Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автомашинд эко дугаар олгох хүсэлтийг Авто тээврийн газрын харьяа агентлагуудад хүргүүлжээ. Харин уг хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж. Учир нь энэ төрлийн автомашинд дугаар олгохдоо ногоон дэвсгэр дээр цагаан шрифтээр улсын дугаарыг бичсэн загвартай байна гэж санал тавьсан байна. Гэтэл энэхүү загварыг өнгөрсөн таван сард Стандартчиллын үндэсний зөвлөл хуралдан технологийн буюу хүнд даацын авто машинд олгохоор тогтчихсон гэнэ.
Энэ талаар Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболдоос тодруулахад “Манайхаас жил бүр тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог явуулж тухайн жилийн замын хөдөлгөөнд оролцох эрх буюу гэрчилгээг олгодог. Уг гэрчилгээг олгохдоо үзлэгээр тэнцсэн, хорт утаа бага ялгаруулдаг автомашинд ногоон дэвсгэрээр таних тэмдэг болгон оруулж өгөх санал гаргасан. Энэ ногоо гэрчилгээг авсан автомашиныг агаар бохирдуулсаны татвараас чөлөөлөх, хотын төв хэсгийн замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож бусад машинуудыг хориглох заалт гаргах зэрэг аргаар дэмжиж болно. Агаар бохирдуулсны татвар нь тухайн автомашин нэг километр зайд явахад 120 милограммаас дээш хорт утаа ялгаруулсан тохиолдолд зохих татварыг төлдөг. Үүнээс чөлөөлж болно” гэлээ.
Галны оронуудад улсын дугаар олгодог тогтолцоо байхгүй юм байна. Замын хөдөлгөөнд оролцоход нь тодорхой хэмжээний эрх, урамшуулал олгодог аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )