Герман Улс цөмийн хаягдлаа булах газар хайж байгаа аж. Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараа тус улс цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, атомын цахилгаан станц (АЦС)-уудаа үе шаттайгаар хаах шийдвэр гаргасан байна. Хэдэн сарын өмнөөс тус улс АЦС-аас гарсан цөмийн хорт хаягдлаа булах асуудлыг шийдвэрлэхээр шамджээ. Тус улсын Засгийн газар сүүлийн 30 гаруй жил хуучнаар зуүн, баруун Германы хоорондох хилийн зурвасын ойролцоохь “Доод Саксони” мужийн Горлебен хэмээх газар булж ирсэн байна. Горлебенд цөмийн хаягдал хадгалах байгууламжийг барьж, туршихад нийтдээ 1.6 тэрбум евро зарцуулсан ч энэ байгууламжийн байршлыг зөв сонгосон эсэх тухай асуудал өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа аж.
Энэ сарын 11-нд тус улсын Байгаль орчны сайд болон 16 мужийн эрх баригчид уулзаж ярилцсаны эцэст Цөмийн хаягдал боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсэг ажлаа ирэх сард эхлэх бөгөөд ирэх зун гэхэд хуулийн төслийг бэлэн болгох ажээ. “Эрлийг бүх улс даяар хийнэ. Горлебен орчмын газар нутгийг ч эргэн сайн судлах болно” гэж тус улсын Байгаль орчны сайд Норберт Ретген хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Тус улсын АЦС-уудын дийлэнх нь байрладаг Баден-Вертенбург болон Бавари зэрэг өмнөд мужуудын захирагч цөмийн хаягдал хадгалах шинэ агуулах барих газар нутгийг эрж хайхыг эртнээс эсэргүүцэж байсан юм. Учир нь тэдгээр нутагт боржин чулуу, шаврын орд ихтэй учраас цөмийн хаягдлын агуулах барих магадлал өндөртэй газруудын тоонд ордог аж. Гэсэн ч тухайн мужуудын эрх баригчид агуулах байгуулах газар хайхыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Германд асуудал ингэж өрнөж байх зуур Японы Засгийн газар манайд цөмийн хаягдал булах талаар хэлэлцэж байгаа гэх яриа дэгдсэн юм. Тус улсын “Майничи шимбун” сонин өнгөрөгч гуравдугаар сараас хойш Засгийн газар Монголд цөмийн хаягдал булах талаар хэлэлцэж байгааг хэд хэдэн удаа нийтэлсэн.
Энэ нь ч дэлхий нийтээр тархаж, АНУ-аас гадна хэд хэдэн орон манайд цөмийн хаягдал булахыг гуйсан юм. Түүнчлэн Европын хөгжингүй орны Канцлер гэнэт манай оронд ирэх болсон нь үүнтэй холбоотой гэнэ. 2005 онд Канцлерын албан тушаалд томилогдсон Ангела Меркель зургаан жилийн дараа буюу өнгөрөгч аравдугаар сарын 12,13-нд манай оронд айлчлах болсон нь цөмийн хаягдал булах санал тавих асуудал байсан гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Харин үүний “өнгөлөн далдлалт” нь Тавантолгой гэнэ. Харин манай тап түүний дээрх саналд сөрөг хариу өгсөн бололтой. Ингээд тус улс дотооддоо цөмийн хаягдлаа хадгалах талаар судалж эхэлсэн байх. Гэхдээ гаднын оронд цацраг идэвхт бодис булахыг илүүтэй үзэж байгаа юм. Ер нь дэлхий дээр цөмийн хаягдлаа булшлах асуудлыг бүрэн шийдсэн орон гэж байдаггүй аж.
Германтай адил Япон ч гэсэн АЦС-аас татгалзжээ. АЦС-гүйгээр эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангахаар болоод байгаа юм. Одоогоор Германд цацрагийн өндөр агууламжтай 12 мянган тонн цөмийн хаягдал байгаа. Үүнээс гадна цацрагийн дунд болон бага зэргийн хэмжээний агууламжтай хаягдал хэдэн зуун мянган тонн бий гэнэ. Эдгээр нь цөмийн эрчим хүчний станцууд ажиллаж эхэлснээс хойш хуримтлагдсан хаягдлууд. Журам ёсоор цөмийн хаягдалтай савнуудын заримыг нь тухайн станцынх нь нутаг дэвсгэр дээр, заримыг нь тусгай агуулахад хадгалсаар ирсэн байна. Яагаад. гэвэл тус улс цацрагийн өндөр агууламжтай цөмийн хаягдлаа яаж бүрмөсөн булшлах вэ гэдгээ өнөөг хүртэл шийдэж чадаагүй аж. Учир нь тус улсын зөвхөн Горлебений агуулахын туршилтын ажилд 1.6 тэрбум евро зарцуулсан билээ. Тэгвэл цөмийн хаягдлуудыг “оршуулж”, тэдгээрийг хэдэн арав, зуу, мянган жилийн турш аюулгүй хадгалахад нь хэдий хэр хөрөнгө мөнгө орохыг таашгүй юм. Плутони мэтийн дулаан ялгаруулагч элементүүдийг булвал бүр хэдэн сая жил манах хэрэгтэй болдог байна. Плутони нь цөмийн хорт хаягдалд агуулагддаг элементийн нэг. Тиймээс Герман Улс цөмийн эрчим хүчнээс шат дараатайгаар татгалзах замыг сонгосон байна.
Энэ нь зөв шийдвэр болсон гэдгийг олон улсын шинжээчид нуугаагүй. Тус улсын энэ үйлдэл цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх эхлэл тавьж буй орнуудад дохио болов. Тус улс цөмийн эрчим хүчнээс татгалзах ажилд анхдагч нь байж, үүнийг өөрчилж болдгийг бусдадаа үлгэрлэлээ.
Дэлхий дээр атомын цахилгаан станц бий болсноос хойш 50-иад жилийн нүүр үзэж байгаа. Эдүгээ дэлхий дээр 450 орчим АЦС ажилладаг. Нэг ийм станц 25 жил ажиллалаа гэхэд цацрагийн өндөр агууламжтай 20 тонн цөмийн хаягдал, түүнээс ч их хэмжээний дунд болон бага зэргийн цацрагийн агууламжтай хорт хаягдал гаргадаг байна.
Цөмийн хорт хаягдалд плутониос гадна цези, иод, циркониум, ниоб,уран, технициум, нептониумын изотопууд байдаг сая гаруй жилийн дараа хорт туяагаа ялгаруулсаар байдаг байна. Цөмийн хаягдлыг мөнхөд агуулах ямар ч байгууламж гэж байдаггүй аж. Цацраг идэвхт хаягдлын ганцхан граммыг хэдэн мянга хуваасантай тэнцэх хэмжээтэй бодисоор амьсгалахад л хүн уушгины хорт хавдартай болдог. Хэчнээн зузаан материалаар цацраг идэвхт бодисыг агуулах савыг хийсэн ч хорт хаягдал аюул дагуулдаг бөгөөд тэсрэх аюулыг нь бодолцож цементэн агуулах саванд хадгалдаг байна.
Хэдийгээр зузаан цементэн саванд хийсэн ч дэлбэрэхээс сэргийлж хөргөөдөг байна. Хергөхөд байнга хөрөнгө зарцуулдаг бөгөөд эдийн засгийн хувьд хохиролтой. Тиймээс гаднын оронд булшлахыг санаархдаг бололтой. Германаас өмнө буюу 1986 онд Чернобыльд осол гарснаас жилийн дараа италичууд бүх ард түмний санал асуулга явуулж, цөмийн эрчим хүчнээс татгалзсан. Түүнчлэн АНУ 2004 онд Невада мужийн Якка ууланд цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажлаа зогсоосон. Асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжид тус улсын инженерүүд 10 мянган жилийн аюулгүйн баталгаа өгсөн ч тус улсын шүүх үүнийг хангалтгүй гэж үзжээ.
Мөн тус улсын Ерөнхийлөгч асан Ж.Бушийн Невада мужийн Якка уулын боржин чулуулагт цөмийн хаягдлыг эцэслэн булшлах агуулах барих санаархлыг 2009 онд одоогийн Ерөнхийлөгч Б.Обама зогсоосон юм. Тиймээс гаднын орноос манай оронд цөмийн хаягдал булах түр намжсан санал дахин ирж мэдэх л юм.
Эх сурвалж: “Монголын Үнэн”
Сэтгэгдэл ( 0 )