Өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Дээлтэй Монгол” наадмын комисс хуралдлаа. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“Анх 100 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна” хэмээн хуралд оролцогчид хэлж байлаа. Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болох уг наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох аж. Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг ахалж байгаа юм.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )