Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас Монголчууд бидний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгаль цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг.
Тиймээс дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү наадам энэ сарын 13-нд буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, Монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм.
Мөн Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинациар шалгаруулж шагнал гардуулах юм байна. Тухайлбал, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулна. Өвөрмөц шагналын сантай эл наадамд нийслэлийн удирдлагууд оролцох юм.
Дээлтэй Монгол наадмын дэлэгрэнгүй сурвалжлагыг маргааш та бүхэнд хүргэнэ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )