Монголын гэр бүлийн харилцааг 23 дахь жилдээ судлаж байгаа судлаач, хууль зүйн ухааны доктор Л.Нарантуяаг UBS-2 телевизээр “Эргэцүүлэл” нэвтрүүлгээ хүргэж байгаагаар нь таних биз ээ. Энэхүү нэвтрүүлэг нь “Үндэсний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг хүүхэд” төслийн хүрээнд бүтэн жилийн турш цацагдах юм.
“Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-ийн тэргүүн хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа.
-Энэ цаг үеийн гэр бүл салалтын шалтгаан юу байдаг вэ?
-Манайд улсад гэр бүл салалтын гурван үе шат байгаа юм. Гэр бүл болоод нэг жил, арван жил, 40 нас хүрсэн хосууд олноороо салдаг. Яагаад энэ үеүдэд олноороо салж байгаагийн шалтгаан нь хайртай гэдгээ бүрэн дүүрэн тогтоогүй, нэг удаагийн хавьтлаар жирэмсэлсэн байдаг. Ингээд гэр бүл болох шийдвэр гаргана. Ийм гэр бүлүүд эргээд салахдаа хурдан. Энэ нь хайрын харилцаа, итгэл, үнэмшлийн харилцаа үүсээгүйгээс болдог. Гэрлэхээсээ өмнө хосууд дор хаяж зургаан сар үерхэх хэрэгтэйг гэр бүл судлаачид зөвлөдөг. Хэрвээ зургаан сарын хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй үерхэж чадвал их урт удаан хугацааны амьдрал болох нь элбэг. Харин сарын дотор харьцаанд орох нь төдийлөн итгэл үнэмшилтэй харьцааг бий болгож чаддаггүй. Ерөнхийдөө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсоноос гэр бүл салдаг. Харин үүнтэй харьцуулахад эд хөрөнгө, аав ээж бол жижиг асуудал.
-Салсан гэр бүл эргэн нийлэх нь хэр байдаг вэ?
-Сэтгэл судлаач дээр очоод зургаан жилийн дараа эргэн нийлсэн түүх бий. Шүүхийн шийдвэрээр салсан хүмүүс үр хүүхэд, эхнэр, нөхрөө санаад байна, одоо яах вэ гэж сэтгэл судлаачдад маш их ханддаг. Бие биедээ татагдаж байгаа бол хурдан сэтгэл судлаачид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй юм. Мөн салж буй хосуудын дунд хүүхдээ хэн нь авах вэ гэдэг том асуудал тулгарна. Миний хувьд салсан хойноо нэгнийгээ муулахгүй гэсэн нь хүүхдээ авах нь зөв санагддаг. Өөрөөр хэлбэл өөрийг нь өөрт нь муулж байгаатай утга нэг юм. Хүүхдэдээ хоёр биенийхээ салалтын талаар зөв талаас нь ярьж тайлбарлаж, хүүхдээ өсгөж чадах нь авах хэрэгтэй. Эрэмдэг зэрэмдэг хүмүүс монголоор дүүрчихсэн байгаа учраас энэ асуудал дээр гэр бүл судлаачид их эмзэглэж, хүүхдүүдэд боловсрол олгох тал дээр түлхүү ажиллагаа явуулдаг.
-Шүүхээс өгсөн эвлэрлийн зургаан сарын хугацаанд хосын нэг нь гэмт хэрэгт холбогддог. Энэ нь юунаас болдог вэ?
-Тийм. Зургаан сарын салан тусгаарлалтын хугацаа өгөхөд нэгэнт салах өргөдлөө өгсөн учраас өшөө хорсол, бачуурлаа тайлмаар санагддаг үе юм. Энэ хугацаанд нь сэтгэл зүйч дээр албан ёсоор очдоггүй. Шүүхийн дэргэд сэтгэл судлаачид ажиллах ёстой. Гэтэл манайд мэргэжлийн гэр бүлийн сэтгэл судлаач байдаггүйгээс салах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгч, эвлэрүүлэх, ятгах, эргэж нийлүүлэх асуудал дээр анхаардаггүй. Үүнээс болж тус тусдаа байгаа хүмүүс эд хөрөнгө, хүүхдээ булаацалдаж хэрүүл зодоон, улмаар бие биенийхээ амь насанд нь хүртэл хүрэх ноцтой хэрэг үйлддэг.
-Нийгмийн асуудал, гэр бүл төлөвлөлт байхгүйгээс ялангуяа залуу гэр бүл салах нь нэмэгдэж байна. Үүн дээр манай улсын хууль эрх зүйн зохицуулалт хэр хангалттай хийгддэг вэ?
-Хууль эрх зүйн жижиг хуулиуд бий. Гэхдээ энэ асуудал дээр огт анхаарал тавьдаггүй. Өчигдөр байсан хууль өнөөдөр хэргээ өнгөрөөчихсэн байгаа. Тийм учраас шинэ шинэ харилцааг зохицуулах чадварлаг, хатуу чанд, хариуцлагын тогтолцоо бүхий хууль эрх зүйн акт, дүрэм, журам боловсруулж гаргах нь чухал. Салахдаа айгаагүй хэрнээ салсан хойноо хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг өгөхгүй зугтаж буй хүмүүсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан баривчилж мөнгийг нь төлүүлж байгаа тохиолдол ховор юм. Арай ухамсартай нэг нь хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг хэнээр ч шаардуулалгүй өгдөг. Өөрийнхөө хүүхдийн төлбөрөөс зугатсан мөртлөө өөр хүний хүүхдийг тэжээгээд явж байгаа эрчүүд их. Харин эмэгтэйчүүд бол үхэн үхтлээ үр хүүхдээ гэж явдаг. Үүнийхээ ч үр ашгийг хүртэж чаддаг.
-Гэр бүл салалтыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Оюун ухаан, ухамсрыг нь өөрчлөх хэрэгтэй. Сургуулийн шилжилтийнх нь нас дөнгөж эхлэж байгаа 10-14 насны хүүхдүүдээс эхлээд гэр бүл гэж ямар чухал болох, гэр бүлийн аз жаргал, хайр, шохоорхол, дурлал, үерхэл гэж юу вэ гэсэн гэр бүлийн харилцаанд шаардлага, хэрэгцээтэй хичээлийг боловсролын системд оруулах талаар н.Намжил доктор яриад хорин жил болж байна. Үүнийг гэр бүл, эцэг эхийн зүгээс өөрсдөө санаачилж ганцаарчилсан сургалт авч болно. Манай "Өэүлэн эх оюуныг бадраах төв" 24 цагаар ажилладаг. 1898 гэсэн утсаар тулгараад байгаа бүх асуудал дээр зөвлөгөө өгнө.
-Манай улсын хувьд хүмүүс нэг их сэтгэл зүйч дээр очихоосоо илүү лам хуврагаар явдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч дээр очих хандлага хэр нэмэгдэж байна вэ. Зориод очих тохиолдол бий юу?
-Ерөнхийдөө бөө, удган, лам дээр их очдог. Эдгээр хүмүүс шинжлэх ухааны үндэслэл байхгүй буруу чиглэл рүү явуулдаг юм билээ. Өнөөдөр Монголд христийн сүм хийдээс эхлээд олон гэр бүлийн зөвлөгөө өгдөг газрууд бий. Гэхдээ тэд зөвхөн эзэн тэнгэртээ итгэж, шашиндаа элсүүлж байж зөвлөгөө өгдөг явцуу хүрээтэй.
-Шүүхээр шийдэгдэж байгаа асуудлуудын 60 хувь нь гэр бүл салалттай холбоотой байна гэж байсан. Энэ тоо баримтыг хэрхэн гаргасан бэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан өөрсдөө хэвлэлийн хурал хийхдээ 60 хувь нь гэр бүл салалттай холбоотой байна гэж хэлсэн. Үүнийг сонсоод би үнэхээр их цочирдсон. Монгол орны шүүхэд салсан нөхрөөсөө эдийн засгийн дэмжлэг авах зорилготой эмэгтэйчүүд түлхүү ханддаг. Мөн нөхөртөө хүүхдээ үлдээгээд асарч халамжилдаггүй муу эхнэрүүд ч байдаг. Энэ үед нөхөр нь салах өргөдлөө өгдөг.
-Та энэ асуудлаар хуулийн зохих хэмжээний байгууллагад хандаж байв уу?
-Нэг ч байгууллага хариу өгөөгүй. Манайд гэр бүл салалтын хэргийг нэг минутын дотор шийддэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт цалин мөнгийг нь ч өгдөггүй. Тэдэнд гэр бүлийн асуудлаар дагнаж хөгжих боломжийг олгодоггүй. Дандаа эрүүгийн болон залилангийн хэрэг дээр давамгай ажиллуулдаг. Салж буй хүмүүсийг судлах ажиллагаа хийгддэггүй.
-Та гадаадын орнуудаар судалгаа хийсэн хүний хувьд монголын гэр бүл салалт гадаадын орнуудтай харьцуулахад ямар байна вэ?
-Гадаад орнуудтай харьцуулахад манай улс харьцангуй хайр ихтэй орон. Өвөг дээдсийнхээ уламжлалыг нэлээн баримталдаг орнуудын нэг. Дэлхийн 200 гаруй орон манай энэ уламжлалаас суралцаасай гэж хүсч байна. Манайд бол нэг гэрт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеэрээ амьдардаг цорын ганц улс бол Монгол орон юм.
Ярилцсан: Х.Даваанаа
Сэтгэгдэл ( 1 )
Ene hun uneheer mundag ih zov zuil yardag hun bnaa \n