Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11


 Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн  ой, Үндэсний их баяр наадмаар Монгол түмэн сайхан наадаж байна. Нар хур тэгширсэн энэ өдөр  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар сурын харвааны асарт зочлон эрхий мэргэн харваачиддаа баяр хүргээд, уламжлал ёсоор дөрвөн сум тавьж, цэц мэргэнээ сорилоо.

 Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Эрхэм хүндэт монголчууд аа, эрхэм хүндэт наадамчид аа!

Өнөөдөр монгол түмний хүсэн хүлээсэн улсын маань үндэсний их баяр наадам сайхан эхэлж байна. Энэ жил эзэн Чингис хааны маань мэндэлсний 850 жилийн тэгш ой тохиож байгаа. Саяхан монголчууд эрх чөлөөт гайхамшигтай сонголтоо хийж, Улсын Их Хурал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа бүрэлдүүлсэн. Удахгүй монгол түмний маань хараа Лондоны XXX олимп руу чиглэнэ ээ.

Ирэх жилүүд монголчуудын хувьд их бүтээн байгуулалтын, их аз жаргалтай сайн сайхан амьдралын олон ажил өрнөсөн  жилүүд болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

Зөвхөн Монгол Улсад төдийгүй хилийн чанадад газар газар маш олон монголчууд өнөөдөр наадмаа хийж байгаа. Тэр хүмүүстэй Монгол Улсынхаа нийслэлээс, “Сурын харвааны эрч хүчин” гэсэн энэ талбайгаас мэндчилж, сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх хөх тэнгэр минь миний ард түмнийг, миний эх орныг үүрд ивээн тэтгэж байх болтугай. Баярлалаа та бүхэнд ээ” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top