Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын соёолон насны морьд барианд орж ирлээ. Газар газрын шандаст 273 үрээ бүртгүүлснээс түрүү магнайгаар 1123 дугаартай уралдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Түмэнбаярын хурдан халтар үрээ торгон жолоогоо өргүүлж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. Xалтар соёолонг Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат А.Батсүx уяж xурдлуулсан байна. Энэхүү хурдан буян нь Сүxбаатар аймгийн Дарьганга сумын Рагчаасүрэнгийн унаган адуу бөгөөд Дорноговь аймагт болсон бүсийн уралдаанд айралдаж байсан юм.
Энэ жилийн улсын баяр наадмын хурдан морьдын уралдааны зургаан түрүүний хоёрыг Өмнийн говьчууд авч одтой сайхан наадаж байна. Азарга насны морьдын түрүү магнайг Өмнөговь аймгийн харьяат УИХ-ын гишүүн, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Ембүү халзан” авсан билээ. Аман хүзүүнд 77 дугаартай Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хонгор үрээ давхилаа. Их насны морьдын уралдаанд Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн хол тасархай түрүүлсэн бол соёолон насанд түүний хонгор үрээ аман хүзүүдэж энэ жил бас одтой сайхан наадаж байна. Гуравт 383 дугаартай Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайгийн хүрэн үрээ, дөрөвт 547 дугаартай Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор үрээ дөрөвт, айргийн тавд 1055 дугаартай мордсон Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )