Сур харвааны хамгийн ахмад нь 89, бяцхан нь 6 настай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Сур харваа өнгөтэй сайхан болж байна. Ялангуяа залуу харваачид олноороо оролцож, ур чадвар нь өссөн. Энэ жилийн харваачдаас хамгийн ахмад нь 89 настай, МУ-ын гавьяат тамирчин, гарамгай мэргэн А.Цэвээн юм. Харин хамгийн бяцхан нь 6 настай Б.Баттүшиг. Тэрээр “Үй Ца” дунд сургуульд сурдаг. А.Цэвээн гуай 1972 оноос харваж эхэлсэн бол бяцхан Б.Баттүшиг сур харваад 3 жил болж байгаа юм билээ.

МУ-ын гавьяат тамирчин, гарамгай мэргэн А.Цэвээн: Залуу харваачид ярих юмгүй сайн байгаа


-Ахмад харваачийн хувьд энэ жилийн сур харвааны өнгийг хэрхэн харж байна вэ?

-Урьд 200 гаруй хүн харвадаг байсан. Одоо 300 гаруй харваач харваж байна. Манай сур харваа их сайн байгаа. Бэлтгэл, сургууль сайж хийж, олон залуучууд цэц мэргэнээ сорих болжээ. Оноо харваа нь сайн. Наадам сайхан болно л гэж бодож байна даа.

-Хэд дэх наадамдаа сум тавьж байна?

-Би 1972 оноос улсынхаа баяр наадамд тасралтгүй харваж байна. Одоо бараг 30, 40 жил болсон байх л даа. Гурав, дөрвөн удаа түрүүлж, долоо найман ч удаа дэд байрт шалгарч байлаа. Одоо 89 нас хүрчихээд сур харвана гээд л байж байна даа.

-Энэ жил та залуу харваачдыг хэр дасгалжуулав?

-Залуу харваачдад аль болох л өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг зааж өгөхийг хичээдэг.

-Манай харваачдын ур чадвар хэр байна вэ?

-Ур чадвар ярих юмгүй сайн. Залуу харваачдын оноо, харвааг нь харахад алдаатай харваа бага, онож байгаа нь их байгаа юм. Их л онож байвал сайн.

Б.Баттүшиг: Би өөрөөсөө ах хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа


- Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баттүшиг гэдэг, зургаан настай.

-Сур харваж сураад хэдэн жил болж байна вэ? Хүүхдийн сур харваанд хэдэн удаа оролцож байна?

- Гурав дахь жилдээ харваж байна. Өмнө нь нэг л удаа хүүхдийн харваанд оролцсон.

-Танай удамд сур харвадаг хүн байдаг уу?

-Байхгүй. Надад анх багш маань сур харвахыг зааж өгсөн.

-Багшийг нь хэн гэдэг вэ?

-Д.Бадамханд гэдэг.

-Бэлтгэл сургуулилтаа хэр хийсэн бэ?

-Лагер дээрээ хийсэн.

-Бэлтгэлээ хэдэн метрээс хийж байв. Одоо чиний зай холдоод байх шиг байна?

-24 метрээс хийж байсан. Одоо 35 метрээс харваж байна. Тэгээд надад жоохон хэцүү байна.

-Чамтай өрсөлдөхөөр хэр олон хүүхэд ирсэн байна вэ?

-Гурав.

-Өнөөдөр хэд харваснаас хэд оноод байна?
-Би зургаан настай. Гэхдээ найман настай хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа. Би өнөөдөр найм харваад, хоёр оносон.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top