Нойр хагас олон шөнийг өнгөрүүлж, хаврын налгар өдрүүдийн түрүүчтэй золгосон Мижид авгай том хүүдээ хааяа хааяа гоморховч бас ч тэгтлээ нэг их голдоо ортол гомдсонгүй.
“-Цаг нь тийм ч болсондог уу даа. одооны хүүхдүүд сав л хийвэл анхныхаа хүүхдийг төрүүлээд аав ээжээ орхичихоод явдаг болж. Арвайсан улаан амьтан өөрийнх нь өмнөөс залуу, хөгшин эцэг эхүүд нь ямархуу хэл ам бололцож буйг ойлгохдоо хүрсэн биш, өрөвдөхийн эрхэнд тэр авчирч өгөөд, өөрсдөө алба ажил энээ тэрээ гээд яваад өгөхөөр тэврээд хоцрохоос ч яахав дээ!” Мижид үе, үехэн ингэж бодсоор ач охиноо бүтэн өвөлжин өвөртөлж, шөнө бүрийг нойр дутуу шахам өнгөрөөлөө. Охин ч ороолгон нэгнийг бодвол зоргоороо, ёстой "муугаа мэдээд дуугай бай” гэсэн шиг товиржиж ирэв. Тэгэвч хүн л болсон хойно зарим заримдаа халуурч бүлээрэхээс өгсүүлээд уйлах зовоох юм гарахгүй яаж өнгөрөх билээ. Болдхүү, Цэрмаа хоёр хааяахан нэг захиа бичнэ, эсхүл утсаар ярина, танил талын хүн таарвал охиндоо цамц, хувцас, боов, чихэр илгээнэ. Ингэсээр байгаад чилийсэн нэг өвөл өнгөрчихлөө. Оргой нэг орой халамцуу ирээд:
-Цөг! Тэр гээч... Юу бодож суунав даа, цаад хоёр чинь. Чи бид түүнийг өсгөх гэж яаж шанааныхаа махыг барлаа даа! Эцэст нь энэ... гээд үглээд эхэлжээ. Мижид гучин жил хайр, илч хоёрт нь бүлээцсэн ханийнхаа үгийг эхлээд зөвд санаж хэсэг байснаа сүүлдээ тэсэлгүй:
-За, за! Чи бид хоёроос бусад нь ингээ ч билүү, яагаа ч билээ. Юунд хэрэггүй юмаар тойглож суудаг юм бэ? Жанцангийнх, Балсангийнх гээд ач, гучаа харж амар, жимэр суугаа улс зөндөө л дөг. Дуугүй л гудардгаа гудраад, согтуу толгойгоо хариулж яв! хэмээн өвгөнөө зад хангинажээ.
“-Их гийгүүлж дээ! Ганц өвөл охины нь харж өгснөө нөгөөх сансарт нисэхийн дайтай бодох нь шив дээ. Аягүйдвэл муу хүүгийн минь зуны нэг cap амрах гээд ирэхээр энэ өгөр толгой чинь сэтгэлд нь сэв хийж орхих нь!” гэж Мижид авгай Оргойг амаа эцтэл загнасныхаа сүүлд эргэцүүлэв. Баруун орны өмнүүр хажуулдаад удалгүй хурхирч эхлэхээр нь муу өвгөнөө эрхгүй өрөвдөв. “-Бид хоёр осолдохгүй л гучин жил хамт амьдарсан даа. Тэгэхэд гуравхан жил болсон юм шиг бүх юм саяных юм шиг санагдах юм. Оргой минь анх хүүхэдтэй болчихоод яаж явсан гэдэг билээ. Хүүхдээрээ шахам, хийсэж явсан юм даа хөөрхий минь, аргагүй аргагүй!” хэмээн Мижид уярав. Болдхүүг гарахад Мижид хадам болоод өөрийн аав, ээжээ зэгсэн сандаргаж ээж нэрийг өөрт нь өгсөн нялх үрээ орхичихоод аймгийн эмнэлэгт морин тэргээр ирж чилийсэн хоёр cap эмчлүүлсэн ажээ. Цас мөсширч, цаг давчуухан тэр өвлийн жавар, хүйтэн хоёр ёстой ташаа тулж байсан хэрэг. Болдхүүг, Оргойгийн ээж өндөр шар авгай өдөр, шөнөгүй хуурайлж, манцуйлж баймааж чүү, айтай л нэг тогтоож авсан билээ. Нутгийн Шарав өвгөн Оргойнд ирээд бүтэн шөнийг нойргүй өнгөрөөсөн нь бий. Сайндаа ч тэр биш, туниагаа алдсан нялх хүүхэд, яахаа мэдэхгүй сандачсан Оргой, түүний ээж өндөр шар авгайд хань болж хоносон юмсанж. Манант хоолойн жавар ид ороолгосон өглөөнөөр морио эмээллээд мордохын өмнө Шарав өвгөн, Оргойд аминчлан байж:
-За хүү минь! Цаад муу хүүхэд чинь ер нь л... хэтээсээ л... хэмээн түг, ягхийн хэсэг болоод эцэст нь шийдэв бололтой:
-...Тэсэхгүй шүү! Тэсэхгүй гэж өгүүлжээ. Оргой ч дуугүй л толгой дохиж зогссон аж. “-Мижид минь яаж байгаа бол.. Мижид, Мижид л...” гэж тэгэхэд Оргой бодож зогссоноос биш ээжийнхээ гар дээр уйлж буй Болдхүүг санаж, хайрлах сөхөөгүй байж уу дээ. Шарав өвгөнийг тийн явсны маргааш өдөр Оргой үдийн алдад гэртээ иржээ. Морио бөхөлчихөөд аавындаа шурдхийн ороход нь ээж нь:
-Үйлийн үртэй үр бол... эвий минь... тээр хонгоны арьс юу ч үгүй нүүж... яадаг билээ дээ... гэж үглэсээр Болдхүүг өлгийдөж байлаа. Ээж нь аминдаа аав нэр хүлээж эрийн нас түшиж ядаж буй хүүгээ өрөвдсөн янзтай хараад:
-Миний хүү! Цай ууж бай! Ээж нь энэ муугаа хуурайлаадхая, гэв. Оргой хоёр аяга хайрсан цай ууж дотроо дулаацуулж суутал ээж нь:
-Сураг дуулдана уу? Бурхан минь гайгүй л байгаа даа! хэмээн аймгийн чимээ лавлахад Оргой: -Чүлтэм анжаа ирж, Мижид овоо гайгүй, эргэсэн гэнэ. Аав Нямаа ахынхаар л байгаа, захих юм алга! гэж хэлүүлжээ гэхэд нь: -Төр минь, зээ гэж! Ашгүй дээ... ашгүй... хэмээн ээж нь уулга алдан баярлахдаа дотроо хүүгээ өрөвдөв.
“-Хэзээ нэг хүн болно доо! Гэрлэж, бараалахаа мэдэж... Аав болохоо бүр гадарлахгүй... Хүүтэй, үртэй, ханьтай гэх... Яаж нэг амьдрах бол?” хэмээн ээж нь дотроо Оргойг энхрийлж, бас өрөвдөж суужээ. Оргой эртүүдхэн Болдхүүгээ айлд өргүүлчихье ахиад хүү гарахаас цааш яадаг юм гэсэн шүү яриа үүдээд ээждээ шанагаар толгой руугаа байлгуулах дөхжээ. Эл бүгдийг Мижид мэднэ. Оргой ч одоо тэр үеийн Оргой биш ээ! гэж Мижид ач охиноо бүүвэйлэнгээ бардам боджээ. Намар Болдхүүг утсаар яриад охиноо аваачиж өгөх энэ тэр болж байхад Оргой:
-Мижид минь тэгж өөрсөддөө лай үүрэхээ больё гээд сүрхий л халгаахгүй янзтай атал, маргааш охиноо аваад хүүгээ ирэх сургаар дэлгүүр, энэ тэр рүү гүйж нэг хайрцаг үзэм, хоёр шил архи гээд зэгсэн юм бэлдчихсэн.
-Үгүй, хөөе! Мижээд! Чи бид хоёр тэр муу ачийгаа тэгээд харж дөнгөдөг болов уу? гэсээр малийтал инээн гэртээ иржээ.
Хоног өдрийг өнгөрөөсөөр явтал нэг өдөр гэнэт цахилгаан мэдээ хүрээд иржээ. Оргой, Мижид хоёр баахан хөөрцөглөж ач охиноо явуулах болохоор хоёулаа уйлж, дуулахдаа хүрэв. Болдхүүгийнх яаралтай томилолт авч, өөрсдөө ч ирж аав ээжтэйгээ уулзах завдал болсонгүй, явуулын хүнээр охиноо яаралтай ирүүлэхийг учирлан гуйжээ.
“-Миний хүү, тэгэх учиртай. Тэр мэдэлгүй яахав. Юм үзэж нүд тайлаг. Цаашдаа өөрт нь ч, өргөн олонд ч хэрэгтэй” гэж Оргой ач охиноо үдэж явуулахдаа боджээ.
“-Нэг ирээд, уулзаад явж болоогүй л юм байх даа! Миний ингэж санаж, сарвайж явааг тэр хүүхэд даанч мэддэггүй юм болов уу? Ном бичнэ, энэ тэр гэсээр байгаад биегүй болж мэдэх хүн шүү дээ, муу хүү минь!” гэж Мижид нулимсаа арчин, хөх тэнгэрт хөөрч, хүчээ авч хүнгэнэсээр алслах онгоцны барааг ширтэн зогсохдоо боджээ.
Бороохойн Батхүү
1986 оны V сар
Сэтгэгдэл ( 0 )