УИХ-ын дарга жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд амжилт хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 08


 

          Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл нийслэл хотноо зохиогдож буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцогчдод өнөөдөр мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оны эхнээс хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг давах чиглэл баримтлан жижиг дунд үйлдвэрлэгчдээс бага татвар авах зэргээр зүйлчлэн дэмжих бодлогыг төр засгаас тууштай явуулж ирсэн нь хувийн хэвшлийнхний хөгжилд өнөөгийн шинэ үеийг авчирсан билээ.

        УИХ иргэний болон аж ахуйн нэгж, компани, нөхөрлөл, хоршооны тухай хуулиудыг батлан гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн үндсийг шинээр бүрдүүлсний үр дүнд хувийн хэвшил манай эдийн засагт зонхилон давамгайлах болсон. Өнөөдөр хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувийг үйлдвэрлэж, ажлын байрны 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буйг УИХ-ын дарга мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна.

Мөн УИХ 2007 онд жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн цар хүрээ үлэмж өсч иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, хот, хөдөөгүй томоохон бүтээн байгуулалтын ажил нийгмийн амьдралын бүх салбарт өрнөх болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нийцэмжтэй хөрсийг улам бүрдүүлж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдэлтэй эргэлтийн сангийн хэмжээ 200 тэрбум төгрөгт хүрлээ. Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгийг арвижуулахад зориулан 300,0 тэрбум төгрөгийн бонд гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсний дагуу энэ ажил амжилттай хэрэгжиж байна. Төрөөс малчид, газар тариаланчдын үйлдвэрлэлд нийлүүлэх бүтээгдэхүүнийг урамшуулах бодлого явуулах болсон нь үр дүнгээ өгч байна.

Уул уурхайгаас бусад салбарт өнөөдөр ашгийн татварыг 10 хувиас хэтрүүлэхгүй тогтоосны дээр дотооддоо үйлдвэрлэсэн гурил, мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж жижиг дунд үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь төрөөс зориуд дэмжлэг үзүүлэх болсныг онцолжээ.

Цаашид хөдөө орон нутагт ажлын байр олноор бий болгох, тэдэнд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах дэд бүтцийн болон банк санхүү, худалдаа үйлчилгээний сүлжээг бий болгоход анхаарч энэ чиглэлд байгалийн баялгаас олсон орлогын зохих хэсгийг чиглүүлэх бодлогыг баримтлах болно.

Нийслэл хотын гэр хороолол, сум орон нутагт оршин суугчдын амьдрал ахуйг орчин цагийн шаардлага хэрэгцээнд нийцсэн орон сууц, иж бүрэн үйлчилгээ бүхий амьдралын орчинтой болоход ихээхэн нөөц бололцоо байна. Энэ хэсгийн зах зээлийн хангамжийг жижиг, дунд үйлдвэрлэгчид нөхөн хангах томоохон зорилт тулгарч байгааг УИХ-ын дарга мэндчилгээндээ тэмдэглэсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top