Эмч нар урамшуулал цалинтай болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

Ард иргэдийн эрүүлийг хамгаалах үйлсэд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг урамшуулан цалинг нь нэмэгдүүлэх талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрээр "Засгийн газраас эмч, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гурван тогтоол гаргасан. Тухайлбал, "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай" тогтоолын дагуу эмч эмнэлгийн ажилтнууд улирал тутам ажлаа үнэлүүлээд, үр дүн, бүтээмжээс хамааран цалингаа нэмүүлнэ. Ингэснээр тэд улирал бүр 108.000-309.000 төгрөгийн урамшуулал авах болж байгаа" гэсэн юм.
Мөн "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай" тогтоолын дагуу хүнд, хортой нөхцөл байдалд ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн шатлал хариуцлагыг өндөрсгөх зорилгоор  35.000-55.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон байна.
Мөн "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоол гарчээ. Үүний дагуу тасгийн эрхлэгч, эрхлэгч нар, зарим албан тушаалтнуудын цалингийн шатлалыг нэг шатлалаар ахиулж цалинг нь тооцож байхаар болжээ. Энэ нь дунджаар 40.000 төгрөг байх гэнэ.
Дээрх гурван тогтоол гарсантай холбогдуулан улсын төсөвт нийт 16,8 тэрбум төгрөг нэмэгдэж суугдах юм байна.

www.times.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top