Өнгөрсөн бямба гаригт СХД-ийн Баруун турууны аманд байрлах “Улаанбаатар буян” ХХК-ийн “Буяны төв" цогцолборын дэргэд бурхан бологсдын дурсгалыг хүндэтгэлтэй мөнхжүүлэх “Авид бурхны цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлт боллоо.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд XIV Найчин Чойжин тэргүүтэй лам хуврагууд цэцэрлэгт хүрээлэнгийн гол шүтээн “Авид” бурхны равнай өргөн амилуулах номыг уншлаа. Мөн Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров энэхүү хүрээлэнд зориулсан “Ариусахуйн аялгуу” хэмээх хөгжмийн зохиол бичиж бэлэглэжээ.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь нийт 2,8 га талбайг хамрах буюу төвдөө 12 метрийн өндөртэй диваажингийн бурхан “Авид” бурхныг шүтээн болгон залж, мод, ус, шороо, чулуу гээд таван махбодын өнгө төрхийг илтгэсэн бэлэгдэл бүхий дөрвөн хэсгүүдээс бүрдэх юм. Түүнчлэн ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн цэцэрлэгчид, харуул хамгаалалттай, явган зам талбайтай, усалгааны системийг бүрэн шийдсэн, тогтмол арчилгаатай аж. Ингэснээрээ Олон улсын жишигт нийцсэн дурсамжийн цэцэрлэгт хүрээлэнд бурхан бологсдын ариун чандрыг залж, мөнхжүүлэх боломж бүрдэх юм байна.
“Улаанбаатар буян” ХХК нээлтийн үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны шинэ стандартыг нэвтрүүлснийг Английн олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллага UKAS-аас олгосон сертификатыг гардан авчээ.
“Улаанбаатар буян” ХХК-ийн ерөнхий захирал М.Золзаяа хэлэхдээ “Манай компанийн хамт олон буяны үйлчилгээний салбарын хөгжлийг дэлхий нийтийн жишиг, чиг хандлагад нийцүүлэхээр зорин Монгол улсад анх удаа чандарлаж оршуулах уламжлалт зан үйлийг шашны ном ёсны дагуу буяны үйлчилгээг үзүүлж ирсэн” гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )