Хүүхдийн эрх хамгааллын хэлтсийн дарга Д.Сайханбилэг: Тэнэмэл хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь бага

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 25

Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд болон тус сургуулийгийг төгссөн сэтгүүлчид хамтран өчигдөр хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажил байдалтай танилцлаа.

09.00 цагаас эхэлсэн уг аялал Хүүхдийн төлөө газар, Өсвөр үе төв, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Хүүхэд хүүхдийнхээ төлөө, Хүүхдийн ордон, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв, Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв, Монголын хүүхдийн сан, Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв, Хөгжпийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо зэрэг газраар явсан юм.

Аяллынхан хүүхдийн талаархи асуудал өнөөгийн нийгэмд ямар төвшинд байгаа, ямар асуудал хөндөгдөж байгаа тухай мэдээллийг сэтгүүлчдэд болон олон нийтэд хүргэхийг зорилгоо болгон нэг өдрийг өнгөрөөсөн юм. Энэ үеэр хүүхдийн эрх хамгааллын хэлтсийн дарга Д.Сайханбилэгтэй уулзаж хүүхдийн өмнө тулгарч буй зарим асуудлаар ярилцлаа.

-Тэнэмэл хүүхдүүд бүртгэх аян зохион байгуулж байгаа гэж сонссон. Өнөөдрийн арга хэмжээг хаанаас зохион байгуулж байна вэ?

-Шадар сайдын тушаал гарч тэнэмэл хүүхдүүд биш эмзэг бүлгийн хүүхдүүдийг аюулгүй дулаан өвөлжүүлэх талаар бүх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Өчигдрийн хувьд нийслэлийн хэмжээнд байгаа тэнэмэл хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, хаягжуулах нөхцөл байдлыг нь тогтоох ажпыг нийслэлийн хэмжээнд эхэлсэн байгаа. Манай байгууллагын зүгээс тухайн хүүхдүүдэд нийгмийн ямар асуудал дутагдалтай байна. Тэр бүхнийг нь орон нутгийнхаа хамтарсан багйар хийж хэрэгжүүлэх зорилттой байгаа. Үүнд шаардагдах төсөв хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргуулъя гэсэн удирдамж, тушаал гаргачихаад байна. Ирэх даваа гаригаас эхэлж энэ үйл ажиллагаа ажил хэрэг болно. Ер нь жил бүхэн хүйтний улиралтай холбогдуулан хараа хяналтгүй, гудамжинд гуйлга гуйж байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах асуудал сөхөгддөг. Энэ онд аль болох ар гэрийн гачигдалтай хүүхдүүдэд нийгмийн тусламж үзүүлэх, ахиад өвөл болоход энэ хүүхдүүд ямар нэгэн даарах, өлсөх асуудалгүй байх тал дээр анхаарч ажиллана гэсэн бодол байна. Ерөнхийдөө ажилгүйдэл, архидалт, ядуурал, гэр бүл салапт гэх мэтчилэн асуудлаас болж хүүхдийн хараа хяналт суларч байгаа. Түүнээс биш дурандаа тэнээд гэрээсээ явчихсан бол байхгүй шүү дээ. Зөвхөн хүүхдийн байгууллага гэлтгүй төрийн захиргааны бүх байгууллагын хамтарсан ажил болох гэж байна. Тиймээс би нийт төрийн байгууллага тэр дундаа нийгмийн харилцаанд оролцож байгаа нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагуудыг хамтарч ажиллаасай гэж хэлмээр байна.

-Танайд данстай хэчнээн тэнэмэл хүүхэд байна?

-Улаанбаатар хотод 34 халамж асрамжийн төв байгаа. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяа хүүхэд хамгаалах хаяг тогтоох төв байна. Бид тэнэмэл хүүхдүүдийг хамгаалах ажлыг орон нутагтай нь хамтарч шийддэг. Тэгэхээр манайхаас сар болгон хүүхэд хамгаалах төвтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Налайх дүүргийн харьяатай тэнэмэл хүүхдийг тус дүүргийн хүүхдийн албаны ажилтнуудад хүлээлгэж өгдөг. Хамгийн сүүлд гэхэд Сонгино хайрхан дүүрэгт ажилласан. Мөн хараа хяналтгүй хүүхдүүдийг бид бүртгэлжүүлсэн. Хараа хяналтгүй халамж асрамжийн газарт харьяалагдаж байгаа хүүхдүүдийн мэдээллийн нэгдсэн сан сүлжээг Хүүхдийн төлөө газрын мэдээллийн сайтад суурилуулсан. Халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдтэй нийлээд 800 гаруй хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон.

-Тэнэмэл хүүхдийг бичиг баримтжуулах ажил ямар төвшинд байна. Тухайн хүүхдүүд хүний хөгжпийн мөнгө авч чадаж байгаа болов уу?

-Халамжийн төвд байгаа хүүхдүүд 100 хувь хүний хөгжлийн мөнгөө авдаг. Гэхдээ 18 нас хүртлээ захиран зарцуулах эрхгүй, хадгапамжийн дансанд мөнгө нь хийгддэг гэсэн үг. Яг гудамжинд гуйлга гуйж байгаа болон хараа хяналтгүй хаяг тогтоох төвд байнгын үйлчлүүлж байгаа хоёроос дээш жил тэнэсэн, бичиг баримтгүй хүүхдуүд байгаа. Гэхдээ нэгдсэн аргахэмжээгээр тэнэмэл хүүхдүүдийн бичиг баримтын асуудал их цэгцэрсэн. Хүүхэд хууль ёсны дагуу иргэний бүртгэлд бүртгэгдэхэд нэг ч төгрөг байгаа. Харин төрсний гэрчилгээ юм уу өөрийн бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд ахин авах бол тодорхой хэмжээний мөнгө төлж байгаа. Мөн хүүхэд бичиг баримтгүй байгаагийн гол шалтгаан нь аав, ээж нь бичиг баримтын зөрчилтэй үүрэг хариуцлагагүй байснаас үүдэлтэй. Тэр ч бүү хэл төрсөн ээж нь өөрийгөө нас барсан гээд иргэний бүртгэлээс хасалт хийлгээд оршуулгын зардал авчихсан. Тэгээд хүүхэд нь бичиг баримтгүй байгаа тохиолдол ч байна.

-20 гаруй жилийн өмнө тэнэмэл амьдралтай байсан хүүхдүүд өнөөдөр хэрэгт холбогдож байна. Үүний үндэс суурь нь танай байгууллагатай холбоотой гэх яриа гадуур дэгдээд байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Хүүхдийн төлөө газар 0-18 нас хүртэлх хүүхдийг хариуцаж ажилладаг. Тухайн үед гудамжинд гуйлга гуйж байсан хүүхдүүд одоо насанд хүрчихсэн тэнэмэл болчихсон бүртгэл, мэдээлэл бид нарт байна. Бид ЦЕГ 21 аймгийн хэв журмын тасаг, есөн дүүргийн хүүхдийн байцаагч нартай хамтраад дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Ер нь хараа хяналтгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдцэг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Гэтэл хараа хяналтгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол маш бага. Харин эсрэгээрээ эх эцгийнхээ гар дээр байгаа хүүхдүүд илүү их гэмт хэрэг үйлддэг. Хараа хяналтгүй хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох магадлал их өндөр.

-Хараа хяналтгүй хүүхдүүд хүний наймааны золиосонд их явж байна гэж ярьдаг?

-Тэнэмэл хүүхдүүд хүний наймааны золиос болж байна ч гэдэг юм уу янз бүрийн хардалт, сэрдлэг нийгэмд их. Гэтэл яг өнөөдөр хараа хяналтгүй хүүхэд хил гарсан, тэр нь хууль хяналтын байгууллагаар шалгагдсан ноцтой тохиолдол бүртгэгдээгүй. Ерөнхийдөө гэр бүл салалт, аав ээжийн харилцааны зөрчилтэй асуудлаас болоод хүүхэд нь нэг найзындаа түр амьдрах, 7-10 хоног гадуур байх тохиолдол их. Энэ үед нь цагдаагийн байгууллагад аав ээж нь хандах, хүүхэд алга болчихлоо гэж мэдээлэх зүйл байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байдаг атлаа тухайн хүүхэд эргэж олдсон талаар мэдээлэл цацагддаггүй. Энэ нь хүүхдийн талаархи буруу мэдээллийг нийгэмд тараах үндэс болоод байгаа юм.


Эх сурвалж: “Монголын Үнэн”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top