Наадмын өдрүүдэд амьд хонь, ямааны хэрэгцээ нэмэгдэж, ийм төрлийн наймаа ч эрчимждэг. Жилийн жилд л хотын захын гэр хорооллуудаар хэдэн малаа зарж борлуулахаар тууж ирсэн малчдын хөл хөдөлгөөн ихэсдэг бол энэ жил энэ асуудлыг цэгцэлж 22-ын товчоо, Баянзүрхийн товчоонд төвлөрүүлэн худалдаалахаар болжээ. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаас дараах тодруулгыг авлаа.
-Энэ жилээс нийслэл хот дотор амьд мал зарж борлуулахыг хориглож төвлөрсөн хоёр цэгээс худалдаа явуулахаар болсон нь нэг талаас эрүүл ахуйн болоод бусад шаардлагад нийцэж байгаа ч нөгөө талаас иргэдийг чирэгдүүлэх асуудал үүсэх болов уу?
-Урьд жилүүдэд нийслэл хот дотор мал зарж борлуулах асуудал хавтгайрсан байсан. Хамгийн гол нь ариун цэврийн нөхцөл алдагдаж, янз бүрийн өвчин халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээ авах нь л чухал шүү дээ. Хоёр цэг дээр төвлөрүүлэн худалдаалахдаа мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, гарал үүслийн гэрчилгээгээ авсан, тодорхой шаардлагыг хангасан малыг борлуулах бүх талын арга хэмжээг авч байгаа. Тухайлбал малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хуулиар тухайн орон нутгаасаа мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй малыг л худалдаалах тухай зөвлөмжийг Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргасан. Хэрэв тийм бичиг баримтгүй бол хотын аль нэг цэг дээр худалдан борлуулах эрхзүйн орчин байхгүй л гэсэн үг.
-Гэр хорооллуудад мал оруулж ирж худалдаалж буй асуудал үндсэндээ байхгүй болсон уу?
-Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих юм. Мөн гарал үүслийн гэрчилгээтэй мал худалдаалж байна уу үгүй юу гэдэг дээр мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавиад ажиллаж байгаа. Манай зүгээс ч тодорхой шийдвэр гаргаж, шаардлага тавьж ажиллаж байгаа.
-Наадмын өдрүүдэд малын үнэ эрс нэмэгддэг. Энэ тал дээр зохицуулалт хийх боломж бий болов уу?
-Энэ байдалд лав манай зүгээс зохицуулалт хийх ямар ч боломж байхгүй.
-Өнгөрсөн жилийн тэгш ойнууд давхцсан наадмын үеэр малын эрүүл ахуйн тал дээр ямар шаардлага тавьж, ямар үр дүнд хүрсэн бэ?
- Өнгөрсөн жилийн тухайд Нийслэлийн Засаг даргаар батлуулсан эрүүл ахуйн талын зөвлөмж гаргаж, ялангуяа гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч ажилласан. Ингэж ажилласны дүнд өнгөрсөн жил гарсан адууны томуу өвчний тархалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгсөн гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил 5000 гаруй морь уралдана гэсэн тоо байсан. Эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажилласны дүнд 3000 гаруй морь уралдсан.

Сэтгэгдэл ( 0 )