"Камертон 2" шоуны III шат амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр манай сурвалжлах хэсэг "Ми дурлалын 440 дэх гудамж" хамтлагийн үзүүлбэрийнх нь дараа ярилцсан юм.
-Баяр хүргэе. Бэлтгэл дээр бэлдэж байсан тоглолтоо тайзан дээр үзүүлж чадсан уу?
-Баярлалаа. Тайз хальтиргаатай байсан болохоор бүжиг бага зэрэг зөрлөө. Бүгд л өөрсдийн нөөц бололцоогоороо хичээлээ. Сэтгэл өндөр байна. Амжилттай оролцлоо л гэж бодож байна. Таагүй зүйл нь гэвэл маш их хугацаанд бэлтгэл хийсэн ч гэлээ яг цагаа тулахаар өөрөөр эргэлээ. Бид нар тайзан дээр маш их хальтирсан. Хөдөлгөөн зөрөх, хальтирч унах асуудлууд гарсан нь онцгүй байлаа.
-Зритель хэр хүлээж авав?
-Манай багийг маш гоёор хүлээж авсан нь гайхалтай сайхан санагдлаа. Юу нь гайхамшигтай вэ гэхээр "Ми дурлалын 440 дэх гудамж" гээд хамтлаг аль хэдийн байгуулагдаад хамтлагийн тоглолтыг маань хүмүүс үзэх гэж ирсэн мэт сэтгэгдэл төрсөн.
-Энэ нэрийг яагаад өгөх болов?
-Нэрийг хамтлагийн хамгийн сэргэлэн, хамгийн бяцхан гишүүн н.Гэрэлсүх маань өгсөн. Манай хамтлаг нэр өгөхөд аягүй олон санаа гарч байсан. Яг бусад багуудтай адилхан зохиомол нэр өгч болох л байсан. Бид нар хамтлагаа яагаад зохиомол биш нэртэй гэж байна вэ гэвэл яг одоо хамтлагийн 4 гишүүний тус тусдаа гаргасан бие даасан цомгийн эхнийх нь үгнүүдийг нийлүүлээд ингэж нэрлэсэн.
-Камертон хамтлагийн цомгуудаас хэрхэн дуугаа хэрхэн сонгож авсан бэ?
-Эхлээд бид нар тус тусдаа дуунуудыг нь сонсоод дараа нь ямар дуу дуулах саналаа дэвшүүлсэн.
-Багшийнхаа талаар ярихгүй юу?
-Идэрчулуун гэдэг “I & 3” студийн багш. Биднийг шоунд маань бэлдүүлж өгсөн багшдаа баярлалаа.
-Бэлтгэлээ өдөрт хэдэн цагаар хийдэг байсан бэ?
-Бид нар тавдугаар сарын 14-нөөс эхлэн өдөр бүр бэлдсэн. Шалгалттай байсан ч зохицуулаад бэлтгэлээ таслаагүй хийсэн.
-Шүүгчдээс сонссон урмын үг, шүүмжлэл?
-Бидийг бүжиглэлтдээ хэт их анхаараад дуулалт дээрээ сул байна гэж шүүмжилсэн. Манайх 10 хүнтэй. Бусад багаас ялгаатай тал нь илүү хүнд бүжиг хийсэн. Бүжгийг дуулангаа хийнэ гэдэг маш хэцүү байдаг юм байна. Өөрийгөө нөөсөн хүмүүсийг массаар нь хөдөлгөнө гэдэг хэцүү юм байна. Гэхдээ хүн бүр дор бүрнээ хичээлээ. 10 хүн дуугаа хуваарилаад дуулахад нэг хүнд 2-3 мөр л үлдэж байсан. Бусад багийнхан биднээс ялгаатай нь анх баг болж хуваагдахад залуучууд нь бүгдээрээ мэргэжлийн хүнээр хоолой салгалт хийлгүүлэн бэлдэж, дуулалт дээрээ түлхүү анхаарсан нь анзаарагдсан. Бид яагаад бүжигтээ түлхүү анхаарсан бэ гэвэл 3-р шатан дээр хөдөлгөөний эвсэл хамгийн чухал гэж бодсон л доо. Өмнөх хоёр шатандаа дуулалтаа тодорхой хэмжээгээр үзүүлсэн учраас бүжигтээ түлхүү анхаарч ажилласан. Биднийг үнэхээр хамтлаг шиг байж чадлаа гэсэн нь урам өгсөн магтаал байлаа. Зурагтаар үзэхэд бүх зүйлс ямар ч бэрхшээлгүй болсон мэт харагддаг. Энэ бүхний ард маш их тэмцэл, заримдаа хоорондоо ч таарч тохирохгүй хэцүү үе байсан. Тэр болгонд бие биеэ хүндэлж ухамсартай шийдвэр гаргасан хамтлагийнхандаа баярлаж байна.
-3-р шатанд та бүгдийн олсон хамгийн том ололт?
-Хамгийн том ололт бол бид нэг нэгнээ олсон явдал. Нэг баг болж чадсанаас гадна насан туршийн найзуудаа оллоо. Энэ тэмцээн дууссан ч бүгд амьдрал дээр найзууд байна шүү гэж ярьсан.
Ми дурлалын 440 дэх гудамж хамтлагийн тоглолтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Д.Төгс
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )