Хэвлэлийнхнийг царайчилж явсан хоёр нүүрт улстөрчдийн багийг хуулъя

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 03

“Миний суртал­чил­гааг дор­ви­той­хон хийгээд өгөөч, надаас нэг ярилцлага аваад өгөөч, миний талаар мэдээ гаргаад өгөөрэй, шар мэдээний буландаа на­майг нэг бичээдэх л дээ, ах нь сая тойрог руугаа очоод ийм ажил хийлээ, үүгээр ганц PR явуу­лаад өгөөч” хэмээн гуйлга гуйж явсан УИХ-ын гишүүд Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга яригдаж буй эдгээр өдрүүдэд цоо шинэ хүн болцгоожээ.
Яаж телевизийн эфирт өртөх вэ, хэрхэн хэвлэлийнхний анхаарлыг татах вэ гэдэгт толгойгоо гашилгадаг саарал ордны жүжигчид саяхнаас хэвлэлд “хайргүй” хүмүүс болж хувирав.  
Яг үнэндээ хэвлэлийнхнээс үнхэлцгээ хагартал айдаг болохоор ирэх сонгуулиар “алуулчихгүй”-н тулд айдгаа авдрандаа хийх санаатай үзэж тарж байна.
Уржигдар Төрийн байгуулал­тын байнгын хорооны хурал­даанаар “Хэвлэл мэдээллийн байгуул­лага нь өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлт­гэсэн сонгуулийн суртал­чил­гаатай холбоотой нийтлэл, нэвтрүүл­гийнхээ үнэн зөв, бодит байдлыг хариуцна” гэсэн Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэвээр батлахаар болсон байна. Ийм тохиолдолд УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө талаар баримт баталгаагүй нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд хүргэсэн тохиолдолд сэтгүүлч бид л шүүхийн хаалга татаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5-10 сая төгрөгийн төлбөрт унах юм. Энэ шударга Монголын шударга хууль мөн гэж үү.
Сонгуулийн сурталчилгаа явагдах богинохон хугацаанд юу болоод өнгөрөв өө гэмээр л бужигналддаг шүү дээ. Гаднаас орж ирсэн нийтлэл, нэвтрүүлгийн үнэн бодитой эсэхийг шалгаж нягтлаад явах цаг зав хэвлэлийнхэнд олддоггүй. Тийм байхад гаднаас орж ирсэн төлбөртэй нийтлэлийг захиалгатайгаар нийтлүүлсэн тухайн улстөрч биш хэвлэснээрээ хэвлэлийн байгууллага мөнгөн торгуульд унана гэдэг байж боломгүй асуудал.
Уг нь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ““Хэвлэл мэдээллийн байгууллага худал мэдээлэл цацсан хүний өмнөөс хариуцлага хүлээхгүй” гэдэг зүйлийг нэмж оруулахаар төлөвлөөд байна. Энэ бол ойлгомжтой асуудал юм. Гэхдээ яах вэ, тодорхой болгоод өгчихье. Ер нь хууль зүйн хувьд нэг тодорхой зарчим байдаг. Хэн зөрчил гаргана, тэр хариуцлага хүлээдэг. Түүнээс биш Ж.Сүхбаатар худлаа мэдээлэл өгсний төлөө тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээх ёсгүй шүү дээ. Үүнийг энэ хуульд засч, тодруулж оруулсан, оруулаагүй тухайн шүүгч өөрөө асуудлыг шийдээд явах боломжтой байсан” хэмээн манай сонинд ярилцлага өгч байсан боловч яагаад ч юм анхныхаар нь явуулахаар бусад гишүүдтэйгээ санал нэгджээ.
“Ирээдүйд чи хэн ч болж болно, өнөөдөр хэн байснаа мартаж болохгүй” гэдэг үг бий. Тэгвэл хэвлэлийнхний хүчээр олонд танигдаж, төрийн түшээ болсон атлаа сэтгүүлчдийг үзэн яддаг цөөн хэдэн хүн энэ УИХ-д бий.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг байна. Саяхан л “Та сувгаа битгий солиорой” гэх зэргээр дэлгэцийн өмнө эргэлдэж, нэг тогооноос хоолоо идэж явсан тэрбээр өнөөдөр хэвлэлийнхнийг нэг нүдээрээ ч үздэггүй нь гайхалтай. Хууль батлагдахын өмнөх хэлэлцүүлгийг хийдэг байнгын хорооны хурлыг хүртэл хэвлэлийнхэнд хаалттай болгох гэж өнгөрсөн хаваржин зүтгэсэн хүн бол Ч.Сайханбилэг. Учир нь долоон булчирхайгаа тоочиж, хамаг булайгаа энэ хурал дээр л дуудалцдаг юм. Нэг ёсондоо ард түмнээс нууж, хаах зүйл Ч.Сайханбилэгт их байдаг учраас хэвлэлийнхнийг хааж, боох гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг болов уу. Тэрбээр энэ удаа ч хэвлэлийнхний амыг яаж хамхих вэ, эднийг хэрхэн хашраах вэ гэдэг дээр хамгийн их толгойгоо гашилгаж явна.
Ер нь хэвлэлийнхний амыг хамхиж, хамаг булайгаа далдлах сонирхолтой, хэрэг хийсэн ч хариуцлагаа сэтгүүлчдэд тохоод, их мөнгөн төлбөрөөс зугтах эрмэлзэл энэ гишүүдэд их бий бололтой.
Уржигдрын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ташаа мэдээлэл цацсан сонинг хаадаг жишиг бусад оронд байна. Эрүүгийн хариуцлагын хэмжээнд ярихгүй бол хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй” хэмээн томорсон бол Э.Мөнх-Очир гишүүн “Хүн гүтгэсэн байгууллагыг дампууртал нь торгох хэрэгтэй. Тэгж байж эрүүл мэдээлэл гардаг болно. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Бусдыг гүтгэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 700 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох шаардлагатай” гэж омогдов. Энэ саналыг нь байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хүлээн авч, “Эрүүгийн хуульд хүнийг гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Иргэний хуульд ч байгаа. Зохицуулж болох асуудал” гэж дэмжив.
Миний санаж байгаагаар Ж.Сүхбаатар гишүүн хоёрхон долоо хоногийн өмнө асуудлыг нааштайгаар шийдэж болно, хэвлэлийнхэн та нар эртхэн саналаа хэлэхгүй дээ гэх ухааны зүйлийг манай сонинд ярьж байсан шүү дээ. Улааныг харж урвадаг, хоёр нүүртэй ийм л УИХ-ын гишүүн Дархан-Уул аймгаас сонгогджээ.
Харин ясны сэтгүүлч гишүүн З.Алтай л санаа нийлсэн гишүүдийнхээ эсрэг боссон юм. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллага торгуулиас айхгүй. Гэхдээ бузар булайг улстөрчид та нар хийдэг. Өрсөлдөгчөө няц дарахын тулд ийм муу муухай үйлдлийг 20 жилийн турш хийсээр ирсэн. Худал мэдээлэл цацсан гэдгээр хариуцлага тооцвол та нарын олонх шоронд явна шүү. Ардчилал хөгжөөд 20 жил болж байхад хэвлэлийг хаана гэж ярьж байгаа нь аймшигтай. Гүтгэсэн хүнтэйгээ хариуцлага тооц. Би та нарын юу хийдгийг сайн мэднэ” гэж ёстой л үнэнийг өчнө лээ.
Үнэхээр ч Ардчилал хөгжөөд 20 жил болж байхад хэвлэлийг хаагдах хүртэл арга хэмжээ авах ёстой гэж дуугарсан хүмүүс жинхэнэ дарангуйлагч төрхөө илчилсэн хэрэг боллоо. Бас бузар булайг улстөрчид л хийдэг гэж үнэн шүү дээ. Гүтгэж, гүжирдсэн материалыг өөрсдөө сэтгүүлчдэд өгдөггүй л юм бол хариуцлагыг зөвхөн хэвлэлийнхэн үүрнэ гэсэн утгатай заалтыг оруулах гэж юундаа сандарна вэ. Үнэндээ мөнгөтэй байх тусмаа нарийн байдаг гэдэг шиг өөрсдөөсөө гарах дараагийн зардлаа хэмнээд ч байгаа юм бил үү, хэн мэдлээ.
Нөгөөтэйгүүр их мөнгөн дүнгээр хэвлэлийнхний амыг барьж, үүдийг нь хаана хэмээн айлгах гэж оролдож байгаа бол санасны гарз. Өнөөдөр сөрөг хүчний байр суурийг хэвлэлийнхэн л хамгаалж, ард түмний индэр  нь хэвлэлийнхэн л болж байна. Ийм байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл УИХ-ын 76-аас айж, агшина гэж юу байх вэ. Ард түмэн, олон нийт хаана байна, тэнд хэвлэлийнхэн зогсдог учраас бидэнд хийсэн буруу зүйл, айх аюул гэж үгүй билээ.
Харин зураглаачдыг гуйж камерт нь дүрсээ авахуулдаг, мэдээ, ярилцлага, сурвалжлага, нийтлэлээ сэтгүүлчдээр бичүүлэхийн тулд царайчилж явдаг гишүүдийг нэр устай нь хэлээд өгч болно шүү. Сүрдүүлж байгаа юм биш, чаддаг юмаараа боож байна. Доголонгийн газар доголон гэгчээр бидэнд үзүүлж буй араншинг улстөрчдөд ч үзүүлж болохгүй гэх хууль байхгүй биз дээ.
Тэр байтугай УИХ-ын хуралдааны үеэр өөрийн тойргоос ирсэн зочдыг чуулганы танхимд хөл тавьсан даруйд гэнэт дуу орж, хууль батлах ажилдаа идэвхтэй оролцож буй дүр эсгэдэг шоунуудыг тань бид мэднэ. Гэсэн ч тэр ингэж шоудлаа гэж шившиг болгоод байдаггүй л байх, УИХ-ын эрхэм гишүүд ээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top