Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын МАН-ын III хуралдаанд “Монгол ардын намаас дэвшүүлж буй Монгол Улсыг ирэх 20 жилд хөгжүүлэх Ард түмний хөгжлийн хөтөлбөрийн зорилт”-ийн талаар тавьсан илтгэл
Бага хурлын гишүүд ээ,
Эрхэм журмын нөхөд өө,
Хатагтай ноёд оо,
Та бид бага хурлын III хуралдаанаараа XXI зууны Монгол орныхоо ирэх 20 жилийн хөгжлийг тодорхойлох түүхэн шийдвэр гаргахаар хуран цуглаад байна.
Бага хурлаа товлон тогтсон энэ өдөр бол Дамдины Сүхбаатарын мэндэлсэн түүхт өдөр өө. Тэрээр Ардын намыг үндэслэн байгуулагч анхны долоогийн нэг, Ардын хувьсгалыг ялалтад хүргэх тэмцлийг удирдан манлайлж гарамгай гавъяа байгуулсан Mонголын ард түмний сод хөвгүүн, чин зоригт баатар билээ.
Тиймээс их жанжиныхаа мэндэлсний 119 жилийн ойн омогшил баярын мэндийг эрхэм журмын нөхөд Та бүхэндээ, Ардын намын нийт гишүүд, дэмжигчиддээ, Mонголын бүх ард түмэндээ Тусгаар тогтнолын ордныхоо индрээс хүргэж, сайн сайхан бүхний ерөөлийг дэвшүүлье.
“Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн зүгт хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээсэн Их жанжны үг 90 жилийн тэртээх шигээ утга чанартай хэвээр байна. Учир нь өнөөдөр Монгол Улс, Mонголын ард түмэн эрчимтэй хөгжил дэвшлийнхээ нэгэн эгзэгтэй мөчид ирлээ. Чухамдаа монголчууд бид, эв саналаа нэгтгэн нийт нэгэн зүгт хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс хөгжлийн манлайд хүрч, монгол хүн болсноороо бахархах хосгүй боломжийн өмнө байна.
Алдаж боломгүй энэ боломжийг ажил хэрэг болгоход манай намд ч, манай ард түмэнд ч алсыг харсан холын зорилго, зорилтод хөтөлсөн шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй, цаг хугацааны хувьд дэс дараалалтай хэрэгжих хөгжлийн хөтөлбөр нэн хэрэгцээтэй нь амьдралаас тодхон харагдаж байна. Ийм хөтөч хөтөлбөр нь ард олны үзэл бодлыг нэгтгэх, нөөц бололцоог дайчлах, эрч хүчийг зангидах, урам зоригийг нэмэх чухал ач холбогдолтой байх болно. Хамгийн чухал нь ийм хөтөлбөр хөгжил өөд хийх бидний үсрэлтийг нарийвчлалтай, оновчтой, алдаа ташаарал багатай болгоход тустай байх юм.
Манай намын XXVI Их хурлаас ирэх 20 жилийн хөгжлийн бодлогыг боловсруулах чиглэлийг бидэнд өгсөн. Уг чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн шинэлэг хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулахад манай намын удирдлагууд онцгой анхааран ажилласан. Монгол ардын намын энэхүү чиглэл, санаачилгыг биелүүлэх үйлст идэвхитэй оролцож хүн амын хүсэл эрмэлзэл, орчин үеийн онолын сэтгэлгээ, нарийн тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон бодлогын баримт бичгийн төсөл дээр хамтран ажилласан ажлын хэсгийн гишүүд, нийт хүмүүст талархал илэрхийлье.
Манай нам өөрийн бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр зорилгоо ард түмний эрэлт хэрэгцээ, тэднээс гарсан санал санаачилга, оюун бодлын ундрагад тулгуурлан боловсруулдаг түүхэн уламжлалтай. Тэр уламжлалынхаа дагуу “Ард түмнээ сонсъё аян”-ыг өрнүүлж, гарсан санал бодол, хүсэл тэмүүллийг нухацтай судалж, боловсруулж нэгтгэлээ. Түүнийгээ эрдэмтэн мэргэд, улс төрчид, ахмад, дунд үеийнхэн, залуучуудын оюун бодлын шүүлтүүрээр орууллаа. Энэхүү хөтөлбөрийг хийхдээ бид эдийн засгийг бүхэлд нь томъёолсон математик-загварыг монгол мэргэжилтэнүүдийнхээ хүчээр боловсруулж ашигласан нь шинэлэг боллоо. Энэ нь тооцоог нарийвчлалтай болгож өгсөн. Харин уг тооцоо, төслөөлөл нь дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн банк санхүүгийн байгууллагуудын тооцоотой дүйцэн мөргөж байгаа нь урамтай. Уг судалгааны үр дүнд “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” нэртэй бодлогын баримт бичиг боловсрогдлоо. Энэ баримт бичгийг манай намын Бага хурал хэлэлцэн баталснаар Монгол ардын намаас Монгол улсаа хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны шинжтэй, цэгцтэй хөтөлбөр, төсөөллийн суурь үндэсийг бий болгож байгаа юм.
Манай нам хөгжлийн үе шат бүрт ийм тодорхой хөтөлбөр зорилттой байж, улс орноо, хүн ардаа хөгжил дэвшилд хөтөлж ирсэн бахархам түүхтэй, баялаг туршлагатай билээ.
Эрхэм журмын нөхөд өө,
Бид “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа, дэлхийн болон бүс нутгийн чиг хандлагад шинжилгээ хийж Монгол улсынхаа хөгжлийн өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгсөн юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарах боломж, сорилт эрсдлийн аль алиныг тооцож хөгжлийн стратеги, үе шат, хэрэгжүүлэх арга замыг харилцан шүтэлцээ бүхий дөрвөн тулгуур хэсэгт хуваан боловсрууллаа. Уг хөтөлбөрийн хүрэх үр дүн, түүнийг хангах арга механизм, шалгуур үзүүлэлтийн талаар бие даасан бүлэг бий. Хөтөлбөрийн гол тулгуур хэсгүүдээр өнөөдөр тусгайлсан илтгэл, танилцуулга хийгдэх болно.
Монгол ардын нам “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа улс орныхоо хөгжил дэвшлийн түүх, ялангуяа өнгөрсөн 20 жилийн замнал, туршлагыг харгалзаж, сургамжаас нь санаа авлаа. Ийнхүү ирэх 20 жилээр баримжаалж боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-төө бид улс орноо, хүн ардаа ХХI зууны шаардлагын түвшинд хүртэл хөгжүүлэх, ард түмнийхээ хүсэл мөрөөдөл, тэмүүллийг шингээж оруулсан. Гагцхүү энэ хөтөлбөрт шингэж орсон зорилт бүхэн мөрөөдөл төдий зүйл биш. Харин биелэх бодит бололцоотой, үе шаттайгаар амьдралд хэрэгжих зорилтууд гэдгийг шууд хэлье.
Монгол хүн бүр ирээдүйгээ гэрэл гэгээтэй, өөдрөг сэтгэлээр төсөөлж хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ажиллаж амьдрахад уг хөтөлбөр чухал түлхэц өгнө. Манай намынхны эв нэгдэлтэй, идэвх санаачилгатай зүтгэл ч дэмжлэг болно.
Монгол улс өнөөдөр хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, орлогын түвшин, өрсөлдөх чадвар зэрэг олон үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын тэг дунд нь явж байна. Үүнийг бид чамлахгүй ч голж байгаа.
Гарааны ийм цэгээс монгол хүний хөгжил, монгол айл өрхийн сайн сайхан амьдралыг хангах огцом өөрчлөлтийг энэ хөтөлбөр авчрах болно. Энэ утгаараа “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хүнд, өрх бүрт ойрхон байна. Хөтөлбөрийн гол зорилго нь хүн болгонд хөгжин цэцэглэх боломжийг олгосон, нийгмийн дундаж давхарга илэрхий зонхилсон, ядуурал, орлогын тэгш бус байдлаас ангижирсан нийгмийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байгаа.
“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа бид хөгжлийн алсын хараа, зорилго, зорилтоо дараахи байдлаар дэвшүүлэн тавьж байна.
Хөгжлийн алсын хараа нь: “Элбэг хангалуун, эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, урам зориг бүхий ард иргэдтэй хөгжингүй орон болно”. Ийм орныг цогцлоон бий болгоход эрүүл чийрэг бие бялдар, мэдлэг мэргэжил, эрхэлсэн ажил, орлоготой, өрсөлдөх чадвар бүхий монгол хүний бүтээлч хөдөлмөр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс нь уламжлал, шинэчлэл, судалгаа шинжилгээнд тулгуурласан бүтээлч хандлагатай бодлого, харилцан ойлголцлол, үндэсний зөвшилцөл мөн гэж үзэж байгаа юм.
Хөгжлийн зорилго нь: “Эдийн засгийн эрчимтэй хөгжилд тулгуурлан нийгмийн дэвшлийг хангаж, хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхныг бататган хөгжүүлэхэд оршино”.
Хөгжлийн зорилт нь: “Эдийн засгийн хөгжлийн зөв бодлогоор удирдан хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологид хөрөнгө оруулж, улс орноо тогтвортой өсөлт бүхий мэдлэгт суурилсан олон тулгуурт эдийн засагтай болгох, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн авлига, хүнд суртлаас ангид мэргэшсэн чадварлаг, ил тод, иргэнд ойрхон төрийн тогтолцоог төлөвшүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоосон хөгжингүй орон болгоход оршино” хэмээн томъёолж гаргалаа.
“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн алсын хараа, зорилго, зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хангахад чиглэгдэж байгаа. Мөн манай намын баримталж байгаа хүн төвтэй, зүүний төвч социал-демократ үзэл баримтлалд ч нийцэж байгаа юм.
Энэхүү хөтөлбөр нь хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр хязгаарлахгүй хүний хөгжлийн холбогдолтой ойлголтуудыг бүрэн багтааж байгаа болно. Түүнчлэн хөгжлийн асуудлыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчин, засаглалын харилцан шүтэлцээг нь харгалзан цогц, нэгдмэл байдлаар гаргаж ирснээрээ онцлог юм.
Хөгжилд хүн бүрийн оролцоо нэн чухал төдийгүй хүн бүр хувь нэмрээ оруулж, хөгжлөөс хүн бүр үр шимийг нь хүртэх учиртай.
Манай орны хувьд зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад төрлийн эрдэс баялгийн арвин нөөцтэй. Залуучууд ихтэй. Хүн амын бүтэц, эдийн засгийн өсөлтийн төв бүс болох Зүүн хойд Азид оршиж буй газар зүйн байрлал нь эдийн засгийг өсгөх таатай боломжийг бидэнд бий болгож байна.
Олон улсын байгууллагууд болон үндэстэн дамнасан банк, санхүүгийн групп, нэгтгэлийн судалгаа болон эдийн засгийн урт хугацааны бидний тооцоолсон төсөөллөөс үзэхэд Монгол Улс 2030 он хүртэл дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв байхаар байна. Дэлхийн томоохон банк болох Сити группын судалгаагаар хамгийн эрчимтэй өсөлттэй байх 10 орны тоонд Монгол оржээ. Манай улсын ДНБ-ий бодит өсөлт 2010-2015 онд 14,2 хувь, 2015-2030 онд 9,7 хувьд хүрч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг тэргүүлэх магадлал өндөр байгааг дурьджээ.
Гэвч цаасан дээр хийсэн тооцоо, судалгаа цаад амьдрал дээрээ шууд буухгүй алаг цоог байгааг бид мэдэрч байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Нямаа гэдэг эмэгтэй “Эдийн засаг өслөө, өслөө л гэх. Миний амьдралд наалдаж орлого нэмэгдэж байгаа юм огт алга” гээд гоморхож байсан нь үүний нэгэн нотолгоо. Шуудхан хэлэхэд, баялгийн хуваарилалт олон түмэнд жигд хүртээмжтэй байдлаар очиж чадахгүй цөөн хэсэгт төвлөрөөд байгааг л харуулж буй хэрэг. Үүнийг зах зээлийн зохицуулалт түүний дотор хуваарилалтын шударга тогтолцоог бүрдүүлэх хүрээнд онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулж байна.
Түүнчлэн эдийн засгийн өсөлт ч аяндаа гарахгүй ээ. Түүнд хүрэхийн тулд бид бодлого, үйл ажиллагааны эрс шинэтгэл хийх болно. Үүний тулд баялгийн хуваарилалтыг оновчтой болгон, тэгш боломжийг хангана. Ингэснээр иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн эдийн засгийн хөгжлийн үр шимийг Монгол хүн бүр, Монгол айл бүрт хүртээнэ. Эдийн засгийн хөгжлийн үр шим цөөнхийг цэнгүүлж буй бол Монгол улсыг хөгжөөгүй байна гэж үзэх хэрэгтэй. Хөгжил өрх бүрт хүрэхээс нааш Монгол ардын нам Монгол орныг хөгжсөнд тооцохгүй, сэтгэл амрахгүй.
Түүхий эдэд түшиглэсэн, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хэт хамаарсан нэг тулгуурт, савлагаат эдийн засгаас өндөр бүтээмжтэй, өгөөж орлоготой, өрсөлдөх чадвар бүхий инноваци, дэвшилтэт технологи, мэдлэгт суурилсан олон тулгуурт, тогтвортой эдийн засгийн бүтцийг Монголдоо бий болгоно. Эд баялаг, эрдэс түүхий эд хорогдоно, шавхагдана. Харин эрдэм мэдлэг, боловсрол ямагт баяжиж зузаарч байх учиртай. Мэдлэг бол хүч гэдгийг санаж, элэгдэл, хорогдол гардаггүй энэ шидэт зүйлийг эдийн засгийн эргэлт хөдөлгөөнд байнга оруулж байхад анхаарцгаая. Ингэснээр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эдгээрийг дагасан үр өгөөжтэй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлж, бага дунд орлоготой орноос хөгжингүй өрсөлдөх чадвар өндөртэй эдийн засаг бүхий орны тоонд бид шилжиж чадна.
Ингэхдээ уламжлалт мал аж ахуйгаа орчин үеийн амьдралын дүр төрхөд ойртуулах, малчдын залуу халааг бодлоготойгоор бэлтгэх асуудлыг ч орхигдуулж үл болно.
Энэхүү хөтөлбөрт дэд бүтэц, хот байгуулалт, аж үйлдвэржилт, уул уурхайн бодлого, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 82 стратегийн зорилт, 560 гаруй хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг онцгойлон тусгасан тул бүгдийг нурших нь илүүц юм. Иймд дараах цөөн хэдэн асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.
Монгол Ардын Нам зүүн төвийн бодлогынхоо цөм болох нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхийг онцгойлон анхаарна. Үүний тулд хувь хүнд хандсан нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, даатгалын цогц бодлогоос гадна өрхийн амьжиргааг дэмжих эх үүсвэр болсон жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар дорвитой алхам хийнэ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлнө. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлнэ. Орлого ихтэй нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь бага татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Татварын ийм тогтолцоо улс орны хөгжилд, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл, ард иргэдийн санаа бодолд нийцнэ гэж бодож байна. Энэ бол Хэнтийн Нямаа гуайд миний барих сэтгэлийн, бодлогын хариу юм. Монгол ардын нам өөрийн үзэл баримтлалдаа үнэнч байж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж ард түмний өмчлөл бүхий компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Ингэснээр “олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний буюу олон нийтийн өмчлөлт, засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ.
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг бид байгуулан хөгжүүлнэ. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг халж, шингэн түлш, нефтийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Мөн эрчим хүчний бусад эх үүсвэр гаргах үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимтэй хөгжүүлнэ.
Дунд хугацаандаа манай нам Авто зам, Төмөр замын нэгдсэн сүлжээг барьж дуусгана. Түүнчлэн дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын зэрэгцээ бүс нутагтаа эрчим хүч экспортлогч орон болно. Олон улсын тавцанд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний ч зонхилох тоглогч орон байхыг зорино.
Эдийн засгийн бүтцэд зарчмын ийм өөрчлөлт орж өсөлт нь хурдацтай дээшилсэн үзүүлэлтээрээ ойрын 20 жилд дэлхийд тэргүүлэх сайхан дүр төрх судалгаа, шинжилгээ харагдаж байна. Гэвч эдийн засгийн өсөлтийн энэ сайхан үр дүнг хүн ардынхаа амьдралын сайн сайхны төлөөх үйлст зориулж хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг бодитоор дээшлүүлэх ёстой гэдэг онцгой чухал асуудал дараагийн ээлжинд гарч ирж байгаа юм. Цаашид манай улсын эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлөө нөхцөлдүүлж, хөгжсөн хүн нь эргээд эдийн засгийн өндөр өсөлтөө хангаж харилцан шүтэлцээтэй байж ололт амжилт тогтвортой хадгалагдана. Судалгааны дүнгээс харвал Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 2013 онд 12.491 ам.доллар, 2031 онд 60.000 ам.доллар болж дундаас дээш орлоготой хөгжингүй орон болсон байх тооцоо гарч байна. Үүнд олон хүн өнөөдөр итгэхгүй байгаа. Арга ч үгүй. Хоол хүнс, ажил амьдралаа яаж залгуулах вэ гэж сэтгэл зовниж буй олон хүмүүс үлгэрийн мэт эдгээр тоонд итгэхэд хэцүү нь ойлгомжтой.
Гэхдээ гаминг хөөн гаргаж 1921 онд тусгаар тогтнолоо сэргээнэ гэж 1919 онд хэн нэгэн хэлсэн бол хэн итгэх байсан бэ? 1980-аад онд ЗХУ задарч, Монгол Улс ардчилсан улс болж, дэлхийн бүх улстай чөлөөтэй харилцах цаг ирнэ гэсэн бол хэн итгэх байсан юм бэ? 1993 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 20 хувьд хүрч, гадаадын хөрөнгө оруулагчид манай Монголын өмнө дугаарлан зогсох болно гэсэн бол хэн үнэмших байсан юм бэ? Хэн ч үнэмшихгүй. Гэвч тухайн үедээ итгэмгүй байсан эдгээр зүйлс эргээд харахад бүгд хэрэгжсэн байна. Тэгэхээр Ардын нам санамгүйг санан сэдэж, хэрэгжимгүйг хэрэгжүүлж чаддагаа ард түмэндээ нотлон харуулсан ажил хэрэгч, хариуцлагатай нам юм.
Бид хөгжлийг хурдасган баталгаажуулснаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, Төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 2012-2016 онд 1,3 сая 2016-2021 онд 2,5 сая төгрөгт хүргэх болно. Ийм нөхцөлд хүний хөгжлийн бусад гол үзүүлэлтүүд болох боловсрол, дундаж наслалтын индексүүд бодитой өсөх орчин нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, гэр бүл, хүн ам зүйн бодлогын хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар нийгмийн сайн сайхныг дэлгэрүүлэн, хүн амын өсөлт, аж төрөх таатай орчин, үндэстний чадавхийг сэргээх болно. Гэр бүлийн үнэт зүйлсийг төрөөс дэмжин бэхжүүлж, гэр бүлийн гишүүдийн онцлогт таарсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Их бүтээн байгуулалтын хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулж, эрүүл тайван орчинд амьдрах боломжийг бүрдүүлэн “100 мянган айл” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлд зориулсан “Залуучуудын түр орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Уламжлалт заншил, соёлын өвийг дээдлэн, зөв боловсрол хүмүүжилтэй, эх оронч, ирээдүйдээ итгэл төгс иргэнийг төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлж, 2016-2021 онд 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй орон сууцаар урамшуулдаг болно.
10,000-аас дээш хүн амтай хот суурингийн цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 2016 он гэхэд 80 хувьд хүргэж, ЕБС-ийг өргөтгөн шинээр баригдах бүх сургуулийг нэг ээлжээр хичээллэх боломжтой болгож, нэг ангид суралцах хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй болгоно.
Энэ мэтчилэн олон тодорхой зүйлсийг “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т тусгасан нь манай иргэдийн бодит эрэлт хэрэгцээнд нийцнэ гэж бодож байна. Хамгийн гол нь төрөөс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх талын нөхцөлийг бүрдүүлснээр дундаж наслалтыг уртасгах болно. Хөтөлбөрт тусгаж байгаачлан монгол хүний дундаж наслалт 2016 онд 72, 2021 онд 75, 2031 онд 80-д хүрэх болно. Товчоор хэлэхэд тун удахгүй монгол хүн оношилгоо эмчилгээ хийлгэх гэж гадны визийг царайчлах шаардлагагүй болно гэж итгэж байна.
Монгол ардын нам ард түмнийхээ итгэлийг хүлээж Засгийн газраа байгуулж, улс төрийн тогтвортой орчинд дэвшүүлж байгаа хөгжлийн хөтөлбөрөө хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайна. Ингэснээр хөтөлбөрийн эцсийн үр дүнг жирийн монгол, дундаж нэг иргэнд хамаатуулан тоймлож хэлбэл, эхээс төрөх үеээс тооцсон дундаж нас нь өнөөгийн түвшингээс 10 гаруй жилээр уртасч, жилд ногдох ДНБ-ний хэмжээ, бие бялдар, эрүүл мэндээрээ дэлхийн ямар ч орны дундаж иргэнтэй харьцуулахад нүүр улайхааргүй болж, эрхэлж байгаа ажил, мэргэжлээрээ хаана ч ажиллах, хангалттай өндөр боловсролтой үндэсний түүх соёлоо хүндэтгэн үздэг, монгол зан заншил, ёс суртахуунаа дээдлэн сахидаг нэгэн байхаар төсөөлөгдөж байна.
Монгол хүн бүрийн амьдралын чанарт ийнхүү үсрэлт гарч улсын хэмжээнд хүний хөгжлийн индекс нь өнөөгийн үзүүлэлт болох 0,62-оос 0,88 болтлоо өснө. Улс орны ядуурлын түвшин өнөөгийн 39,2 гэсэн үзүүлэлтээс 2,0 хүртлээ буурч орлогын тэгш бус хуваарилалтыг харуулдаг Женийн коэфицент 0,36-аас 0,21 болон багасах юм.
Ингэснээр манай хүн амын зонхилох хэсэг нийгмийн тогтвортой байдлыг найдвартай хангагч чинээлэг амьдралтай дундаж давхаргад хамрагдах болно.
Үүний тулд баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, тэгш боломжийг иргэн бүрт нээж өгөх замаар ард иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ зорилгоор улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдэд хандан байгалийн баялгийн ашиглалт, хуваарилалт, нөөцийн менежментийн талаар үндэсний зөвшилцлийг эхлүүлэх “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” байх арга шийдлийг олох ёстой. Учир нь байгалийн хишиг өгөөж буяныг хэрхэн ашиглахаас баялгийн үр шимийг хүртэж хөгжсөн орон болох уу, баялгийн хараалыг тусч уруудаж доройтсон улс болох уу гэдэг уулзвар дээр бид зогсож байна. Мөн нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг хүртэж буй хүмүүст урт хугацаанд үр ашгаа өгөх нийгмийн баялгийг бүтээхийг шахаж шаардах болно.
Тиймээс манай нам “Хөгжлийн хөтөлбөр”-төө “Үндэсний баялгийн хуримтлалын сан” бий болгож оновчтой менежмент хийх, Монгол улсын зээлжих зэрэглэлийн хөрөнгийн зах зээлийг нэмэгдүүлэх асуудлыг тусган нийтээрээ үнэт цаас эзэмшигч үндэстэн болох зорилтыг дэвшүүлсэн.
Монгол ардын намаас боловсруулан гаргаж буй энэ хөтөлбөрийн агуулгыг бүрэн хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэн шингээх нь улс орон даяар сайн засаглалыг төлөвшүүлэх төрийн захиргааны шинэтгэлийн үйл явцаас ангид байх үндэсгүй.
Төрдөө хоноцын сэтгэлээр хандаж, түмэндээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргадаг хүн Монгол төрд ажиллах боломж байхгүй гэдгийг хатуу хэлье. Тийм хүн төрд шургалах бул чулуу болон шигдэх боломж бололцоог олгохгүй байх бүхий л эрх зүйн хийгээд бүтэц зохион байгуулалтын зохицуулалтыг хийх нь шинэчлэлийн бодлогын үндэс байх болно.
Ард иргэддээ ойрхон, ил тод, хүндрэл чирэгдэлгүй, давхардал хийдэлгүй цэвэр тунгалаг төрийн албыг төлөвшүүлэхийн тулд бид Төрийн албаны цогц шинэтгэлийг хийж, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгон гүйцэтгэл, үр дүнг чухалчилна.
Монгол төрийн ажил хэрэг, авлигал, хээл хахууль гэдэг ад зэтгэрийн хорлолоос ангид байх учиртай. Авлигал, хээл хахуулийн үүрлэн бугшдаг үүр нь хүнд суртал, дураараа авирлагч дарга, түшмэдийн бурангуйлалаас улбаатай байдаг. Иймд төрийн албаны эрх үүргийн зохистой түвшин, стандартыг тогтоож, шат дамжлага түүнд зарцуулах хугацаа, өртөгийг эрс багасган, бүртгэл, зөвшөөрөл, лицензийн тогтолцоог боловсронгуй болгох, орчин үеийн цахим мэдээлийн технологийг нэвтрүүлэн нээлттэй, ил тод үйл ажиллагааг бий болгоно. Ингэснээр иргэнд таатай орчинг бүрдүүлж төрийн албанд зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоо руу, эрх мэдэлт бүтцээс үүрэгжсэн нийтийн үйлчилгээ рүү гэсэн зарчмын томоохон шинэтгэлийг эхлүүлэх хэрэгтэй болж байна. Ингэхдээ засаг захиргааны шинэтгэл, удирдлагын шатлал, эрх мэдэл, чиг үүрэг хариуцлагын тогтолцоог иж бүрэн хамарсан цогц шийдлийг олох нь чухал аа.
Эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тэгш боломжийг хангаж ажиллана.
Парламентын цогц шинэчлэлийг гүнзгийрүүлэн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн дуу хоолой идэвх оролцоо, бодит тусгалаа олдог механизмыг бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэтгэлийг хийж төвлөрлийг сааруулан, орон нутагт эрх мэдэл, шилжүүлэх үйл явцыг зохистой түвшинд хүртэл хийх хэрэгцээ тулгарч байна.
Манай нийт нийгмийн хэмжээнд болон тодорхой орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүний өмнө өдөр тутам тулгарч байдаг бүхий л асуудлыг дан ганц төр, засгийн газар, нутгийн удирдлагын байгууллагуудаар дамжуулан шийдвэрлэнэ гэж байхгүй. Тэгэх ч учиргүй. Энд би иргэдийн өдий төдий үүсгэл санаачилгын бүтэц, сан, төрийн бус байгууллагуудыг багтаасан иргэний нийгмийн ажил, үйлчилгээ явуулах боломж, ач холбогдлыг цохон дурьдах гэсэн юм. Энд манай нийгмийн томоохон нөөц, хүчин чадал агуулагдаж байгаа.
Нийгмийн сайн сайхны төлөөх үйлст түүнийг оновчтой ашиглах, цаашид улам төлөвшүүлж төгөлдөржүүлэх талаар хаана, хаанаасаа чармайлт тавин ажиллах учиртай. Улс орондоо иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх нь Үндсэн хуулинд тусгалаа олсон том зорилт гэдгийг санацгаая.
Хөтөлбөр боловсруулах явцад хийгдсэн судалгаанаас харахад хөгжлийн асуудлыг шинээр томъёолж хүн, байгаль, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг хооронд нь нягт уялдаатай авч үзэх шаардлага гарч байгаа нь тод харагдлаа.
Байгаль орчны асуудлыг хүний хөгжлийг хангах төрийн бодлогын төвд байлгаж, газар, түүний баялгийг эзэмшиж зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчныг хамгаалах экологийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөцийн зохистой менежментийг бий болгоно.
Байгаль орчноо хамгаалах менежментэд үндэсний урамшууллын тогтолцоог бий болгохыг санал болгож байна. Энэ нь усаа хэн хэмнэж байна түүнийг урамшуулъя, утааг хэн багасгаж байна түүнийг урамшуулъя, байгаль дэлхийг хэн нөхөн сэргээж байна түүнийг урамшуулъя, ан амьтныг хэн өсгөн үржүүлж байна түүнийг урамшуулъя, хэн мод тарьж байна түүнийг урамшуулъя, хэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байна, түүнийг урамшуулдаг болцгооё гэсэн үг. Хүрээлэн буй байгаль орчны талаар энэ мэтчилэн хөтөлбөрт тодорхой зорилтууд тусгагдсан байгаа.
Эрхэм нөхөд өө,
Өнөөдөр манай нам Монгол ардын нам гэдэг уугуул нэрээ сэргээн хэрэглэснээс хойш дангаараа Ардын засгаа байгуулж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд байгаа үед, бас Улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох талаар намын дотоод бэлтгэлээ базааж байгаа үед Бага хурлын III хуралдаанаа хийж байна. Хөгжлийн хөтөлбөрөө ийнхүү шүүн хэлэлцэж байгаа нь ч зарим талаараа сонгуульд оролцох дотоод бэлтгэлээ базааж буй хэрэг юм. Сонгуульд оролцох улс төрийн бодлого, үйл ажиллагаагаа цаашид нарийн дэс дараалалтай нягт нямбай өрнүүлэх болно.
2008 оны УИХ-ын сонгуульд манай нам олонхи болсон хэдий ч ялсан намын бардам занг хойш нь тавьж өөрсдийн биш улс орны эрх ашгийг бодож асуудалд холч, уужим ухаанаар хандсан. Улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө Ардчилсан намтай хамтарч ажиллах улс төрийн шийдвэрийг манай намын бага хурлын гишүүд Та бид гаргаж хамтарсан Засгийн газар байгуулан гурван жил гаран ажиллалаа.
Бидний шийдвэрийн үр дүнд Хамтарсан Засгийн газар олон ажлыг амжуулсан. Бас хийж хэрэгжүүлэх зорилго, хөтөлбөр хүлээгдэж буй ажлууд ч их байлаа. Гэвч гурван жил гаруйн өмнө бидний хамтаръя гэсэн санал, санаачилгыг талархан хүлээж авсан Ардчилсан нам замын төгсгөлөөсөө буцаж, гэрээнээсээ дангаараа татгалзаж Засгийн газраас гарсан.
Ингэснээрээ Монгол ардын нам туулах бэрхшээл, тулгарах сорилтын өмнө ард түмэнтэйгээ хамт үлдлээ. Биднийг олон сорилт бэрхшээл угтан тосч байгаа. Эдгээр сорилт бэрхшээлийг ард түмний дэмжлэг, итгэл, эв нэгдэл, туршлага сургамж, алсын хараа, бодлого, хөтөлбөрөөрөө даван туулах болно.
Ардын нам Ардчилсан намтай хамтарч ажилласан нь үнэн хэрэгтээ түүнийг дэмжиж саналаа өгсөн ард түмэнтэйгээ хамтарч ажилласан хэрэг байв. Ардчилсан нам засгаас гарсан ч ард түмэнтэйгээ хамтрах ардын нам, ардын засгийн бодлого, үйл ажиллагаа хувирахгүй ээ.
Өнгөрсөн долоо хоногт Монгол ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүллээ. Ингэснээр бид хариуцлагаа дангаараа хүлээж, ард түмнийхээ өмнө амласнаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллах цаг дахиад ирлээ. 90 жилийн түүхтэй, хамгийн туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд Ардын нам мөн л ард түмэн, үндэснийхээ эрх ашгийг урьтал болгож харилцан буулт хийж Засгийн газраа шуурхай бүрэн болгож чадлаа. Одоо манай нам ачааны хүндийг үүрч урагшлах боллоо. Бид ачаандаа түүртэхгүй ээ, бас эрдэж бардахгүй ээ. ХХ дугаар зуунд ч, Ардчилсан хөгжлийн 20 жил гаруйн хугацаанд ч Монгол Ардын Нам туурга тусгаар улс орон, хүн ардаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа илүүд үзэж, тулгарсан сорилт болгоныг туулан гэтэлж, зорилтуудоо хэрэгжүүлж ирсэн. Энэ бол манай намын бахархал юм.
Өнгөрсөн хугацаанд бид улс орныхоо өмнө хамгийн том үүрэг гүйцэтгэж, хамгийн их хариуцлага хүлээж, түүхийг бүтээж ирсэн. Харин одоо бүтээснээсээ илүү том ирээдүйг цогцлоон бүтээх түүхэн хариуцлагаа ухамсарлаж байна. Энэ зорилгоор улс орныхоо ирэх 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлуулах гэж байна. Энэ бол өөр ямар ч улс төрийн хүчнээс гарахгүй, туршлага сургамждаа тулгуурласан бидний алсын хараатай бодлого юм.
Бага хурлын эрхэм гишүүд Та бүхэн III хуралдаанаараа “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг шүүн хэлэлцэж, засч сайжруулж, санал бодлоо илэрхийлэн батална гэдэгт итгэж байна.
Монгол түмний буян заяаг Ардын нам, Ардын засаг сахин дэлгэрүүлнэ! Монгол түмний үйлс өөдөө бадамлан бадартугай!
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр
Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар хот
Сэтгэгдэл ( 0 )