“Хөхөө гэрлэх дөхлөө” киноны атрын бригадын дарга Хөхөөг “.... харлаа, үзлээ, чи чаддаг юм байж, мэддэг юм байж” гэдэг дээ. Тэрүүн шиг саяхан яг сонгууль дөхсөн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг баривчилахыг Хууль зүйн сайдаас бусад нь харлаа, үзлээ. Үнэхээр чадаж байнаа. Бүр “таван давхар хамгаалалтыг” нь сэт цохиод шүү. Нямдорж сайд л тэгж хэлсэн. Одоо ч Энхбаяраас илүү гарчихаар авилгач, өөдгүй амьтан алга шив дээ. Нөгөө их өрийг тэглээд ирэхэд нь уйлан хайлан угтсан нөхөд ч таг чиг.
Дөнгөж сая сонгуулийн ерөнхий хорооны босс, яагаав нөгөө хуучин МАХН-ын гишүүн байсан нөхөр “ Н.Энхбаяр бол гишүүн байхаар “толгойтой” хүн биш учраас нэр дэвшигчээр бүртгэхгүй” гэх шиг боллоо. Тэгж яривал харин ч бичиг үсэгт тайлагдсан эсэх нь эргэлзээтэй тавааришууд шуудай шуудайгаар мөнгө аччихаад, гишүүн болно гээд давхиж яваа байх шүү.
Ер нь Н.Энхбаяр гэж хэн бэ? УИХ-ын гишүүн ч байж чадахааргүй тархины ихэнх нь мөстчихсөн амьтан уу? Би хүнийг эрх мэдэлтэй болохоор нь зусардаж гүйгээд байдаггүй болохоор ерөнхий сайд, ерөнхийлөгч байх үеийн Энхбаярыг мэдэхгүй. Харин одоогоос хорь гаруй жилийн өмнөх цэл залуухан Энхбаярыг гадарлах юм. Тэр Зохиолчдын Хорооны гадаад харилцааны хэлтэст, энэ Лу.Болдын эгч Л.Нарангэрэл, орчуулагч Х.Мэргэн нартай цуг суудаг. Би өөдөөс нь харсан өрөөнд сонины газар ажилладаг байсан.
1989 он. МАХН-ын ХХ онц их хурал боллоо. Энхбаяр төлөөлөгчөөр, би хурлыг сурвалжлахаар очсон юм. Төлөөлөгчид хуралд хэлэлцсэн асуудлыг ярсхийтэл гар өргөн батлах нь эгээ л социализмын үеийнх шиг. Гэтэл дээр лоожинд суусан нэг нөхөр ганцаараа түтгэлзээд байдаг. Төлөөлөгчид ч тэр зүг гайхан харж эсэргүү нөхрийг эрэлхийлнэ. Уг нь тэр хуралд алдарт бөхчүүд, яруу найрагчдаас эхлээд ёстой л цоо шинээр сэтгэж баймаар цоохор команд хуран цугласан юм. Харин тэр эсэргүү төлөөлөгч нь Зохиолчдын Хорооноос очсон Н.Энхбаяр. Тээр тэр ард лоожинд суучихаад хэлэлцсэн асуудлыг ганцаараа эсэргүүцэн улстөрийн эр зориг гаргаж байсан түүнийг тоож байгаа ч хүн алга.
Би бас нэг явдлыг санадаг юм. Ерэн хэдэн онд байх. Энхбаяр нэг нөхөртэй цуг телевизийн халз ярилцлага хийх үед нэгэн үзэгч: -Та ийм шинэ сэтгэлгээтэй хүн ардчилсан намд элсэхгүй юу? гэхэд: - Би МАХН-ыг дотроос нь шинэчлэнэ гэж хариулж билээ. Тэгээд ч 1996 оны сонгуульд нам нь ялагдаад алиа алдахад Энхбаяр л хөл дээр нь босгоогүй бол одоо ямар байх байсныг хэлэхэд хэцүү.
Одоо сонгууль ч яг хаяанд ирлээ. Энхбаяргүйгээр, Нарангэрэлгүйгээр, Авирмэдгүйгээр нэр дэвшигчдийн “Эх орондоо, хүн шиг сайхан амьдарцгаая, улс шиг хөгжье” гэсэн уриа лоозон нийслэл хотоор нэг алаглана. Харин одоогоос хорь гаруй жилийн өмнө бол ийм үгтэй уриа лоозон утга төгөлдөр байх байлаа. Тэр үед хөлтэй нь хөлхөн ирж, хөлгүй нь мөлхөн ирж Сүхбаатарын талбайд цугласан олонд хандан хэн нэгэн улс төрч: “Бид одоо биш харин хорин жилийн дараа л нэг улс шиг хөгжиж, хүн шиг амьдарна шүү” гэсэн бол хурсан олон яах байсан бол?
Хорьдугаар зууний сүүлч. Монголчууд бид нийслэл хотдоо хуран цуглаж, их ус давалгаалах адил жагсацгаасан. Яах гэж? Харин бид тэхэд л “Социализм нэг л биш, улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя гэж жагссан. Үүнийгээ бид 90 оны цагаан морин жилийн хувьсгал гэж нэрлэсэн. Монголчууд бид ирээдүйгээ их өөдрөг төсөөлж байлаа. Дараа нь эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж төв талбайд биш төрийн ордонд цуглан шинэ Үндсэн хуулиа баталсан. Цоо шинэ ардчилсан улс боллоо. Анхны ерөнхийлөгч маань “Бид дөрвөн жилийн дотор бар улс болно” гэж тунхаглаж байлаа. Яагаав, нөгөө Сингапур, Малайз шиг. Монголчууд бид ч энэ үгэнд итгэсээн. Энэнээс хойш хорин жил өнгөрлөө. Одоо улсын маань нийслэл Улаанбатар хотод машин тэрэг багтахаа байж, шинээр байшин барилга сүндэрлэн, дэлгүүр мухлагт бараа таваар алаглах болсон. Энэ үнээн. Бас хөдөө нутаг эзгүйрэн малаа барсан малчдын их хотын зүг чиглэсэн нүүдэл тасрахаа байж хотын захын гэр хороолол өргөжин тэлж өвөлдөө нийслэл Улаанбаатар Утаанбаатар болдог нь ч бас үнэн. Газар нутаг сэндийчигдэн, гол горхи ширгэн уугуул оршин суугчдын нүдэнд уйтгар гуниг хурах болсон нь ч үнэн билээ. Одоо яах вэ? Үүнийг л оновчтой шийдэх улстөрчид Их хуралд ороосой билээ гэж олон түмэн хүсч байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны босс баахан мөнгөтэйбаяруудыг бүртгэчихсэн мөртлөө хийдгээ хийчихсэн Монгол Улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Удахгүй солигдох өчүүхэн албан тушаалаа ашиглаж байгаа царай нь энэ юм байх даа, чааваас. Намбарын Энхбаярын хүчин чармайлтаар их өр цайрч, газар хувьчлагдан, Мянганы зам зурайж, монгол цэргүүд дэлхийд танигдсан гавъяа зүтгэл гаргаж байгаа биш билүү? Үүнийг өнөөдөр олон хүн мартжээ. Гэхдээ сайн мэдэх амьд гэрчүүд нь бас олон байгаа шүү. Намбарын Энхбаярын бүтээсэн гавъяа түүнийг үзэн ядагчдын ой тойнд үлдэхгүй ч Монголын түүхэнд үлдэнэ дээ. Харж л байгаарай. Цаг үе аяндаа харуулна.
Б.Дашням
Сэтгэгдэл ( 0 )