Өнөөдөр “Онцгой үеийн шуурхай байдал” сэдэвт сургалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран болзошгүй, онцгой  байдлын үед аймаг орон нутгаас хэвлэл мэдээллийн байгууллагаар шуурхай мэдээллийг дамжуулах сургалтыг ЭМЯ-нд эхлүүллээ.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үүнд хилийн томоохон боомт, оношлогоо, эмчилгээний бүсийн төвтэй аймгуудын төлөөлөгчид, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Байгалийн голомтот халдвар, өвчин судлалын төвөөс мэргэжилтнүүд оролцож байна. Олон нийтийг хамарсан, эрүүл мэндийн ноцтой байдал үүсвэл хүн амын эрүүл мэндийг хэрхэн хамгаалж, иргэдэд түргэн тусламж үйлчилгээ хүргэх талаар хэлэлцэж, сургалт явуулж байгаа юм. Ингэхдээ хөдөө орон нутгийн алслагдсан сум, багуудыг нийслэлийн дүүргээс дутахааргүй зохион байгуулалттайгаар өвчний тархалт, хүн амын судалгааг тухай бүрт нь гаргаж харилцаа холбоотой байхыг онцлов.

Өмнөговь аймгийн тухайд, одоогоор онц ноцтой халдварт өвчин дэгдээгүй гэнэ. Харин улсын хэмжээнд А вирусээр үүсдэг шар өвчин ихэсч байгаа талаар тус аймгийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Наранцэцэг мэдээллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top