Наадмын орлого хаачдаг вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10



Дэнж хотойтол наадаж, дэлгэр зуныг баясгадаг баяр маань мөнгөний баяр болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Сураг сонсохнээ гадны жуулчид дотоодын наадамчдад худалдаалдаг наадмын тасалбарын орлого улсын биш хувийн, тэр дундаа ганцхан хүний халаасанд ордог бололтой. Баяр болох гэж байхад билиггүй зүйл ярих гэсэндээ биш. Зүгээр л хүмүүсийг баярлаж байх хооронд нөгөө талд өөр хүмүүс баяжиж байдагийг хэлэх нь зүйн хэрэг. Малынхаа махыг хүртэл ченжийн дамжлаганд оруулчихсан манай нийслэлд ер нь ченжээр дамжаагүй зүйл гэж огт үгүй. Жил жилийн наадмаар хүмүүс баярын нээлт үзэж чадаагүйдээ сэтгэл дундуур хоцордог. Аргагүй шүү дээ. Наадмын нээлтийн тасалбарыг хотын захиргаанд танилтай нэг нь бөөндөж аваад 100 мянгад хүргэж шагладаг болохоор амьдрал дундаж, мөнгө багатай иргэд ийнхүү жилд ганцхан болдог улсын баяр наадмын нээлт үзэх эрхээ мөнгөөр боомилуулдаг юм. Мэдээж ченжид олж өгсөн хотын захиргааны хүмүүс шаглаж зарсан билетнээс шаггүй ашиг хүртдэг юм гэсэн.

Нөгөө талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувь нь хувь хүний мэдэлд шилжиж, улсын өмчинд 49 хувь нь үлджээ. Энэ хувьчлалыг хүмүүс тэр болгон мэддэггүй боловч хувьчлах үйл явц тэртээ 1993 онд болсон юм билээ. Яг л нөгөө уул уурхайн гэрээ байгуулдаг шиг хувьд дийлэнхийг нь улсын мэдэлд багыг нь үлдээсэн гэсэн үг. Олон шатны шүүх дамжиж, асуудал маргаан үүсгэсэн Төв цэнгэлдэхийн хэрэг 2 жилийн өмнө эцэслэн шийдэгдэж хувийн хэвшилд 51 хувь хэвээрээ үлдсэн сонин шийдвэрийг шүүхээс зарласан байдаг. Наадмаар хүмүүст зарсан тасалбарын мөнгө болоод авто машины зөвшөөрлийн орлого 20 орчим сая төгрөг болдог тухай татварт, бусад албанд тайлагнасан байдаг юм билээ. Очсон машин, цугласан хүнийг харвал үүнээс их л байх магадлалтай. Учир нь сурвалжлага хийх сэтгүүлчид, гадны зурагчид л гэхэд бараг 5 орчим сая төгрөгийн мандат авдаг. Гэтэл нийт орлогын 51 хувийг хувь хүн авдаг гээд бодохоор нэг л биш, нэг тиймэрхүү мэдрэл муутай тогтолцоо яах аргагүй харагдаад байгаа юм. Хувь хүн гэхээр хэн Төв цэнгэлдэхийг бараг өөртөө эзэмшээд байна вэ гэсэн асуулт урган гарна.

Сэлэнгэ аймгийн улаан буудай тариалалтын талыг шахуу эзэмшдэг гэх Т.Нямдаваа гэгч тариаланч энэхүү 51 хувийг эзмшдэг илбэ шидтэй хүн гэнэ лээ. Үнэхээр сэргэлэн нөхөр хууль шүүхээр асуудлаа шийдүүлж 51 хувийг өөртөө авсан цэнгэлдэхээ наадмаас гадна өөр арга хэмжээнд түрээслэнэ, дээрээс нь нэмээд нийслэлийн татвар төлөгчдийн зардлаар жил бүр сэргээн засварлалт хийлгээд авчихна. Тэгсэн хир нь наадмын төсвөөс 3 хоногтоо тэгсгээд 20 орчим сая төгрөг халааслачихдаг аж. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ-д 5 нөхөр байдаг. Энэ 5 хүний 2 нь нийслэлийн ЗДТГ-аас томилогдсон хүмүүс байх ёстой ч өдгөөг хүртэл томилогдоогүй байна. Жил ирэх тусам цэнгэлдэхийн талбай танагдаж барилга сүндэрлэх болсон. Т.Нямдаваа захирал ТУЗ-ын 3 хүнтэйгээ хамтран эргэн тойрныхоо газруудаас наймаалаад байдаг юм биш байгаа гэсэн хардлага яалт ч үгүй төрнө. Ямартаа ч тун удахгүй бид баяр наадмаа ч тэмдэглэх эрхгүй хөөгдөж магадгүй нөхцөл байдал жил ирэх тусам даамжирсаар байгааг энэхүү мэдээллээрээ дуулгахыг зорилоо. Наадамд жил бүр засварын зардалтай нийлээд 200 орчим сая төгрөг төсөвлөдөг бол харин орлогынх нь талаас илүү хувь энэ бүхний эцэст хувийн өмч болж Т.Нямдаваагийн халаасанд ордог нь харамсалтай л юм. Ирэх жилийн наадмаар цэнгэлдэхийг маань худалдчихсан сууж мэдэх нөхөр гэнэ лээ.
П.Сүндэр (www.wikimon.mn)

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top