Өндөр гэгээний бүтээлийг хулгайлсан иргэд ял сонсов

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Өндөр гэгээн Г.Занабазарын урласан түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж, зувчуулсан Ю.Баяраа, С.Энхтайван нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцлээ. Тэд бүлэглэн Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг "Эрдэнэзуу" музейгээс түүх соёлын хосгүй үнэт бурхдыг хулгайлж, оронд нь дууриамлыг сольж тавьсан хэрэг үйлдсэн. Ю.Баяраа музейн нярав, С.Энхтайван Өвөрхангай аймгийн харьяат, "Тансаг" нэртэй эртний эдлэлийн дэлгүүрийн эзэн аж. Ю.Баяраа хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон тав, үнэт бүтээлд тооцогдох 17 бурхныг сольж, С.Энхтайванаар дамжуулан БНХАУ-ын иргэн Лид худалджээ.

Улмаар бурхдыг дууриалган хийлгэсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Давж заалдах шатны шүүхээс Ю.Баяраад итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө завшсан үндэслэлээр найман жил хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гурван жилийг нь хассан. Харин С.Энхтайванд зургаан жил хорих ял ногдуулж, мөн л гурвыг нь хэлтрүүлэв. Түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох бурхдын төлбөрт Ю.Баяраагаас 109 сая, С.Энхтайванаас 87 сая гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Д.МЯГМАРЖАРГАЛ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top