Дотоодын цэргийн 90 жиийн ойн нэрэмжит бэсрэг наадамд аймгийн заан Л.Батзориг түрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газарт Үндэсний их баяр наадмын өмнө жил бүр бэсрэг наадам хийдэг уламжлалын дагуу өнгөрсөн бямба гаригт уг наадмыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 90 жилийн ой энэ сарын 19-нд тохиох гэж буйг тохиолдуулан уг бэсрэг наадмыг Дотоодын цэргийн нэрэмжит болгосон аж. Энэ наадамд УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, ХЗДХЯ-ны төлөөлөл, харьяа агентлагийн дарга нар болон нутгийн иргэд очиж, хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, мэргэн харваачдын харвааг үзэж сонирхлоо. Хүчит бөхийн барилдаанд “Сүүж уул” амралтын газарт наадмын бэлтгэлд гарсан ЦЕГ-ын “Хүч”, ТЕГ-ын “Эрч”, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Аварга” дээд сургууль, “Женко” клубын галаас гадна Хөвсгөл, Дорноговь, Ховд аймгийн галын бөхчүүд барилдав. Энэ наадмын шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ц.Батзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бөх, улсын начин Н.Батзаяа, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх, улсын заан Ц.Мягмарсүрэн, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Л.Батзориг нар  үлдсэн бол, үзүүр түрүүнд Ховд аймгийн Мөст сумын харъяат, улсын заан  Ц.Мягмарсүрэн, аймгийн заан Л.Батзориг нар үлдэж, Л.Батзориг түрүүллээ.

УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, далай даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ анх Дотоодын цэргийн … дугаар ангид алба хааж, бөхийн дэвжээнээ гарч байсан бол өдгөө 90 жилийн ойн нэрэмжит бэсрэг наадмын үеэр зодог шуудагаа өмсөж, цолоо дуудуулж наадмын зүлэг ногоон
дэвжээнд гарсан юм.Тэрбээр  энэхүү “Сүүж уул” амралтын газарт 12 жилийн турш наадмын бэлтгэлээ базааж байсан билээ.

Үндэсний сурын халх харваанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн байцаагч, ахлах дэслэгч М.Чинбат гуравдугаар байрыг эзэлсэн бол, хоёрдугаар байрт Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын офицер, ахлах дэслэгч С.Мөнхбаатар хоёрдугаар байрт орж, тэргүүн байрыг  спортын дэд мастер, цагдаагийн ахлагч Г.Ууганбаяр эзэлжээ.

Хурдан морины уралдаанд Төв аймгийн уячдын 36 даага уралдсанаас Төв аймгийн Аргалант сумын харьяат Х.Болдбаатарын шарга даага түрүүлж, Төв аймгийн Борнуур сумын уугуул А.Зоригийн зээрд, Төв аймгийн харьяат Д.Даваажанцангийн хээр даага айрагджээ. Харин Н.Нямдаваагийн шарга даага баян ходоодод орсон байна. Наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд, харваачид, уяач, унаачдад Дотоодын цэргийн дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар шагналыг нь гардуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top