Манай монголчууд мөнгөний төлөө юуг л бол юуг л хийж чадна гэдгийг сүүлийн хэдэн жил хангалттай харлаа. Тэр дундаа том зориг гаргаж хар тамхи зөөвөрлөж яваад гадны улс оронд баригдаж ял эдлэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Гадны улс орнуудаас хар тамхины хэргээр шалгагдаж байгаа иргэдийн ихэнх нь Хятад улсад бий. Энэ тоо жил ирэх бүр л нэмэгдсээр л байгаа. Анх 2000 онд Хятадын хил гаалиар монголчууд хар тамхи зөөвөрлөж, дамлаж яваад баригдсан хэрэг гарч байсан. Жил ирэх тусам ийм төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж буйд холбогдох хууль хяналтын байгууллагууд, хоёр улсын Консулын газар, ЭСЯ санаа зовж хэрхэн арга хэмжээ авах талаар ярилцсаар буй. Хатуу чанга хуультайгаараа алдартай Хятад улсад хар тамхи биедээ 50 граммаас дээш граммыг авч яваад баригдах юм бол шууд цаазын ял оноодог. Одоогоор БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсон 10 хүний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцжээ. Тэдний тавд нь цаазаар авах ял оноож, гуравт нь бүх насаар нь хорих ял оноож, бусдад нь хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байна.
Харин хар тамхины хэрэгт 17 иргэн буруутгагдан шалгагдаж байна. Ингэхээр тус улсад хар тамхины хэргээр ял эдлэх Монгол иргэн 27 байна гэсэн үг. Энэ бол албан ёсны тоо. Үүний цаана баригдаагүй олон хүн байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Хар тамхи хэрэглэдэггүй хэрнээ зөөвөрлөгч, дамлагч хүмүүсийн тоог судалгаагаар гаргахаар ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг аж. Насны хувьд ангилаад үзвэл 30-45 насныхан илүү оролцдог, 18-25 насны эмэгтэйчүүд ч мэр сэр холбогддог байна. Хар тамхи зөөвөрлөгчдийн гол зорилго нь асар богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэж улайрдаг. Баригдсан иргэд ихэвчлэн нэгээс хоёр удаагийн үйлдлээр баригдахгүй хар тамхи нууж, хил гаалиар гарч чадсан байдаг. Ийм байдалдаа эрдэж, баригдахгүй мэт явсаар сүүлдээ баригддаг байна. Нөгөө талаар монголчууд хэтэрхий давардаг зантай гэдэг нь хар тамхи тээвэрлэж явсан хүмүүсээс харагдаж байгаа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд цаазын ял сонссон иргэдийг хоёр талын холбогдох байгууллагууд ярилцаж ялыг нь хөнгөлөх, эсвэл ялтан солилцох гэрээгээр эх оронд нь авчирдаг болсон гэвэл буруудахгүй. Тухайлбал, хятадад ял эдэлж байсан эгч дүү хоёр Н.Норжмаа, Н.Цэвэлмаа нар эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. Тэдний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нутагт нь авчирсан.
Түүнчлэн Монгол Улсын иргэн Төмөрчөдөр нарын дөрвөн залуу Малайз улсын нисэх онгоцны буудлаас Хонгконгийн чиглэлийн онгоцонд суухдаа 800-900 грамм героин залгиж улмаар тус улсын хууль сахиулагчдад баригдсан. Тэдэнд холбогдох шүүх хурал хоёр удаа болж цаазаар авах ял оноосон. Харин уг ялыг манай талаас Хятадын Консулын газартай удаан ярилцаж, зөвшилцсөний эцэст хэргийг нь хүн бүрт нь таслан тусгаарлаж шалгахаар болоод мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр тэд тус бүртээ дээд тал нь 18 жилийн хорих ялаар шийтгүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг. Тэдний ахлагч гэх залуу хэд хэдэн удаа хар тамхи зөөвөрлөсөн “хаширдаггүй” толгой явсан гэнэ. Монголын иргэн хар тамхи зөөвөрлөж яваад амиа алдсан тохиолдол гарч байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 30 настай А гэгч эрэгтэй гэдсэндээ 30 грамм хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын Гуанжоу хотод бусдын гарт амиа алдсан билээ. Хятад улсад 2007 онд Монгол Улсын иргэн Ж.Дамдин биедээ хоёр кг хар тамхи авч яваад баригдсан нь монголчуудын сэтгэлийг сэрдхийлгэсэн явдал болсон.
Энэ явдлаас хойш 2009 онд түүний эхнэр Б.Хулан, төрсөн дүү Б.Билгүүн, бэр С.Оюунзаяа нарын хамтаар хар тамхи тээвэрлэж яваад Казахстан улсын хууль сахиулагчдад баригдсан билээ. Тэд тус улсын шүүхээс 4-18 жилийн хорих ял сонссон. Ирэх жил Б.Билгүүн, С.Оюунзаяа нарын хоригдох хугацаа дуусах ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Дамдины цаазын ялыг хэлтрүүлж өгөөч гэх хүсэлтийг өнгөрсөн оны зургаадугаар сард явуулж байсан бол саяхан захидлын хариу ирж ял гүйцэтгэх хугацааг нь хоёр жилээр хойшлуулахаар болсон. Хоёр жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй бол цаазаар авах ялыг нь бүр гүйцэтгэхгүй гэсэн үг. Харин насаараа хоригдох ял сонссон Л .Байгальмаагийн хувьд ялыг 19.6 жил болгон өөрчилсөн билээ. Одоо түүнийг Ялтан солилцох гэрээний дагуу эх оронд авчрах талаар хоёр улс хоорондоо ярилцаж байгаа юм билээ.
Харин одоо Хятадын цагдаагийн байгууллагад Малайзаас Хятад руу орж ирэхдээ хар тамхи зөөвөрлөсөн гэх гурван иргэний хэргийг шалгаж байгаа. Тэд хэргээ огт хүлээхгүй байгаа гэдэг. Нэг айлын эгч дүүс ч байгаа юм байна. Тэр хоёр Малайзаас брэндийн бараа Монголд оруулж ирдэг гэнэ. Харин дүү нь брэндийн хэдэн цүнхийг авч орж иртэл цүнхнээс нь хар тамхи илэрчээ. Түүнийгээ тэрбээр “Би хийгээгүй. Хэн нэгэн миний цүнхэнд санаатай хийсэн” гэж мэдүүлээд хэргээ хүлээхгүй байгаа. Мөн оны өмнөхөн Хятадад ажиллаж амьдардаг манай улсын иргэн Малайз Хонгконгийн хооронд бараа зөөх нэрээр хар тамхи зөөж байгаад баригдсан билээ. Түүнийг шалгах мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Малайз руу хар тамхины хэрэгт байнга оролцдог нь нотлогдсон монголын нэг иргэнийг Хятадын хил гаалийн ажилтнууд илрүүлсэн. Түүнтэй холбоотой гэх монголын хоёр иргэн хар тамхи зөөвөрлөхийг завдаад баригдсан гэх мэдээлэл үнэн болохыг эх сурвалж хэлсэн ч манай Консулын газраас үгүйсгэж байгаа бөгөөд “дахин лавлаж асууна” гэсэн тайлбараар ам таглаад байгаа юм. Зүүн Өмнөд Азийн мафийн “Алтан гурвалжин” бүлэглэлийн бүс нутаг хариуцсан хятад гаралтай Малайзын иргэн Эдвард гэх этгээд монголын хэд хэдэн иргэнийг сүлжээндээ элсүүлсэн байдаг гэх мэдээлэл ч байсан. Түүний золиос болсон М.Ойгонбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцээд 12 жил хорих хүнд ялыг нь 15 жилийн хөнгөн ялаар сольж шийтгэсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхины хэрэгт холбогдож хорих ял авч хүний болон өөрийн нутагтаа хоригдож буй олон хүн бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай санаачилга гаргаж “Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэнд өршөөл гэж үгүй” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч өршөөл гэж үгүй хэмээн гараа зангидан байж хэлсэн нь хар тамхи зөөвөрлөж, худалдах гэсэн сэтгэл өвөртлөн, магадгүй одоо баригдалгүй явж байгаа иргэд амар хялбар аргаар мөнгө олохоос зайлсхийж гэмээ ухаарах цаг нь болжээ.
Магадгүй та өнөөдөр нэг дор бөөн мөнгө олж байгаа боловч амташсан хэрээ 13 дахина гэгчээр баригдаж насан туршдаа торны цаана суух цаашлаад цаазаар авах ял сонсоно. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч зүйл монголчуудын хувьд дахин битгий л болоосой.
Г.Мянгаа
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )