Үндсэн хуульт ёсны төлөвшлөөр 8 илтгэл тавьж хэлэлцүүлэг хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

         

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан  энэ хурал “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдвийн хүрээнд боллоо.

Хуралд оролцогсдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ирүүлсэн мэндчилгээг түүний ахлах зөвлөх П.Цагаан уншиж танилцуулав.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, доктор, профессор Н.Жанцан “Үндсэн хуулийн цэц ба Үндсэн хуульт ёсны төлөвшил” сэдвээр илтгэл тавилаа.Тэрээр илтгэлдээ, “1992 онд батлагдсан Үндсэн хууль Монголын нийгэм, төрийн байгуулалтад онцгой шинэчлэл хийсэн учраас нийгмийн эрх зүйн ухамсар, Үндсэн хуульт ёсны төлөвшилд шинэ хандлага бий болсон гэж үзэх нь онол, арга зүйн хувьд илүү зохимжтой бөгөөд Үндсэн хуульт ёсны төлөвшилд төрийн зүгээс тусгайлан анхаарах шаардлага бий болгож байгаа юм. Дэлхий дахинаа Үндсэн хуульт ёсны төлөвшилд Үндсэн хуулийн шүүхийн роль нэн өндөрт тавигдаж байгаа бөгөөд нэг талаас төрийн эрх барих байгууллага, эрх мэдэлтнүүдийн хууль дээдлэх ёсны хэмжүүр гэж үзэх талтай. Үндсэн хуулийн шүүх ялангуяа түүний шийдвэр эрх баригч бүхэнд таалагдах нь тийм ч элбэг биш боловч ардчиллын тулгуур эрх ашгийг хамгаалагч хэн бүхний эрх ашигт нийцэж байгаад түүний мөн чанар оршиж байгаа юм”  гэлээ.

Илтгэгч цааш нь Монгол Улсад Үндсэн хуульт ёсны төлөвшил жам ёсны дагуу явагдаж байгаа боловч түүний амин сүнс болох хууль дээдлэх ёс албан тушаалтан, эрх мэдэлтний төвшинд удаашралтай, хангалтгүй байгаагаас улбаалан нийт иргэдийн хүрээнд ч төдийлөн сайн хэрэгжихгүй байгаад бага хуралд оролцогсдын анхаарлыг хандуулаад, ардчилсан Үндсэн хуулийн үр дагавар бол шударга шүүхтэй байх, шударга шүүхтэй байхын үр дагавар нь зөвхөн хуульд захирагдсан хараат бус шударга шийдвэр гаргаж чаддаг, гарсан шийдвэр нь ягштал хэрэгждэг байхад оршино гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв.

Үндсэн хуулийн хяналт, эрх хэмжээг боловсронгуй болгох асуудлын талаар илтгэхдээ тэрээр юуны өмнө Үндсэн хуулийн хяналтыг тасралтгүй амьд байлгах, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах, түүнчлэн Үндсэн хуулийн эрх зүйн онолын төвшинг дээшлүүлэх явдал чухлаар тавигдаж байгааг онцоллоо.

Үндсэн хуулийн цэцийн дарга, академич  Ж.Амарсанаа бага хуралд оролцогсдын анхаарлыг Үндсэн хуулийн хямралын асуудалд хандуулав.

Үндсэн хуулийн хямрал бол Үндсэн хуульт байгуулал, улс төрийн тогтолцоонд хамгийн их аюул занал учруулдаг зөрчлийн хурц хэлбэр юм гэдгийг тэрээр тэмдэглээд Үндсэн хуулийн хямрал нь нийгмийн оюун санаа, эдийн засаг, улс төрийн хүрээг хамарсан, Үндсэн хуулийн тогтолцоог бүхэлд нь тогтворгүй байдалд оруулдаг зөрчлийн онцгой хэлбэр мөн. Үндсэн хуулийн хямралын үед Үндсэн хууль, түүний бодит хэрэгжилтийн хооронд үлэмж зааг гарч, тэдгээрийн хоорондын тэнцвэрт байдал алдагдаж, улмаар Үндсэн хуульд зарчмын өөрчлөлт оруулахгүйгээр Үндсэн хууль хэвийн үйлчлэх боломжгүй болдог байна. Үндсэн хуулийн хямралаас гарах нэг гарц нь Үндсэн хууль түүний хэрэгжилтийн уялдааг хангахад нийцүүлэн Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн шинэ тогтолцоог бий болгож, нийгмийг задрал, бутралаас гаргаж, Үндсэн хуулийн бодит дэг журмыг тогтоох явдал гэж зарим судлаачид үзэж байна гэлээ.

Тэрээр цааш нь  сүүлийн үед Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байгаа хандлагын талаар ярихдаа, дэлхийн энэ хандлага Монгол Улсыг тойроогүйг тэмдэглэв.

2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монголд жинхэнэ Үндсэн хуулийн хямралын эхийг тавьсаныг илтгэгч дурьдаад ямар өөрчлөлт оруулсныг хүснэгтлэн харьцуулж Үндсэн хуулийн хямралын учиг, шалтгаан юу болохыг хураангуйлан тодорхойлов. Мөн цаашид юу хийх ёстой талаар ярихдаа, Ерөнхийлөгчийн дэргэд Үндсэн хуулийн комисс байгуулж эрдэмтэн, судлаачдыг голлон оролцуулж, Үндсэн хуулийн хэрэгжилт, үр дүнг бүхэлд нь судлан тооцож, түүнд шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, төсөөллийг боловсруулах саналыг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа дэвшүүллээ.

Бага хуралд урилгаар оролцсон ОХУ, БНСУ, ХБНГУ, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгч, судлаач эрдэмтэд мөн илтгэл тавив гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top