АС олон улсын байгууллагаас гэр хорооллын айл өрхүүд ундны ус хадгалах, зөөвөрлөх савны төсөл гаргажээ. Уг төслийн дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан, ундны ус зөөвөрлөхөд тохиромжтой савыг үйлдвэрлэхэд бэлэн болсон байна.
Энэ талаар тус байгууллагын Монгол дахь менежер Ш.Мягмарсүрэн хэлэхдээ “Манайд хуванцар сав хийдэг Хятад, Монголын хэд хэдэн үйлдвэр бий. Гэхдээ эдгээр үйлдвэрлэгчид хоёрдогч түүхий эдийг боловсруулдаг. Хогийг эргэлтэнд оруулаад бүтээгдэхүүн болгон хэрэглэж буй нь сайшаалтай ч түүгээр хийсэн савыг иргэд усны сав болгон хэрэглэж байгаа нь буруу. Хоёрдогч түүхий эдийг зүгээр хайлуулаад хийчихэж байгаа болохоор бүрэн цэвэрлэгдсэн эсэх нь эргэлзээтэй. Энэ савууд нь халуун ус хийхээр хайлчихдаг. Хайлж байна гэдэг нь хадгалж байгаа усаа бохирдуулж байгаа гэсэн үг юм. Манай байгууллага энэ асуудлыг шийдэхийн тулд ШУТИС-ийн багш нартай хамтарч стандартад нийцсэн усны савны загварыг гаргасан” гэлээ. Тэдний хийж буй усны сав нь монгол хүний биеийн дундаж өндөрт таарсан мөн бариул нь ус зөөвөрлөхөд тохирсон ажээ. Энэхүү савыг хийхэд Хятад, Солонгосоос түүхий эдээ оруулж ирэх шаардлага гарна. Бизнес эрхлэгчид уг төслийн ажлыг дэмжиж буй. Гэвч үйлдвэрээ гаднаас оруулж ирэх гэх мэтээр маш их хугацаа алдахаар байгаа гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )