Зөвшөөрөлгүй худалдаа хийвэл улсын орлого болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Жилийн жилд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд бие засах газартайгаа зэрэгцэн худалдаа наймаагаа хийдэг хэмээн наадамчин олон гомдол гаргадаг.  Харин энэ жилийн тухайд наадамчдаас гардаг дээрх гомдолыг арилгах үүднээс  нийт 2500 аж ахуй нэгжид  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ. Үүний 70-аад хувь нь нийтийн хоолны чиглэлээр буюу хуушуурын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл байгаа гэнэ. Хүй долоон худгийн зохион байгуулалтыг Сонгинхайрхан дүүргийн Үйлдвэр  үйлчилгээний хэлтэс хариуцан ажиллаж байгаа бол бусад нь төвийн таван дүүрэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйлчилгээг хариуцан ажиллах юм байна. Харин худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохдоо  “хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хэвшсэн, мэргэжлийн шинжилгээний бичигтэй, ажиллагсад нь үнэмлэхтэй байх” гэсэн шаардлагыг тавьжээ. Мөн баяр наадмаар гар дээрээс худалдаа эрхлүүлэхгүй байх тушаал гарчээ. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 200 гаруй байцаагч Төв цэнгэлдэх болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүй долоон худагт ажиллах юм байна.  Харин зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийсэн тохиолдолд эд зүйлийг нь хураан авч улсын орлого болгох шийдвэр гарчээ.   

Т.Ялгуун   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top