Гарч байгаа гэмт хэргийн ихэнх хувийг архидан согтуурсан үедээ үйлдсэн байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээгээр хүнийг санаатай алах 63.2, танхайрах 54, хүчиндэх 52.5, бусдын бие махбодид гэмтэл учруулах 36 хувьтай гарчээ. Эдгээр гэмт хэргүүдийг 20.6 хувийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болохыг албаныхан тогтоожээ.
2012 оны эхний хагас жилд согтуугаар үйлдэгдсэн 2311 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс есөн хэргээр буюу 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт гарч буй гэмт хэргийн ихэнх хувь нь ажлын эхний өдөр буюу даваа гаригт үйлдэгддэг аж. Судалгаанаас цагийн байдлаар нь үзвэл, оройн 22.00-06.00 цагийн орчимд гэмт хэрэг үйлдэгддэг гэжээ. Мөн өдрийн 14.00-19.00 цагийн хооронд гэмт хэрэг гарах нь их байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нийгмийн байдлаар нь судалвал, ажилгүй иргэд өртөх нь их аж. Түүнчлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэмт хэрэгт холбогддог байна. 2012 оны эхний хагас жилд гэмт хэргийн халдлагад 10744 хүн өртжээ. Гэмт хэргийн улмаас 80 байгууллага өртөж, 500 гаруй иргэд амь насаа алдаж, 4260 хүн бэртэж гэмтсэн байна.
Дээрх тоон судалгаанаас харвал, хоногт улсын хэмжээнд 61, нийслэлд 35 гэмт хэрэг гардаг байна. Түүнчлэн хоногт гэмт хэргийн улмаас гурван хүн нас барж, 23 хүн гэмтэж бэртдэг аж. Мөн 22 гэмт хэрэг тутмаас нэг хүн нас барж, гурван гэмт хэрэг тутмаас нэг хүн гэмтэж, нэг гэмт хэрэг тутмаас 2.1 сая төгрөгийн хохирол учирдаг хэмээн тооцоолон гаргажээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )