Ардын хувьсгалын 91 жилийн ойг улбар шар өнгө тодотгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам хаяанд ирлээ. Өөрөөр хэлбэл Монголчууд тав хоногийн дараа европ соёлд хүч түрэгдээд байсан монгол үндэсний хувцсаараа гангаран наадамлана. Ер нь жил ирэх тусам наадмаар үндэсний хувцсаараа гангарах хүний тоо олширч буй. Ингээд энэ жилийн наадмын гоёлын чиг хандлага ямар байх талаар Монгол костюмс төвийн загвар зохион бүтээгч Ө.Баярзулын зөвлөгөөг уншигч танд хүргэе.

ЦАЙВАР ӨНГӨ ТАНЫ СОНГОЛТ
Ямар ч хувцсанд өнгө гэдэг хамгийн чухал. Тиймдээ ч хамгийн түрүүнд ямар өнгөөр гоёлынхоо дээлийг хийлгэх вэ гэсэн бодол хүмүүсийн толгойд орж ирдэг. Харин энэ жилийн тухайд улбар шар өнгө давамгайлж байгаа хэмээн загвар зохион бүтээгч бүсгүй онцолсон. Тэгээд ч энэ зуны турш улбар шар өнгө хөгшин залуу гэлтгүй бүгдийг нь байлдан дагуулж байгааг та анзаарсан байх. Тиймээс таны дээлийн өнгө улбар шар байхад нэг их буруудахгүй. Түүнчлэн зуны дэлгэр цагт цайвар өнгө ноёлдог гэдгийг хэлүүлэх юун. Энэ зун ч гэсэн уламжлал ёсоор цайвар өнгө сонгохыг загвар зохион бүтээгч санал болгож байсан. Тэгээд ч цайвар өнгөнүүд нарны туяаг ойлгодог давуу талтай. Түүнээс гадна хүний царайг гэрэлтүүлж гэгээлэг харагдуулдаг юм хэмээн Ө.Баярзул ярьсан.

ЦЭВЭР ХӨВӨН ДААВУУН ДЭЭЛ ЭРЧҮҮДИЙН СОНГОЛТ
Монгол үндэсний хувцас гэхээр л торгоор хийх ёстой гэсэн нийтлэг ойлголтыг сүүлийн үед бөхчүүд эвдээд байгаа. Тодруулбал бөхчүүд хэдэн жилийн өмнөөс улаан, ягаан, усал цэнхэр, цайвар ногоон гээд л төрөл бүрийн өнгөтэй ноолууран дээлээр гангарч буйг та анзаарсан байх Ло жил ч гэсэн ноолууран дээл халаагаа өгөхгүй. Ноолууран дээл нь дэгжин харагдахаас гадна таны бэл бэнчинг тодотгож өгдөг. Гэхдээ хүн бүр ноолуур өмсөөд байх нь юу л бол. Дундаж орлоготой жирийн эрчүүд бол даавуун дээлээ сонгох нь гарцаагүй. Гол нь таны сонгох дээл цэвэр хөвөн даавуу байх хэрэгтэй. Ер нь энэ зун эрчүүд торгоноос татгалзаж даавууг чухалчилах хэрэгтэй гэж загвар зохион бүтээгч сануулсан. Энэ нь хүнийг төв сайхан харагдуулахаас гадна хөлс шингээдэг сайн талтай. Эрчүүдийн сонгох дээлийн өнгө нь мөн цайвар байх хэрэгтэй. Гэхдээ хүн бүр ижил өнгийн дээлтэй болчихвол монголчууд тэр чигтээ ихрүүд юм шиг инээдтэй харагдана гэдгийг санаарай. Цайвар гэдэг өнгөнд маш олон өнгө харьяалагдана шүү дээ. Бор шар, усан ногоон өнгө ч цайвар өнгөнд хамаардаг хэмээн загварынхан онцолж байна билээ. Түүнчлэн өмнө хэлсэн улбар шар өнгө ч эрчүүдийг жавхаалаг харагдуулахад тус болно хэмээсэн. Танд л гэж хэлэхэд сүүлийн үед хосууд ижил өнгөөр хослон гоёх болсон юм билээ. Та ч мөн яагаад найз бүсгүйнхээ хамт тэдний эгнээнд нэгдэж болохгүй гэж. Эрчүүдийн дээлийн загвар төдийлөн өөрчлөгдөөд гангараа нь болох учиртай. Сүүлийн үед дээлийн эмжээрийг өнгө дагуу хийдэг болсныг та лав анзаарсан байх. Өнгө дагуу эмжээр илүү гоёмсог бас чамин харагддаг гэдгийг тэр онцолж байсан. Түүнчлэн цэвэрхэн ч харагддаг гэнэ билээ.

1970-1980-ААД ОНЫГ ЭРГЭН САНААРАЙ
Бүсгүйчүүдийн хувьд наадмын гоёл маш чухал. Тиймдээ ч хүүхнүүд наадмын гангараагаа эртнээс бэлдэж эхэлдэг. Хэрвээ та хараахан бэлдэж амжаагүй байгаа бол 1970-1980-аад оны үед бүсгүйчүүдийн өмсөж байсан дээлийг дахин сайтар хар. Зүгээр л энгийн дээл байна шүү дээ гэж бодож байна уу. Тиймээ. Энгийн л дээл. Гэхдээ энэ жил 1970-1980-аад оны үеийн дээлийг бага зэрэг орчин үеийн хэв загварт оруулж хийсэн дээл бүсгүйчүүдийн таалалд ихээр нийцнэ гэж загвар зохион бүтээгчид тооцоолсон байна билээ. Соёл иргэншлээсээ шалтгаалдаг уу хотынхны дээлийн материал хөдөөгийн бүсгүйчүүдийнхээс арай өөр байдаг. Тодруулбал хотын бүсгүйчүүд аль болох нимгэн силкэн материал сонгодог байхад хөдөөгийнхөн голдуу торго сонгох нь бий. За энэ ч яахав хүний өөрийн сонголт. Хамгийн гол нь ямар ч материал сонгосон байсан таны сонгосон материал ямар нэгэн хээгүй байх ёстой гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл ээж аавуудын өмсдөг дээл шиг том том дугуй хээ загварын ертөнцөөс түрэгдэж буй гэсэн. Түүнчлэн "Монгол костюмс" төвийнхөн бүсгүйчүүдийнхээ тухтай байдлыг харгалзан силкээр хослол урлаж байгаа хэмээн тэр ам алдсан. Силкээр урласан монгол үндэсний хувцас ямар дэгжин харагддаг гээч хэмээн тэр ярьж байна билээ. Нимгэн хөнгөн бас салхи нэвтрүүлдэг гээд энэ материалын давуу тал их. Бас унасан материал учраас суудлын аяар үрчийж сэтгэл санааг чинь зовоохгүй.

ҮНДЭСНИЙ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОТГОСОН ДЭЭЛ ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЭЛНЭ
Сүүлийн үед зөвхөн наадмаар ч гэлтгүй жирийн үед ч гэсэн үндэсний хувцасны хэрэглээ өндөр болсон. Ямарваа нэгэн юм уламжлалт байдлаа хадгалж байж гэмээнэ үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Тиймдээ ч хүүхнүүд маань сүүлийн таван жил уламжлалт байдал, монгол шинж чанарыг хадгалсан загвартай дээл захиалах болсон хэмээн тэрбээр ярьсан. Бас хантааз ч халаагаа өгөхгүй гэнэ билээ. Магадгүй та дээл дээрээс нь бас яаж хантааз өмсөх вэ гэж бодож байгаа бол аль дуртайгаа л сонго. Энэ таны эрх. Уг нь үндэсний хувцсаа төгс байдлаар нь өмсчихвөл илүү хээнцэр харагдана шүү дээ. Баярзулын ярьснаар бол энэ жилийн дээлийн загвар энгийн байх юм билээ. Нэг үгээр хэлбэл үндэсний хэв шинжийг тодотгосон дээл л чухал байр суурьтай байна гэнэ.

ТА ЗАГВАРЫН ДЭЭЛ БЭЛДЧИХСЭН СУУНА УУ
Энгийн дээл чухал гээд загварын дээлийг огт үгүйсгэж бас болохгүй. Тэгээд ч загварын дээл өмсөнө гээд бэлдчихсэн хүн олон л байгаа байх. Дээр өгүүлсэн зүйл бол ер нь энгийн байдлыг эрхэмлэж байгаа шүү гэсэн сануулга болохоос загварын дээлийг огт үгүйсгэсэн үг биш хэмээн тэр хэлсэн. Хамгийн гол нь таны дээл монгол үндэсний хувцасны ерөнхий элементийг харуулсан байх ёстой. Өнгөрсөн жил загвар зохион бүтээгчид бүсгүйчүүдийн наадмын гоёлыг хоёр хэсгээс бүрдүүлж байсан бол энэ жил тийм биш. Ерөөсөө таны гоёл нэг л хэсгээс бүрдэнэ гэдгийг санаарай хэмээснээр загвар зохион бүтээгч Ө.Баярзулын яриа өндөрлөсөн юм.

Э.Анударь

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top