Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн Засгийн газрын хуралдаанаар хуучин хэрэглэж байсан иргэний үнэмлэхийг үргэлжлүүлэн хэвлэхийг хориглосон. Түүнээс хойш иргэдэд цээж зурагтай лавлагаа өгч байгаа билээ. Сонгуулийн өмнө лавлагаатай иргэдийг цахим үнэмлэхжүүлсэн бол үлдсэн иргэдийг цахим үнэмлэхээр хангах асуудлыг долдугаар сарын 11 хүртэл сунгаад байгаа аж. Нийт иргэдийн хувьд долдугаар сарын 10-наас өмнө дүүрэг, хороо, сум, багийнхаа Засаг даргын байранд очиж шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж, хаягаа үнэн зөв болгох ёстой. Учир нь одоо хэрэглэж байгаа цахим үнэмлэхний ар талд гэрийн хаягийг бичиж тэмдэглэсэн байгаа. Шинээр олгох цахим үнэмлэх дээр ямар нэг наалт наахгүй, хаяг нь ил байна гэж Засгийн газрын тогтоол дээр заажээ. Тэгэхээр иргэд шилжилт хөдөлгөөн хийх бүрдээ цахим үнэмлэхээ шинэчилж авах шаардлагатай болох юм. Одоогийн байдлаар 50 гаруй мянган иргэн шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй байгаа бөгөөд шинэ цахим үнэмлэх дээр хуучин хаяг нь бичигдэж гарах аж. Эхний удаад Засгийн газраас үнэгүй олгож байгаа бол хаяг солиулахаар дахин авахад иргэд тодорхой хэмжээний хураамж төлнө. Бүртгэлийн хугацаанд УБЕГ-ын бүртгэгч нар долдугаар сарын 8 хүртэл өдөр бүр ажиллах юм байна. Дахин сануулахад цахим үнэмлэхийг долдугаар сарын 11-нээс шууд хэвлэж эхлэх бөгөөд дахин сунгах боломж байхгүй ажээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )