Үер, усны ослоос хүүхдээ хамгаалцгаая

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

“Хүүхэд бүрийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачлага”-ын хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг өнөөдөр ОБЕГ-аас анхаарууллаа.

Энэ зун олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадастай байгаа бөгөөд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас гол, мөрөн, нуурын усны түвшин огцом нэмэгдсэн. Түүнчлэн их халалтын улмаас иргэд сэрүүцэх зорилгоор голын усанд орох нь хүүхэд, ялангуяа бага насны хүүхэд усанд эрсдэх тохиолдол их гарч байна.

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар усны осол, үерийн аюулын тохиолдол 13 аймгийн 25 суманд 25 удаа, нийслэлийн гурван дүүрэгт таван удаа, нийт 30 удаа гарчээ. 35 хүн осолдсоны 10 нь хүүхэд байна. Эдгээр хүүхдийн зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй. Насны ангиллаар авч үзвэл 0-3 насны хоёр, 4-8 насны хоёр, 12-15 насны дөрөв, 16-18 насны хоёр хүүхэд байгаагийн дотор 0-3 насны хоёр хүүхэд гол мөрөн, нуурын усанд осолдож энджээ.

Хүүхэд бол юугаар ч орлуулшгүй үнэт эрдэнэ учраас тэднийг сайтар харж хандан, өсгөн хүмүүжүүлэх нь асар том үүрэг хариуцлага  юм. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаагаас дээрх ослууд гарчээ. Иймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа чангатгахыг Хүүхдийн төлөө газрын зүгээс анхааруулж байна.

 

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top