Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж байгаа хүнсний аюулгүй байдлын хяналт сэдэвт зөвлөгөөн өнөөдөр төрийн ордонд болно. Хүний эрүүл байх хамгийн гол зүйл бол яах аргагүй хоол хүнс. Тэгвэл энэ хоол хүнс нь бидэнд хоол болохоосоо илүү хор болж дэлхий нийтийг түгшээсэн асуудал болоод байгаа. Энэ асуудалд манай улс хэрхэн анхаарал хандуулж байгаа нь тодорхойгүй. Тэр ч утгаараа энэ удаагийн зөвлөгөөнөөр хүнсний аюулгүй байдлын талаар төр засгийн түвшинд яригдах чухал асуудлыг гаргаж тавих аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх профессор, хүнсний химийн гавьяат доктор Ж.Батсүхтэй дээрх асуудлаар ярилцлаа.
-Хүнсний аюулгүй байдалд хамгийн түрүүнд тулгамдаад байгаа ямар асуудлууд байна вэ?
-Хүнсний аюулгүй байдал алдагдаж эхэллээ гэсэн судалгааг анх 1986 онд хийж байсан. Энэ нь импортын бүтээгдэхүүнтэй холбож хийсэн юм. Түүнээс хойш 20 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж байна. Энэ 20 гаруй жил болоход хүнсний аюулгүй байдгын алдагдал дээд цэгтээ хүрээд байна гэж болно. Ялангуяа манай улс мал амьтны гаралтай хоол хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг улс. Хүнсний чухал бүтээгдэхүүн болох махан дээр ярихад өнөөдөр бид эрүүл мах идэж байгаа гэх баталгаа байхгүй болсон. Яагаад гэвэл мах бэлтгэхээс малд олон янзын эмийн болон био бэлдмэл хэрэглэж, янз бүрийн халдвараас сэргийлэх зорилгоор хийж байгаа. Энэ нь ч бас сайн талтай ч зарим нэг био бэлдмэлийн үлдэгдэл малын маханд үлддэг юм. Дээрх малын махыг шинжилж эрүүл гэдгийг тогтоож өгөх газар байхгүй. Ялангуяа малчид өнөөдөр малдаа вакцин бэлдмэл тариад маргааш нөгөөдөр нь нядлаад зарахыг хэн ч мэдэхгүй. Өнөө эм бэлдмэлийн нөлөө үлдэц нь дуусаагүй байхад нядалгаанд оруулдаг. Нядалгаанд оруулахаасаа өмнө махыг муудуулахгүй байх зорилгоор антибиотек тарьж нядалдаг тохиолдлууд бий. Энэ нь малын биед дамжаад тухайн малын мах өдөржин захын лангуун дээр муудахгүй байдаг нь бас дээрх аргуудыг хэрэглэдэг магадлалтай. Иргэд уг махыг авч хэрэглэсэн тохиолдолд дээр эм бэлдмэлүүдийн нөлөөлөл нь хамгийн түрүүнд элэгний хорт хавдар үүсгэх нөхцөл болж өгдөг. Зөвхөн махан дээр л гэхэд эрүүл гэх баталгаа байхгүй байна. Манайхны бас нэг гол хүнсний хэрэглээ бол гурил. Гурилыг манайхан нэлээд их хэмжээгээр хурааж авсан. Мөн "Атрын III" дугаар аян хүртэл зохион байгуулж тариа буудайгаа хурааж авсан. Энэ нь сайшаалтай. Гэхдээ үүнийг улам сайжруулах хэрэгтэй. Ялангуяа ургамал хамгааллын бодисууд болох мөн бордооны үлдэгдэл байна уу гэдгийг тогтоож байх шаардлагатай. Хэрэв дээрх хоёр бүтээгдэхүүний үлдэгдэл байвал хортой гэсэн үг. Мөн үүнийг шинжлэх лаборатори бас л байхгүй. Улсын хэмжээнд ч байхгүй. Хөгжилтэй орнуудад тэр дундаа Герман улсад хүнсний аюулгүй байдлыг дээд түвшинд тавьдаг. Тэд тариан талбайгаас таваг хүртэл гэсэн уриатай ажилладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тариан талбайд ургасан буудайнаас эхлэн шалгаж тавган дээр тавих хүртэл нь хянаж байдаг гэсэн үг. Гэтэл манайд үнэндээ ийм тогтолцоо байхгүй болсон гэж болно.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн тэр дундаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүниий үйлдвэрлэгчдэд дээрх хяналтыг хэрхэн тавьдаг. Ер нь хяналтыг манайх хэрхэн гүйцэтгэж байгаа вэ?
-Өмнөх нийгмийн үед махны том үйлдвэр ажиллахдаа тэр олон улсад хэрэглэсэн туршлагын дагуу ажилладаг байсан. Тухайлбал махны үйлдвэр дэргэдээ байнгын судалгааны лабораторитай байсан. Одоо харин дээр лабораториуд бүрэн устсан гэж болно. Ийм учраас л эрүүл мах иднэ гэхэд эргэлзээтэй болоод байгаа юм. Одоо манай иргэд мах нь улаасан хиамыг бараг байнга л харж байдаг. Гэтэл тэр бол зохих хэмжээнд байх ёстой бодит нь хэмжээнээсээ их байгааг л харуулж байгаа юм. Хүнсний аюулгүй байдал ярихаар хяналт шалгалтыг зөвхөн мэргэжлийн хяналтын газар хариуцна гээд орхидог. Гэтэл энэ байгууллага бол хүн хүч муутай дээр нь олон салбарт ажилладаг учраас хүнсний энэ их том тогтолцооны хяналтыг тавина гэдэг өрөөсгөл ойлголт. Хүнсний аюулгүй байдлыг хянаж шалгах гэдэг бол урт хугацааны туршид шат шатанд нь хянаж шалгадаг байхыг л хэлнэ. Манайд ажиллаж байгаа үндэсний томоохон үйлдвэрүүд ч энэ тал дээр сул ажилладаг. Зөвхөн мөнгө ашиг л хайж байгаа болохоос хүнсний аюулгүй байдал гэдэг нэг их сонин биш болоод байгаа нь харамсалтай. Тиймээс энэ тал дээр эхний ээлжинд мах комбинатын ашиглалтанд оруулах бүх малыг үйлдвэрийн аргаар нядлах хэрэгтэй байна.
-Импортын бүтээгдэхүүний хувьд хүнсний аюулгүй байдал гэдэг бас чухал манайх импортын бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар тайлбарлавал?
-Импортын бүтээгдэхүүн нь бас хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй. Ялангуяа манайх шиг хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувийг импортлогддог орон энэ нэн чухал асуудал. Импортын бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ чадвартай хүнсчид оруулж ирэх хэрэгтэй. Мөн санхүүгийн хувь нэлээд чадвартай байх шаардлагатай. Гэтэл манайд эсрэгээрээ мөнгө багатай хувь хүмүүс импортын бүтээгдэхүүний аль болох хямдхан чанар муутайг оруулж ирж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний импортыг эдийн засгийн чадвартай аж ахуйн нэгжүүдэд олгох хэрэгтэй. Тэгээгүйгээс импортын бүтээгдэхүүний эрүүл ахуй тал дээр бас л асуудалтай. Импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа цагаан будаа чихэр жигнэмэг зэрэг нь эрүүл байдал нь алдагдах магадлал өндөр. Тухайлбал, Украйн улсаас чихэр жигнэмэг ихээр импортлогдог. Яг үнэндээ бол тэр улсад цөмийн атомын цахилгаан станцын томоохон дэлбэрэлт болж байсан газар. Мөн Япон улс байна, саяхан бас цацрагийн тархалт болсон гэж нэлээд яригдах болсон. Ингээд бодохоор тэр улсуудаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээс цацраг идэвхт бодистой бүтээгдэхүүн орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Мөн импортын бүтээгдэхүүнд хурдан муудуулахгүй байх үүднээс нэмэлтээр нэлээд олон бодис хийдэг. Ингээд бодохоор импортын бүтээгдэхүүнүүд эрүүл аюулгүй байдал тал дээр ч эргэлзээтэй юм.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )