Цэвэр даавуунд шар тос шингээж тавих нь ханиаданд сайн

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 24

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан энэ үед ханиад томуу дээд зэргээр ихэсдэг. Тэр дундаа бага насны хүүхдүүд энэ үеэр ханиад томуунд дарлагдах нь бий. Хаа очиж энэ жилийн тухайд урт намар болж байгаа учраас ханиад томуу харьцангуй бага байлаа. Харин сүүлийн долоо хоногт орсон цас өвлийн жавар авчирч ханиад томуу ч эрс нэмэгдлээ. Энэ сарын эхний 14 хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн 5.9 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 43 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна. Үүнээс үүдэн эмнэлэгт хэвтэх хүүхдүүдиин тоо нэмэгдэж ор хөнжил нь хүрэлцэхгүй болсон байна. Тиймээс холбогдох эмнэлэг томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хүүхдийн тасгийн ор, хөнжлийн тоог нэмэгдүүлжээ. Түүнчлэн олон удаа уушгины хатгалгаагаар өвчилж эмнэлэгт хэвтсэн 2800 гаруй хүүхдийг Эх хүүхдийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн үэлэг шинжилгээнд хамруулсан байна. Хүүхдийн ханиад томуутай дуудлага хамгийн их ирж байгаа дүүрэг нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд байгаа юм байна. Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын эмч Ц.Ариунхишиг “Хүйтний улирал дөнгөж эхэлж байхад ханиад томуу их байгаа нь өвлийн ид хүйтэнд нэмэгдэхийн баталгаа болж байна. Ажлын өдөр 30-40, амралтын өдөр 60-70 ханиад, томууны дуудлага ирж байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд маань анхан шатны тусламж үзүүлж чадахгүй учраас жаахан шингэн алдаж, халуурангуут түргэн дууддаг. Тухайн гэр бүл 0-16 насны хүүхэдтэй л бол дор хаяж халууны шилтэй байх хэрэгтэй. Хэрвээ халуун нь 38.5-аас дээш байх юм бол антибиотик өгч бууруулж, түүнээс доошоо байх юм бол ардын уламжлалт аргаар халууныг нь бууруулж чаддаг байх хэрэгтэй” хэмээсэн.

Ингээд анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар “Эрүүл мэндийн лавлах” 1908-ын зөвлөлөөг хүргэе.

  • 38.5-аас доош халуунтай байвал шингэн зүйл сайн уулгаж, нимгэн арьстай хэсгийг спирттэй хөвөнгөөр арчих.
  • Ханиад хүрсэн гэх шинж тэмдэг илэрвэл дааруулахгүй, чанар илчлэг ихтэй хоол унд өгөх, дархлааг сайжруулах витамин өгөх хэрэгтэй.
  • Хүүхдийн ханиад, хоол эс шингэсэн тохиолдолд чацаргана хандалж, ханднаасаа цайны халбагыг 100 мл усанд шингэлж уулгана.
  • Бор хоолонд орсон хүүхдийн ханиад томуунд аарц буцалгаж уулгах, зөгийн балтай сүү, тарваган шийр эмтэй сүү өгөхөд хөлс гарч сайнаар эргэнэ.
  • Нярайн хий ханиалганд цэвэр даавуунд шар тос шингээж сэрвээн дээр нь бүлээн жин гурван удаа тавибал эдгэх болно.

 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top