Дамба байн байн үүд рүү хяламхийн, хүлээж цөхсөндөө суудлаасаа өндөлзөж байлаа. Яагаад ч юм Энхмаа ирэхгүй юм шиг санагдаад болдоггүй. “Тэр бас л хоцорчихлоо, бас л ирэхгүй юм байна л даа…”хэмээн бувтнаж байгаагаа ч анзаарсангүй.
“За, сайхан хаваржиж байна уу?” гэх дуунаар тэр цочин өндийв. Энхмаагийн үл мэдэг инээмсэглэлээс гэрэл цацарч байх шиг л санагдав. Хоёр хөгшин бие биенээ ширтэн удаан суулаа. Хэн хэнийх нь санчиг будантаж, он цагийн давалгаа нүүрэнд нь арилшгүй мөрөө үлдээчихэж. Зүрхний цохилт хүртэл мэдрэгдэм нам гүм. Удаан уулзаагүй улс ярих ч юмаа олж чадахгүй сандарч байгаагаа л мэдэж байв. Дамба “эрх ч үгүй би эр юм байна даа, түрүүлж дуугарах хэрэгтэй байх” хэмээн бодож “Уулзаагүй удсан байна шүү” гэж хоёр биендээ дуулдахын төдий шивнэв. Энхмаа чимээгүйхэн инээмсэглэж “35 жил, 5 сар, найм хоног. Энэ өдрийг хичнээн ч жил хүлээв дээ” хэмээн гунигтайхан хэлснээ уртаар санаа алдлаа. Түүний энэ үг Дамбыг цохиод авах шиг л болов. Үнэндээ тэр Энхмааг ийм сайн санаж, бүүр сар өдөртэй нь хэлэх юм гэж бодсонгүй явж. Сандарсандаа “Чи намайг хүлээсэн гэж үү” хэмээн хэлэхдээ тэр ямар их тунирхуу дуугарч байгаагаа ч анзаарсангүй. Энхмаа дахиад л чимээгүйхэн инээмсэглэж “Хүлээсээн. Зөндөө их хүлээсэн” гэснээ чимээгүй болчих нь тэр. Тийм байж. Тэр өдрөөс хойш 35 жил, 5 сар, найм хоног өнгөрчихөж.
Намрын намуухан орой. Үдшийн тэнгэрт одод нэг нэгээрээ нэмэгдэн анивчиж, үес үесхэн салхи Энхмаагийн үсээр наадаж, түүнийг улам ч хөөрхөн харагдуулна. Маргааш цэрэгт мордох гэж буй Дамба өөртэйгөө зөрчилдөн байж их зориг гарган Энхмаагийн уруул дээр зөөлхөн үнсэж “Чи намайг хүлээх үү” гэхэд бүсгүй “Хүлээнээ… Эргээд иртэл чинь хүлээнэ. Гурван жилийн дараа цэрэг халагдах өдөр, яг энэ сандал дээр чамайг хүлээгээд л сууж байна” хэмээн амлаж байсан тэр өдрөөс хойш 35 жил, 5 сар, найм хоног өнгөрчихөж. Дамба овоо зориг орж “Чи тэр өдөр ирсэн үү” хэмээн асуухдаа буруу харж байлаа. Энхмаа “Чи ч, би ч ирээгүй шүү дээ” хэмээн дахиад л санаа алдав. Тийм ээ, үнэхээр хэн нь ч ирээгүй. Цог адил гэрэлтдэг байсан бүсгүйн нүдэнд гунигийн манан суучихаж. Энхмаа “Амьдрал биднийг өөр өөрсдийнх нь замаар л хөтөллөө дөө. Уйлах дуулах цаг бүхэнд би чиний тухай боддог байсан. Сайхан ханийнхаа дэргэд чамайг бодож сэтгэлийн нүгэл их хураасан даа” гэснээ чимээгүй болчихов. Дамбад хэлэх үг олдсонгүй. Тэр ч гэсэн 35 жил, таван сар, найм хоног Энхмааг үгүйлэн гансарч байсныгаа гэнэт анзаарлаа. Чимээгүй суусаар л … Цаг орой болчихжээ. Эртхэн харихаас хэмээн Энхмааг өндийхөд Дамба цочсон юм шиг “Нээрээ тийм байна, харья даа” гэж хэлчихээд хачин их харамсав. Хус шиг нарийхан охинд цаг хугацаа дааж давшгүй их ачаа үүрүүлсэн бололтой. Энхмаа баяртай ч гэсэнгүй. Дамба ч дуугарсангүй. Бөгтийж, хөгширсөн ч гэсэн тэр Дамбын нүдэнд сайхнаараа л харагдана. Буурал суусан үсээ нууж цэнхэр алчуур зангидсан Энхмаагийн араас тэр удаан харж суухдаа “Гучин таван жил ,таван сар, найм хоног” хэмээн амандаа үглэсээр байв. Дахиад энэ бүсгүйн алчуур дэрвэхийг тэр хэзээ ч харж чадахгүй нь дээ хэмээн бодож нэг их гүнзгий санаа алдав… Тийм ээ, 35 жил, таван сар, найм хоног өнгөрчихсөн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )