Дэнж хотойтол Монголын ард түмэн сайхан наадаж байна. Гэр бүлээрээ Монгол хувцсаар ижилссэн гэр бүл цөөнгүй байлаа. Ингээд наадамчдаас авсан сэтгэгдлийг хүргэе.
С.Буяннэмэх: Наадамчин олондоо цэвэр цэмцгэр сайхан наадацгаая гэж уриалж байна
- Сайхан наадамлацгааж байна уу?
- Сайхан наадаж байна.
- Энэ жилийн наадмын гол онцлог таны хувьд юу байна вэ?
- Би сая энэ төв цэнгэлдэх хүрээлэндээ орж ирээд энэ жилийн наадмын гол онцлог бол цэмцгэр наадам гэсэн уриатай болж байгааг мэдлээ. Мэдээж зөвхөн баяраар гэхгүй жирийн өдрүүдэд ч Монгол улс даяараа цэвэр цэмцгэр байгаасай гэж хүсч байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Тиймээс наадамчин олондоо цэвэр цэмцгэр сайхан наадацгаая гэж уриалж байна.
- Үндэний их баяр наадамдаа та хоёр хос дээлээр гангарсан нь маш сайхан харагдаж байна?
- Мэдээж үндэсний их баяр наадмаараа үндэсний дээл хувцасаараа гоёвол наадмын бас нэгэн чимэг болох юм болов уу гэж боддог. Бидний хувьд дээлээ өмсөх дуртай.
- Жил болгоны наадмаар дээлээрээ гоёдог уу?
- Тэгэлгүй яахав. Цаашид ч гоёно гэж бодож байгаа. Ард түмэндээ сайхан наадамлаарай гэж хэлье
М.Баярмаа: Энэ жилийн наадам зохион байгуулалттай болж байна
- Сайхан наадаж байна уу?
- Сайхан наадамлаж байна.
Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
- Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол маш их зохион байгуулалттай болж байна. Хур бороо тэгширсэн энэ жилийн наадамд наадамчин олон маань үнэхээр сэтгэл тэнэгэр сайхан наадаж байна.
- Таны дээл бусдаас содон их сайхан харагдаж байна?
- Манай охин дээлний маань зургийг гаргаж бид хоёр нийлж урласан дээл байгаа юм.
- Та үндэснийхээ дээлийг хэр их өмсдөг вэ?
- Маш их өмсдөг.Янз бүрийн загвартай дээл их олон бий. Жил болгоны цагаан сар, наадмаар шинэ дээл дандаа хийлгэж өмсдөг. Дээл өмсөхөд биенд эвтэйхан маш сайхан санагддаг.
Энэ жил баяр наадам сайхан болж байна. Монголынхоо ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье
С.Чонобилэгч:
- Сайхан наадамлаж байна уу?
- Сайхан наадамлаж байна.
- Энэ жил та хэрхэн наадаж байна вэ?
- Энэ жил Хүй долоон худагт морио уралдуулчихаад ирлээ. Би өөрөө зохиолч, яруу найрагч хүн.
- Уясан морины шандас хурдан уу?
- Тэгэлгүй яахав. Хурдан байлаа.
- Жил болгон та үндэсний сайхан дээл хувцасаараа гоёдог уу?
- Дэлхийд ганцхан байдаг Монгол түмний минь дээд тэнгэртэйгээ бурхантайгаа цэнгэдэг үндэсний баяр наадмаар мэдээж Монгол дээлээрээ гоёдог.
- Энэ жилийн наадмын гол онцлог таны хувьд юу байна вэ?
- Жил жилийн наадам л өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд нартай хуртай ёстой сайхан зун болж байна. Наадам дөхөөд ирсэн чинь бороо хур элбэгшээд сайхан байна.
- Яруу найрагч хүнтэй уулзаж байгаа болохоор өөрийн зохиосон шүлгээсээ наадамчин олондоо мэндчилгээ болгон уншиж өгөөч?
- Сайхан монгол наадам гэж шүлэгнээсээ уншиж өгье
Сайхан монгол гэргийн үзэсгэлэн гоо салхи инээмсэглүүлэн дэрвэхийг
Саруул талаар дүүлэн давхих мөнгөн дөрөөн чимээ сэтгэл догдлуулан ойртохыг
Сүрлэг асарын идэр бөхчүүд дээл бүсээ чангалж гуяа алгадахыг
Сурын уухай өргөн дэнжийг доргиосон
Суудал дээрээ монголчууд минь өндөлзөн байхыг
Сүү сэтгэл дотор минь цалгиад тэнгэр өөд цацрахыг
Монгол наадам гэдэг юм.
Монголчууд бид нар баярлах гэдэг юм.
- Баярлалаа. Сайхан наадамлаарай.
- За баярлалаа. Та бүхэн сайхан наадарай.
Д.Төгс
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )