдөөгийн малчин бүсгүй хүртэл хүрээгээ тэлсэн энэ тахал өвчний тоо хэд хүрэхийг л хараад суух биш тэмцэх цаг болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top